Тал тохой татаж, танил талаа ажилтай болгохын тулд аль нэг төрийн байгууллага, агентлаг, газрын "толгой”-г тасалдаг явдал гамшгийн биш юм гэхэд аюулгүй байдлын хэмжээнд яригдах төвшинд хүрчээ. Ажлаа мэддэг, юм боддог толгойнуудыг "тасалж”, оронд нь хоосон толгойтныг томилоод байвал улс орон өөдөө явах уу, хөгжих үү. Ямар ч тооцоо судалгаагүй, нам, танил харсан харалган дарга нарын гаргаж буй бодлого, шийдвэрүүд өнөөдөр хууль тогтоох байгууллагаасаа эхлээд ард түмний эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байгаа жишээ, баримт ч цөөнгүй. Ингэж "Толгойгүй улс” болгосны жишээ нь төрийн албанд нүүрлэсэн хууль бус халаа, сэлгээ юм. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд гурван шатны шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоохыг шийдвэрлэсэн 33 төрийн албан хаагч гудамжинд чулуу өшиглөж явна. Тэдний дунд яамны газрын дарга, мэргэжилтэн, агентлагийн дарга, дэд даргаар ажиллаж байсан олон хүн байна. Мөн олонх нь эмэгтэйчүүд байх юм.
Судалгаа түшвэл, 2014-2015 онд төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан, чөлөөлсөн тухай нийт 227 өргөдөл УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирж, нээлттэй сонсголоор танилцуулж байв. Тэгвэл, Дээд шүүх өнгөрсөн найман жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалсан баримт байна. 2005-2013 он хүртэл найман жилийн хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон 210 хүн байсан бол 2014-2015 онд хоёрхон жилийн дотор 227 болсны хооронд тэнгэр, газар шиг зөрүү байгаа биз. Ингэхдээ 20-30 хүнийг нэг дор олноор чөлөөлсөн явдал цөөнгүй давтагдсан нь Өргөдлийн байнгын хорооны тайланд дурдагдсан байна.
Сүүлийн хоёрхон жилийн дотор төрийн албан хаагчдыг ингэж олноор нь хоморголон халдаг болов. Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ "манаач”-ийн үүргээ гүйцэтгэж, хууль, тогтоомж зөрчиж байгааг сануулдаг ч төр, захиргааны байгууллагууд нь биелүүлдэггүй. Улстөржсөн томилгоонууд эцэстээ хэн нэгнийг албан тушаалд тавихдаа ТАЗ-өөр оруулахгүй, АТГ-аас ашиг сонирхлын мэдүүлэг авахгүй эрчээрээ явж байгаа жишээ, баримтууд ч цөөнгүй.
Тэр бүү хэл, жилийн дотор 3-4 албан тушаалд, ингэхдээ газар, хэлтсийн хооронд даргын суудлаас даргын суудалд шилжин "эрвээхэйчилсэн” этгээдүүд ч байгааг холбогдох газрууд тайландаа дөнгөж дурдаад өнгөрснөөс бус нэр цохолгүй орхиж баримтыг бүрхэгдүүлжээ. Түүний зэрэгцээ эдийн засгийн хямрал нүүрлэж, улс орон доройтсон, ард түмний амьдрал ядуурсан гэдэг. Гэтэл төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халж, оронд нь танил тал, нам нэгтнүүдээ томилсны гайгаар 2014 онд зургаан тэрбум, 2015 онд 2.3 тэрбум төгрөгийг нөхөн олговорт олгуулахаар улсын төсөвт суулгуулсныг АТГ хянасан ч "Ийм байна” гээд мөн л тайландаа дурдаад өнгөрснөөс бус хариуцлагын асуудал ярьсангүй. Тэр байтугай төрийн албанд томилогдох хүнд АТГ "виз” өгдөг атлаа ажлаасаа хууль бусаар халагдахад нь шалтгааныг судалж үзэлгүй загас мэт дуугүй өнгөрүүлдэг нь сонин.
Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим ийнхүү алдагдсаар байна. Төрд алба хашиж буй албан хаагчид төрийн толгой, нүд, чих болж ажиллах учиртай, үүний төлөө тангараг өргөдөг. Монголчууд "Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг. Тэгвэл төрийн мэргэшсэн албан хаагчдыг сонгуулиас сонгуулийн хооронд ширээний алчуур шиг сэлгэж, оронд нь ямар ч мэдлэг, боловсролгүй танил талын хүнээ томилоод байгаа "Толгойгүй улс” улам л уруугаа явах бус уу.
2005-2013 оны хоорондох найман жилийн хугацаанд 308-2010 хүн ажлаас үндэслэлгүй халагдсан бол 2014-2015 онд буюу сүүлийн хоёрхон жил 227 төрийн албан хаагч ажлаас үндэслэлгүй халагджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин