|

С.Баярцогт дахиад тоосоо гөвүүлж эхэллээ, лайтай…

tonshuul 2015/02/09 1297 15

С.Баярцогт дахиад тоосоо гөвүүлж эхэллээ, лайтай…

 

С.Баярцогт дахиад тоосоо гөвүүлж эхэллээ, лайтай…

 

С.Баярцогтыг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд тэнцэхгүй нь  хэмээн Г.Уянга, Ц.Даваасүрэн нарын таван гишүүн огцруулахыг шаардав.Тэдний мэдэгдлээс харахад С.Баярцогт  дахиад л биднийгээ хулхидаж орхиж. Золигийн эр. Хаширдаггүй ээ. Саяхан л өнөөх оффшор данс, Оюу толгойн гэрээний эдийн засгийн тооцоонд ашигласан гэх 20 мянган хувьсагчийнхаа талаар ард түмнээсээ уучлалт гуйж, маниустаа мөргөх нь холгүй намбиганаж суусансан.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос оффшор буюу эзэн нь ил бус, тухайн улсдаа татвар төлдөггүй компани, тэдгээрийн эздийг илчлэх талаар байнга эрэл хайгуул хийдэг. Татвар төлдөггүй, хэлбэр төрхөө өөрчилсөн ийм компаниудыг улс төрчид  ашиглах нь элбэг тохиолддог тул эрэн сурвалжлагчид энэ ажлаа нэлээд нарийн зохион байгуулдаг юм. Тэдний эрлийн явцад С.Баярцогтын нэр дээр бүртгэлтэй, Швейцарийн банкинд 1 сая долларын орлого буүхий данстай Beijing plus capital limited компани илэрсэнийг уншигчид санаж байгаа байх.

Гарцаагүй баримт олж авсан олон улсын сэтгүүлчид тухайн үед "…Монголын Сангийн сайд асан С.Баярцогтын нууц данс илэрсэн учраас албан тушаалаас огцрох магадлалтай” гэж түүний тоосыг гөвж байлаа. Удалгүй С.Баярцогт УИХ-ын дэд даргын суудлаас огцорсон. Энэ бол хоёрхон жилийн өмнө болсон  үйл явдал.

Иргэний байгууллагууд харин С.Баярцогтыг Авлигатай тэмцэх газраас шалгуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байлаа. 2013 оны 5 дугаар сарын 1-нд "Олон нийт-Иргэний хяналт”, "Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” зэрэг төрийн бус байгууллагаас АТГ-т илгээсэн бичигтээ "Гадаад данстай холбогдох гурван найз гэдэг нь аль улсын хэн хэн гэгч иргэд болох”, "Уг дансны гүйлгээг нарийвчлан судалж тогтоох” зэрэг арваад шаардлага тавьж, "Эрүүгийн ноцтой үйлдэл” хэмээн үзэж, шударгаар шалгаж шийдвэрлэхийг хүссэн байлаа. Гэвч энэ асуудлыг нь эрүү үүсгэн шалгаагүй юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн У.Даваасүрэн, Л.Цог, С.Ганбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишүүдийн огцруулах шаардлагад нэлээд ноцтой зүйл хөндөгдсөн байна. 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий "Эрдэнэс Оюу толгой” компанид хуулийн  зөвлөлгөө авах нэрийдлээр гэр бүлийн хоёр гишүүнтэй Америкийн компанид 17.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох бичиг  ил болжээ. Америкийн Painter Law Firm хэмээх уг компанид олгох энэ мөнгийг С.Баярцогт 2015 оны төсөвт  тусгуулсан байв. Ингээд урьдчилгаа төлбөрт нь 455 сая төгрөг шилжүүлжээ. Түүний энэхүү үйлдэл нь төсвийн хөрөнгийг шамшигдуулж, зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулсан гэж тэд үзсэн тул С.Баярцогтыг огцоруулахыг шаардаж буй аж.

Лайтай юм. Үнэхээр "Эрдэнэс Оюу толгой”-д хуулийн зөвлөгөө авах  үйлчилгээ  үзүүлэхэд заавал Америкийнийм хоёрхон компанийг урих шаардлагатай гэж үү. За яая гэхэв. Тийм шаардлага гарлаа гэхэд Монголын улсын сайд М.Энхсайхан Оюу толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах мега төслийн удирдагчийн хувьд юу хийж суув. Өмнүүр нь С.Баярцогт ингэж гүйгээд байгаа хэрэг үү. М.Энхсайхан "Мега төслүүд ил тод бус бол урагшаа явахгүй” гэж байсан. "Эрдэнэс Оюу толгой”-д хуулийн зөвлөлгөө үзүүлэх үйлчилгээ нь түүний мега төслийн хүрээний нэг жижигхэн  ажил баймаар юм. Гэтэл М.Энхсайхан энэ талаар юу ч хэлсэнгүй. Харин хэд хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчийн асуултанд хариулахдаа "М.Энхсайхан үгэнд орохгүй бол огцруулна” гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Энэ бүгдээс анзаарахад мөнгөний урсгалыг залж, өөрсдийн  бүлэглэлд ашигтай хувилбар сонгож, түүнийгээ амжуулахын төлөө улайрсан хүмүүсийн дүр зураг тодроод байх шиг. Юутай ч С.Баярцогт дахиад ташуурдуулж, тосоо гөвүүлж  эхэллээ. Удахгүй болох цагаан сарын буузных нь хачир болж хүмүүст хүрч байна, энэ сэдэв.   Яаж төгсөхийг одоогоор таашгүй.

Б.Отгонбаяр Эх сурвалж: Түмэн.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top