|

ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ ДАРАНГУЙЛЛААС ИЛҮҮ ХОРТОЙ

saikhnaa 2016/05/11 1093 0

ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ ДАРАНГУЙЛЛААС ИЛҮҮ ХОРТОЙ

 

Сонгуулийн тухай хуульд Сонгуулийн Ерөнхий Хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг хамтран батлахаар заасан байгаа. Энэ дагуу  "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг батласан байна. Журмаар холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд олон нийтийн радио, телевиз болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах аж. Энэхүү журмын хавсралтаар Улаанбаатар хот, орон нутагт сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх олон нийтийн радио телевиз, өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан байна. Үүнд зөвхөн агаарын 18 сувгийг оруулжээ.

Ингэснээр  кабелийн телевизүүдэд УИХ-ын 2016 оны сонгууль огт хамаагүй болчихож байгаа юм.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиогоод хэдхэн хоног өнгөрч байна. Үүнтэй зэрэгцэн Монголын сэтгүүлзүй чөлөөт, хараат бус байж чадаж байна уу, үгүй юу, гэх энэ асуултад Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран гаргасан дээрх шийдвэр хариулт өгнө. Юун хэвлэлийн эрх чөлөө.

Аливаа сонгуулийн үеэр ард олонд сурталчилгаа хийдэг ганц зэвсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Гэтэл кабелийн сувгуудад хаалт хийж байна. Шалтгаан нь юу вэ. Сонгуулийн өмнө олонд түгэх элдэв хар, цагаан PR-аас хэн айв.
Угтаа ардчиллын салхиар агаар амьсгалсан чөлөөт хэвлэл АН-ыг олонх болсон энэ дөрвөн жилд жинхэнэ утгаараа хөгжих байлаа. Гэвч хүний хэлэх эрх чөлөөг тунхагласан ардчилал гэдэг үг Монгол хэлний үгсийн сангаас арчигдаж байгаа дүр зураг хөвөрсөөр байна. "Шинэчлэлийн” гэх Засгийн газрын шинэчлэлийн бодлогын буянаар кабелийн есөн телевиз эфирээ хааж, арав гаруй вэбсайт хаагдсан гашуун түүх бий.

 "Шийдлийн” хэмээх сайхан тодотголтой засаг нь ч энэ удаад кабелийн сувгаар нэвтрүүлгээ цацдаг телевизүүдийг боомилчихов. Сэтгүүлчдийг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаг "Хоточ ноход” гэдэгсэн биш билүү. Сэтгүүлзүй бол ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болж, төр засгийн бүх үйл ажиллагааг түмэн олны нүдэн дээр тод байлгах үүрэгтэй гэдэгсэн биш билүү. Гэвч эрхэм ардчилагч та бүхний ачаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна.

Ардчилсан нам олонх болсон он жилүүдэд хэвлэлийн салбарт хаалт хориг ихдэж хамгаалалт дутагдаж байна. Хагас эрх чөлөөт сэтгүүлчдэд хуулиар баталгаажсан эрх байхгүйн улмаас хаалт хоригийг сэтлэх боломжгүй болж байна. Тэд бүгдийг хаахыг хүсч, бас дахин хаалт хийхийг зорьж байна. Манай улс түүхэндээ анх удаа сэтгүүлч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын танхимд олон сэтгүүлчидтэй хирнээ ХМХ-ийг хамгийн ихээр боомилж, хаалт хийж байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top