Татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг хууль бус албан тушаалтнуудад нээж өгөөд явжээ. Уг нь"Үргэх мориор эсгий бүү татуул” гэсэн уугуул монгол үг бий. Гэтэл одоогийн байдлаар төрийн албанд түр орлон гүйцэтгэгчээр дөрвөн мянга гаруй хүн ажиллаж байна. Тэдний тал орчим хувь нь гурван жил түр орлон гүйцэтгэгч гэдэг нэрийн дор төрөөс цалин авч ажиллажээ. Түр суугаа энэ дөрвөн мянган хүнд хорооны Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчтэй ижил хэмжээтэй цалин олгодог гэж тооцвол сардаа 1.5 тэрбум төгрөгөөр тэтгэдэг байх нь. Харин төрийн захиргааны албан хаагчийн хамгийн бага цалингаар тооцвол 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Гэвч Эрүүл мэндийн сайдаас эхлээд хэд хэдэн томоохон агентлаг, 13 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, бүх яам агентлагийн дэд дарга, нэгж, газар, хэлтсийн дарга нар түр орлон гүйцэтгэгч гэсэн тодотголтой ажиллаж байна. Мэдээж тэдний цалин төрийн үйлчилгээний ажилч-дын цалинг хоёр нугалах хэмжээнд хүрнэ. Ингэж тооцвол хоноцын сэтгэлээр төрийн албанд түр"саатсан” хүмүүсийн халаасанд сар бүр гурван тэрбум төгрөг чихдэг гэсэн үг.
Уг нь, төрийн албаны шалгалтад тэнцэж байж татвар төлөгчийн мөнгийг захиран зарцуулах эрх нээгдэх учиртай. Ийм байтал олон мянган иргэнийг улс төрийн нам гэдэг ганцхан цонхоор шагайн, хууль бусаар ажлаас нь халж, оронд нь "Төрлийн алба” бий болгон татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулах эрхийг хууль бусаар нээж өгчээ. Үнэндээ энэ бол шинэ үзэгдэл биш юм. 2013 онд төрийн жинхэнэ албаны удирдах 4000 орчим албан хаагчийн 80 гаруй хувь нь түр орлон гүйцэтгэгч нэртэйгээр ажиллаж байв. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн өм чийн хороо, Стандартчилал, хэм жил зүйн газар, есөн аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр "тавьж” байлаа. Өдгөө ч энэ байдал төдийлөн дээрдсэнгүй.
Харин ч эсрэгээрээ байж, цэцэрлэгийн эрхлэгчийг хүртэл "түр” суулгаад гурван жил гаруй хугацааг үдсэн байна. Гэтэл энэ бүх хууль бус үйлдлийн ард ажлаас халагдсан гэх гомдол тээсэн 300 албан хаагч бий. Тоон мэдээнээс харвал төрийн албанаас жилд дунджаар 1520 мянган хүн чөлөөлөгддөг байх юм. Энэ хэрээр "Төрийн алба цомхон, чадварлаг болжээ” гэж уншигч авхай та эндүүрч болохгүй. Үнэн хэрэгтээсүүлийн ганцхан жилийн дотор төрийн 2800 албан хаагч нэмэгдсэн байна.
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ЯАГААД ХУУЛЬ БУС ВЭ
Засгийн газраас баталсан 26 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу томилогдсон түр орлон гүйцэтгэгч нарын томилгоо нь хууль бус гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргасан байх юм. "Цэцийн дээр хөх тэнгэр бий” гэдэг агуулгаар хандвал одоо байгаа дөрвөн мянган түр орлон гүйцэтгэгч хууль бус байдлаар татвар төлөгчдийн мөнгийг сар бүр олон тэрбумаар дундалж буй. Энэ талаар Төрийн албаны зөвлөл "Түр томилгоо хийгээд удаажбайгааг хууль зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газарт энэ байр сууриа илэрхийлсэн. Дөрвөн ч удаа шаардлага хүргүүлсэн. Эхний шаардлагын хариуд Засгийн газар "Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтын захиалгыг удахгүй хүргүүлнэ” гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш олон сарын хугацаа өнгөрөхөд нэг ч сонгон шалгаруулалтын захиалга ирүүлсэнгүй” хэмээн мэдэгдэж байв.
Иймээс Засгийн газрын 26 тоот тушаалаар буюу хууль бус түр орлон гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрүүд, тэр дундаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас нь халсан шийдвэрүүд нь эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Хуулийн талаас нь авч үзвэл Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэж бий. УИХ аас баталсан энэ журмын дагуу сул орон тоо гармагц орон тоог нөхөх захиалгаа ирүүлж, Төрийн албаны зөвлөл ийм журмаар сонгон шалгаруулалт явуулна гэсэн дүрэм нь ч маш тодорхой. Үндсэндээ хууль, тогтоол хоёр нийлээд хууль тогтоомж гэдэг ойлголтыг бүрдүүлдэг. Тиймээс өнгөрсөн хугацаанд Засгийн газар хууль тогтоомж биелүүлээгүй болж таарч байна. Уг нь, Төрийн албаны тухай хууль, төрийн захиргааны тухай онолд "Багаар ажиллана” гэдэг ойлголт бий.
Харин үүнийг өнөөгийн Засгийн газар "Аль нэг байгууллагын дарга солигдоход өөрийнхөө гарын хийгээд гарцаагүй дэмжин ажиллах хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлнэ” хэмээн ойлгодог болсноос хамаг хууль бус зүйл эхэлжээ. Үүнийг ч дор дурдах ганцхан жишээгээр нотолж болохоор байгаа. Учир нь, 2008 онд УИХ түр томилгооны тухай хэлэлцэх үеэрээ "үүрэг гүйцэтгэгч” гэдгийг бүрмөсөн болиулаад "Хэрвээ төрийн албанд сул орон тоо гарсан бол орон тоог нөхөгдөх хүртэл төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болно” гэсэн заалт оруулсан. Энэ нь төрийн албаа хаагаад явж байгаа, тухайн байгууллагадаа ажиллаж буйнэр хүндтэй хүнээр түр орлон гүйцэтгүүлнэ гэсэн үг. Цөөн үгээр хэлбэл, дурын хэн нэгнийг төрөөс цалин өгч ажиллуулахыг 2008 оны хуулиар бүрмөсөн зогсоосон. Ийм байтал төрлийн шугамаар дөрвөн мянган хүн цалинжуулж байгаа нь түр орлон гүйцэтгүүлэх биш бие даасан түр томилгоо болчихож байгааг ч мэргэжлийн хуульчид хэлдэг. Тэд "Хуульд түр томилгоо гэдэг ойлголт хэдийнэ байхгүй болсон” гэсэн ганцхан хариултыг өгч байна.
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ "ТҮР” АЛБАН ТУШААЛТНУУД ХИЙЖЭЭ
Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгч ажиллах хугацааг зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, сул орон тоо гарсны дараа 45 хоногийн дотор албан тушаалыг нөхсөн байна гэдэг заалт оруулсан байна. Одоогоор энэ хуулийн төслийгхэлэлцэх эсэхийг шийдэх шатандаа явж байгаа юм. Харин бодит байдал дээр гурван жил гаруй хугацаанд түр орлон гүйцэтгэгч хийж буй жишээ ч байна. Чухамдаа энэ байдлыг түр албан тушаалтай хүмүүс сэдсэн байх юм. Тодруулбал, АНын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нар одоо хүртэл намдаа түр орлон гүйцэтгэгч. Учир нь, тэдний энэ албан тушаалыг АНын ҮЗХны хурлаар жинхлэх ёстой юм билээ. Өөрөөр хэлбэл, АНын дарга ч тэр, Ерөнхий нарийн бичгийн дарга нь чодоо хүртэл мөн л түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэсэн үг юм.
Д.Ганбаатар