|

МАН сонгуулд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

saikhnaa 2016/04/28 420 0

МАН сонгуулд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

Монгол Улсын Их Хурлын  болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн албан ёсны хүсэлтийг СЕХ хүлээн авч байна. Хуулийн дагуу энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт болон мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өгөх ёстой.

Харин МАН-ын М.Энхболд тэргүүтэй удирдлагууд 2016 оны сонгуульд оролцохоо хүсэлтээ албан ёсоор илэрхийлж өргөдлөө өнөөдөр СЕХ-нд өглөө.

МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр "МАН УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгсөн билээ. 

Аудитын дүгнэлтэд тусгасан асуудлыг өчигдөр намынхаа Удирдах зөвлөлийн төвшинд хэлэлцэж эцсийн байдлаар энэ сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө гаргалаа. Намынхаа Бага хурлын гаргасан шийдвэрийн дагуу МАН энэ удаагийн сонгуульд аль нэг намтай эвсэхгүйгээр дангаараа оролцохоор боллоо.

Та бүхэн бидний өргөдлийг хүлээн авч, сонгуульд оролцох эрхийг нээж өгнө гэж итгэж байна. Бид бусад улс төрийн хүчин болон бие даагчидтай адил тэнцүү өрсөлдөнө. Монгол төрийн ажилд анхаарлаа тавьж ажиллана гэж итгэж байна” хэмээв.

Сонгуулийн ерөнхий хороо  энэ бямба, ням гаригт ажиллаж, намуудын мөрийн хөтөлбөрийг хянах юм байна. Уг ажлын дараа буюу ирэх долоо хоногоос намуудад батламж гардуулах аж.

Д.Тамир

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top