|

Парламентын сүүлчийн “пауз”

saikhnaa 2016/05/25 571 0

Улс төрийн үйл явц өдрөөр бус цагаар өөрчлөгдөж байна. Сонгуулийн жил чуулган хугацаанаанаасаа сарын өмнө завсарлага авдаг. Тэр хугацаа ирэх сарын 31-нд товлогдсон байлаа. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд чуулганы завсарлах хугацааг долоо хоногийн өмнө нааш сунган "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан УИХ-ын чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулах”  захирамж гаргав.

 

Уг нь парламентад завсарлага авахаасаа өмнө шийдвэрлэх асуудал шил даран хүлээгдэж байсан. Зөвхөн энэ долоо хоногийн хуралдаанаар 30 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр байлаа. Хууль, тогтоолын төслийг хойш тавьж, дараагийн парламентад үлдээе гэж бодоход цаг үеийн хэд хэдэн асуудал шийдвэрлэгдэлгүй орхигдож байна. Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой албан тушаалын халаа сэлгээ цөөнгүй явагдахаар байсан. Тухайлахад чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаа зарим байнгын хорооны даргыг өөрчлөх асуудал орж ирсэн байв. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан "Шударга ёс” эвслээсээ гарч МАН-д элссэн. Тиймээс сөрөг хүчний гишүүн болсон түүнийг чөлөөлөх асуудал хэлэлцэгдэхээр байсан юм.

 

Цаашлаад гишүүн Ж.Батзандангийн санаачлан өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хоёр жил хав дарагдсаны эцэст энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Уг хуулийн төслөөр "Төрийн улс төрийн, захиргааны, болон тусгай албаны удирдах албан тушаалтан нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр /нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглоно.

 

Албан тушаалтан нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр /нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс эзэмших, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсад бүртгэлтэй аж ахуй нэгж, компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт мэдэгдэнэ” гэдгийг тусгасан байв.

 

Цаашлаад "Төрийн нууц, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харьяат эхнэр /нөхөр/-тэй Монгол Улсын иргэн төрийн өндөр албан тушаалд сонгогдох буюу томилогдох тохиолдолд түүнийг томилж буй эрх бүхий албан тушаалтан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдсэн байна” гэдгийг хуульчлахаар заасан байлаа. Гэхдээ энэ хууль батлагдлаа гэхэд сонгуулийн өмнө мөрдөгдөхөөргүй байсан юм. Нэгэнтээ чуулган завсарласан болохоор хуулийн хугацаа нь хэтрээд байгаа АТГ-ын даргыг томилох сөрөг хүчний шаардсан нь ч талаар боллоо.

 

Парламентаас бүрэн эрхийн хугацааных нь дөрвөн жилд нааштай мэдээ сонсохоор нүдээ чилээн, чих тавин хүлээсэн Тавантолгойн тогтоолын төслийг дурдахаа хойш тавья. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өчигдөр  өглөөхөн шийдлийн Засгийн газрын тэргүүний хүргүүлсэн зарим сайдаа огцруулах саналыг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд дэмжсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МАХН-ын гурван сайдыг огцруулах албан бичиг өмнөх өдөр нь хүргүүлсэн огноотой юм билээ. Тодруулбал энэ сарын 23-нд албан бичгээ үйлдсэн байсан. Гэхдээ уг асуудал тухайн өдрийн 16.00 цагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй нь хачирхалтай.

 

Ерөнхий сайдын саналыг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд дэмжжээ. Тиймээс АН-ын ГЗ-ийн хурлаараа хэлэлцсэний дараа УИХ-ын даргад өргөн барих байлаа. Хэрвээ АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАХН-ын сайд нарыг албан тушаалаас нь огцруулах саналыг дэмжвэл дараагийн томилох сайд нарын нэрийн хамт УИХ-ын даргад өргөн барина. Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг өргөн барих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудал. Тиймээс чуулганыг завсарлуулахаас өмнө Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн батлах нь гэсэн  олон нийтийн таамаглалыг эвдэв.

 

Нөгөө талаас АН-ын нэгдүгээр хүн, Төрийн хоёр дахь өндөрлөг З.Энхболд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хоорондын зөрчил үргэлжилсээр байгааг уг захирамж бататгав.  Засгийн газрын зарим сайдуудаа үүрэгт ажлаас нь чөлөөлөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн албан тоот намын тэргүүний бус Төрийн тэргүүний өгсөн чиглэлээр явагджээ гэж олон нийтэд ойлгогдов.

 

Гэхдээ УИХ-ын чуулганыг түр завсарлуулан, Засгийн газрын гишүүдийн асуудлыг хөндөхгүй орхиж, сонгууль дуустал тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь сонгуулийн тоос манарсан энэ үед АН-ын даргын хувьд зөв шийдэл.

 

Басхүү парламентаар хэлэлцэх асуудал зуун задгай хэдий ч сонгуульд нэр дэвшүүлэх хуваарьт энэ долоо хоногт улстөрчид хэдэн тийшээ далдагнахгүй намын ажилдаа шуудран орох нөхцөлөөр ч хангалаа. Ийнхүү намууд хуралдан сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, сонгогчид сурталчилгаанд бялуурсан өдрүүд үргэлжлэх нь.

 

Н.Энхбат

Санал болгох

Сэтгэгдэл

top