Сонгууль ойртож улам бүр эрчээ авсаар байна. Улс төрийн сонгууль гэдэг босго өндөртэй, баргийн аавын хүү, ээжийн охин нэрээ сойгоод байдаг зүйл биш.
Чухамхүү ард түмнийг төлөөлж чадах, тэдний төлөө ажиллаж чадах, иргэдийн итгэл хүндлэлийг хүлээсэн тийм хүн тэрхүү босгыг давж түмний төлөөлөл болох учиртай. Гэвч удахгүй болох энэ удаагийн сонгууль хэтэрхий үнэ цэнэгүй, амар босготой мэт харагдах боллоо.
Учир нь энэ өдрүүдэд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэр эхнээсээ ил болоод байгаа.
Улмаар улс төрийн томоохон хүчин АН, МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорч эхлэсэн бол мөн бие даан нэр дэвших хүмүүсийн нэрс ч ил болов. Үүнээс бие даан нэр дэших хүмүүсийн нэрс анхаарал татаж, олны нүдийг орой дээр нь гаргах шиг боллоо.
Учир гэвэл нөгөө босго өндөртэй, нэр төртэй сонгууль гээч зүйлд ард түмний төлөөл битгий хэл сонирхолтой, содон гэмээр хүмүүс нэр цохиж явна. Уг нь ч сонгогдох, сонгох нь иргэн хүний эрх. Гэвч жаахан хатуухан хэлэхэд "арай л” гэмээр хүмүүс улс төрийн сонгуульд нэр дэвших гэж байгаа нь өнөө л сонгууль гэгч зүйлийн үнэ цэний талаар нэгийг бодогдуулна.
Нэрс нь зарлагдсан бие даах нэр дэвшигчдийн дунд урлаг соёл, уяач, сэтгүүлч, бизнес, шашин гээд элдэв төрөл жанарын хүмүүс багтаж.
Тухайлбал, нийтдээ 66 бие даан нэр дэвшигч байгаагийн дотор Ахмадын холбооны Г.Баасан, Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар, "Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, ХҮН-ын дарга С.Боргил зэрэг улстөрчид оржээ.
Харин дээр дурдсан төрөл жанарт нь дуучин Нара буюу Б.Нарантуяа, Монголын зөн билэгч гэгддэг "Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа, 42 хэлээр төвөггүйхэн ярьдаг гэх Б.Ариунболд буюу Арго, Монгол улсын тод магнай уяач Дамбын Хишигжаргал, сэтгүүлч Т.Алтаншагай, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа зэрэг олны танил хүмүүс багтсан байх юм.
Үүнээс харахад энэ удаагийн сонгууль сонирхолтой болох бололтой.
Арго, Нара, Саран нарыг дэмжих иргэд хэд бий бол доо. Ах дүү хамаатан садан нь тэднийг уухайлан дэмжих ч ард түмэн арай ч сонгоод гаргаад ирчихгүй байлгүй. Арчигдана гэдгээ тэд эрх биш мэдэж бий байлгүй.
Алагчилж та нарыг онцлоогүй юм шүү. Ард түмнээ төлөөлж чадах уу л гэж цухуйлгасан юм. Эцэст нь давтан хэлэхэд сонгогдох, сонгох нь иргэн хүний эрх. Хэнийг сонгох нь таны л хэрэг.
Ингээд бие даан нэр дэвшигчдийг товчоор танилцуулья.
Дуучин Нара буюу М.Нарантуяа
Дуучин гэх цол гуншинтай ч дуулахаасаа илүү нүцгэн шалдан зураг, хувийн амьдарлын талаараа олны нүдэнд ил байдаг. Хэдэн сарын өмнөөс сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан Нара нэг хэсэгтээ хэвлэлийн гол сэдэв болсон.Ямартай ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд БГД –ээс нэр дэвших нь тодорхой болсон М.Нарантуяа 76 дотор сууж харагдвал, гоо үзэсгэлэн секси байдлаараа эрс ялгарч парламентийг чимэх болов уу.
Далдын хүчтэй Б.Сарандаваа
"Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа гайхалтай далдын хүчтэй нэгэн. Монголын зөн билэгч гэгддэг түүнийг хэтэвчээрээ хэд даллаад л мөнгө дуудчихдаг ид шидтэй гэдэг. Хувийн менежмент сайтай түүний лекц, цуглаан танхим дүүрэн үзэгчидтэй байдаг. Гэхдээ түүнийг ард түмний ядарсан байдал дээр дөрөөлж тоглолт хийлээ хэмээн шүүмлэх иргэд цөөнгүй байдаг. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн хэвлэлээр бичигдэж буй Сарандаваа далд авьяасаа ашиглаж, далладаг зүйлээрээ сонгогчдыг хэд даллаад гараад ирэхийг үгүйсгэхгүй.
Хэлний мастер Б.Арго буюу Ариунболд
Арго багш гэдгээрээ олонд танигдсан Б.Ариунболд хэзээний адтай нэгэн. Сүүлийн үед өөрийн бие даасан хэд хэдэн уран бүтээлийг гаргаж сонсогчдын чихийг сонордуулсан. Түүний уран бүтээлд "үзэг”, "пен”, "шидэт үлгэр” гэхчлэн нийгэм улс төрийг шүүмжилсэн содон дуунуу багтаад байгаа. Тэгвэл багш гэхээсээ илүү дуучин болсон Арго улс төрч болохоор эрс шийдсэн бололтой. Тэрбээр УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр хувийн бэлтгэлээ базааж эхлээд байгаа сурагтай.
Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
Сүүлийн үед сураг нь тасраад байсан Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан энэ удаагийн сонгуульд БЗД, Налайхаас бие даан нэр дэвшихээр болжээ. Үеийнхэн дундаа шаггүй хөдөлгөөнтэй түүнийг ахмадуудаа төлөөлөн улс төрд яагаад сууж болохгүй гэж хэмээн дэмжих хүмүүс цөөнгүй байгаа гэсэн шүү. Ялангуяа ахмадууд Г.Баасан гуайг дуу нэгтэйгээр дэмжиж байгаа сурагтай. Түүнийг их сургуулийн оройн ангид сурч диплом өвөртөлснийг мэдэх бизээ. Улс төрд орох гээд эртнээс зэхэж байсныг хэн мэдэх билээ.
"Оймс” Л.Наранбаатар
Дарханы Ардчилсан намын дарга асан Л.Наранбаатар. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард болсонЭдийн засгийн форумын үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга руу оймс шидэж, танхайрсан удаатай. Үүнийхээ шанд нэр дэвших эрхээ хасуулсан бололтой. Тийм учраас Дарханд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрээр уул уурхайн чиглэлээр зохион байгуулагддагМеталлс Монголиа, Коал Монголиа зэрэг олон улсын чуулга уулзалтуудыг санаачлан, зохион байгуулагчдын нэг.Эдийн засагч, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн бизнестэй.
С.Ганбаатарын дүү Сайнхүүгийн Гантуяа
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа. Тэрээрахынхаа хамтаар Оюутолгойн эсрэг тэмцэлд нэгдэж, тус компанийн эсрэг шүүхдэлцэж байсан.Мөн "Оюутолгой дахь Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн талаар байр сууриа илэрхийлж, хүчтэй шүүмжилж эхлэх үед тус компанид ажилладаг байсан түүний дүү болох С.Гантуяа халагдсан гэдэг. Ийнхүү тэрээр үндэслэлгүй ажлаас халагдсан хэмээн заргалдаж, заргаа авч чадсан билээ. Мөн тэрээр өнгөрсөн хугацаандОюутолгойн удирдлагууд монгол ажилчидтай ёс зүйгүй харилцдаг, бага цалинтай, ялгаварлан гадуурхаж харьцдаггэх зэрэг олон баримтыг олон нйитэд дэлгэж байсан.
Дамбын Хишгээ буюу Д.Хишигжаргал
Олноо Дамбын Хишгээ нэрээр дуудагддаг орчин цагийн шилийн сайн эр Д.Хишигжаргалыг улс төр, бизнес, эрүүгийн элементийнхэн андахгүй. Түүнийг Монголын бизнесийн ертөнцөөс авахуулаад урлагийнхныг хүртэл чичрүүлдэг гэх мэтийн бүдэг бадаг төсөөлөл бидэнд бий. Монгол улсын тод магнай уяач тэрбээр хурдан морь уралдуулж улс аймгийн наадамд шаггүй амжилт үзүүлээд байгаа. Мөн "Моодуун хаан” гэх группыг байгуулж, малын эм тариа, уул уурхай, барилга гэх хэд хэдэн салбарт хүч үзэж яваа. Тэрбээр энэ удаагийн сонгуулийн бие даан нэр дэшигчдийн содон хүмүүсийн нэг нь Д. Хишигжарлгал байлаа. Улмаар төрсөн нутаг Булган аймгаасаа бие даан нэр дэвшихээр болжээ.
Эх сурвалж: Bolod.mn У.Сайхан