|

Жаргалант сумаас Сяньбийн үеийн долоон дурсгал малтан судалжээ

saikhnaa 2016/05/12 2564 0

Жаргалант сумаас Сяньбийн үеийн долоон дурсгал малтан судалжээ

 

Монголын Үндэсний Музейн судлаачид Орхон аймгийн ЗДТГ, Боловсрол, соёлын газар, Орхон аймгийн музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус аймгийн нутаг дахь эртний түүх, соёлын өвийн судалгааг хамтран хийж байгаа ажээ. Судлаачдын баг Орхон аймгийн Жаргалант сумын "Айрагийн гозгор” хэмээх газарт орших эртний оршуулгын газрыг 2014 оноос малтан судалж эхэлсэн байна. Нарийвчилсан хайгуулын явцад тус оршуулгын газарт 97 дурсгалыг бүртгэжээ. "Айрагийн гозгор”-т буй дурсгалууд нь хоёр үндсэн хэлбэртэй. Үүнд: нэгд, үүдэвч бүхий дөрвөлжин чулуун өрлөгтэй овгор булшууд, хоёрт, цагирган дараастай жижиг булшууд байжээ.

Судлаачид 2015 оны 8 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 20-ныг хүртэл нийт долоон дурсгал малтан судалсанаас 2 (АГ9, АГ11) нь зүүн талдаа үүдэвчтэй, дөрвөлжин хэлбэрийн чулуун өрлөгтэй, 5 (АГ95, АГ51, АГ81, АГ67, АГ44) нь цагираг хэлбэрийн чулуун дараастай булш байсан аж.

Малтлагаар хөмөгт оршуулга гурав илэрсэн нь АГ11, АГ9, АГ44–р булшууд юм байна. Тэдгээрээс АГ11, АГ9 нь үүдэвч бүхий дөрвөлжин чулуун өрлөгтэй том булшууд, АГ44 нь цагираг хэлбэрийн чулуун дараастай жижиг булш ажээ. Хоёр хөмөгт булш нь үүдэвчний дагуу чигт хөмөгтэй, харин АГ44-р булшны хөмгийг их биеийн хажуу талаас хөндийлөн үйлдсэн. Хөмгийн амыг хавтгай чулуугаар даруулж хаажээ.

"Айрагийн гозгор”-ын оршуулгаас илэрсэн тэдгээр хөмөгт булшууд Монгол улсад судалсан ойролцоо цаг үеийн булшны малтлагаар тэр бүр илрэхгүй байгаа нь тус оршуулгын газрын өвөрмөц онцлог, гол ялгагдах шинж тэмдэг болж буй юм байна.

"Айрагийн гозгор”-ын үүдэвч бүхий дөрвөлжин чулуун хашлагатай дурсгалуудын гадуураа ус зайлуулах суваг татсан байдаг. Судлаачдын малтсан АГ9, АГ11-р булшны гадуур мөн ус зайлуулах суваг үйлдсэн байжээ. АГ11-р булшны үүдэвч тэгш налуу хэлбэртэй, малтлагаар тэрэгний эвдэрхий модон эд анги хэд хэд гарснаас үзвэл олон хигээс бүхий бул зэрэг зүйл байсан нь тодорхой мэдэгдэж байсан аж.

2015 онд дээрх судлаачдын малтан судалсан бүхий л булш эрт цагт тоногдсоны улмаас оршуулгын зан үйлийг тодруулахад хүндрэлтэй болгожээ. Булш бүрийн голд их бага хэмжээний хонхор байгаа нь эрт үед толгой дараалан тоносныг илтгэхээс гадна их хэмжээний үнэт эд өлгийн зүйл дагалдуулсан байх бололцоотойг харуулжээ. Судлаачдын төсөөллөөр, нас барсан хүнийг тэнэгэр байдлаар, гэдрэг харуулан, толгойгоор нь голдуу баруун хойт зүгт хандуулан тавьсан байсан аж.

"Айрагийн гозгор”-ын хөмөгт оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс харьцангуй сайн хадгалагджээ. Оршуулгаас гарсан зарим банзан авсны хадгалалт сайн тул тэдгээрийн хийц, хэлбэрийг тодорхойлох бүрэн бололцоотой төдийгүй заримынх нь торгон доторлогоо хадгалагдан үлджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top