|

Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал

saikhnaa 2016/06/11 724 0

Ээжтэй бүхэн  уншаасай )
Миний ээжийг Галсангийн Дуламсүрэн гэдэг. Бид нутаг усаараа "Мөөм” гэж авгайлдаг байсан учир үүнээс хойш Мөөм гэж бичээд явна. Мөөм минь говийн нар, загийн гал хоёрт шарагдсаар байгаад бараг л болчих шахсан бор авгай л даа. Ерэн гурван сүүдэр зооглоод хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Би Мөөмийгөө, одооных шиг хүүхнүүд барилддаг үед төрсөн бол олимпийн аварга болох байсан байх гэж боддог юм. Ид залуу насандаа 120 гаруй кг жинтэй, дөчин гурван размерын гутал өмсдөг хүн байлаа. Тийм размерын гутал олдохгүй болохоор өвөлд эрэгтэй хүний цагаан эсгий гутлыг хэлбэж өмсдөгсөн. Говьд дулаан болохоор хавар эртээс, намар түрүүчийн цас ортол хөл нүцгэн явна. Хөлийнх нь сайр товх болоод хатчихсан, хумстай илүүр л гэсэн үг. Дээшээ харсан кнопон дээр гишгэхэд хөл рүү нь шигдэлгүй, хурц үзүүр нь дарагдаж хавтайсан байдагсан. Миний Мөөм ес төрсний зургаа дахь нь би юм. Тэр үед төрөх эмнэлэг гэж байсан биш, эхний хүүхдийг нь эмээ ээж боож авсан. Сүүлийн наймыг нь өөрөө боож авсан гэдэг юм. Намайг Алтанширээ сумын Цагаан Хаяагийн бууцан дээр гадаа "унагаачихсан” юм билээ. Гэрт орж ирээд хөдсөнд өлгийдөж тавьчихаад гараа угаагаад ингэнүүдээ сааж байв. Тэгээд ч зогссонгүй, айлын эхнэр олон ингэ саадаг байсан учир өөрийнхөө хэдийг саачихаад айлынхаа зэлэн дээр очиж ингэнээс чинь саалцаж өгье гэж . Нөгөө эмэгтэй, "Чи чинь сая төрөө биз дээ. Яах нь вэ, гэртээ орж амар” гэсэнд "Сэжиглэж байгаа бол болих л үгүй юу” гэчихээд орж ирж байсан гэдэг. Эмээ, ээж хоёр минь намайг Дорноговь аймгийн дунд сургуульд оруулахаар мичин жилийн зуд өнгөрөнгүүт "ялтай малаа” айлд данстай нь өгчихөөд холын нүүдэлд гарч билээ . "Ялтай мал ” гэдэг нь малын хөлийн татвар, ноос үс, сааль шимний мөнгө үргэлж нэхэгдэж байдаг учраас хөдөөнийхөн ингэж нэрлэдэг байсан юм. Манайх аймгийн төвд ойрхоон, Үзүүрийн усны тэнд, сүүлд нэрт зохиолч болсон Авидын Шартолгойнхтой хамт зусаад намар нь аймгийн төв рүү орж эцэг эхийн байрны айл болсон доо . Малгүй, ажилгүй , хэдэн хүүхдээ тэжээх гэж Мөөм минь ядарсан даа. Аймгийн төвд тэр болгон ажил олдохгүй, олдвол эмэгтэй хүн байтугай, эрэгтэй хүн дийлмээргүй ажил олдоно. Тэгэхдээ миний Мөөм бол хэдэн эрэгтэй хүний ажлыг хийнэ л дээ. Хамгийн эхэнд олдсон ажил нь аймгийн хүнсний комбинатад ачигч буулгагчийн ажил байлаа. Манай аймаг оросууд элбэгтэй. Оросын 54 дүгээр трестийнхэн, аймгийн хүнсний комбинатаас бараа материал татдаг байсан юм билээ. Тэр материалыг нь Мөөм минь ачиж өгнө. Мөөм 70 кг -ын шуудайтай гурилыг хоёр чихэн дээрээс нь атгаад л машин дээр чулуудаад байхад, харж зогссон оросууд толгой сэгсэрч "танай энэ хүн эр хүн үү, эм хүн үү” гэж байсан гэдэг. Хүнсний комбинатын дарга нь, сүүлд "парад командлагч” хэмээн алдаршсан генерал Махбариадын ах Ундруу гуай байж, Мөөмийг минь зүйл бүрээр харж халамжилж байсан даа. Дараа нь Мөөмийг хүнсний комбинатын талхны цехэд талхчин болгож билээ. Тэр үед би ахлах ангийн сурагч болчихсон байлаа. Мөөмийгөө дагаж яван талх барих нарийн ажиллагааг гайгүй сайн мэддэг болсон байв.

Нэг орой Мөөм минь "Би халуураад байна. Миний хүү очоод талхаа сайхан жигнээд авчихаарай” гээд хэвтээд өглөө. Би талхны цехдээ очиж нөгөө эсгэсэн гурилыг хэвнүүдэд тэнцүүхэн хувааж хийгээд зуухандаа өрчихлөө. Тодорхой хугацааны дараа авах ёстой. Сайхан шөнө байсан учир салхинд гарч амрахаар хураалттай гурил дээр хэвтээд од тоолж байсан чинь унтчихаж. Нэг мэдсэн чинь битүү утаа тортог, эхүүн муухай үнэр хамар цоргиж байна. Сандраад босч очсон чинь миний жигнэсэн талхнууд зангидсан гар шиг хар нүүрснүүд болсон байна . Пийшингүүдээ онгойлгож " нүүрстэй” савнуудаа гаргаж овоолчихоод гэрээдээ гүйлээ . Замдаа бас уйлж яваа. Мөөмдөө үнэн байдлыг бүгдийг хэлсэн чинь дуугүй л хэвтээд байна. Тэгснээ Мөөм минь өглөө эртээ босоод ажлаадаа яваад өглөө. Би ч айсан, чичирсэн амьтан. Хажуугаар нь ах маань Мөөм бид хоёрыг айлгаж байгаа. "Та хоёрыг одоо шоронд хийнэ дээ . Цагдаа дуудвал миний тэр муу хөвөнтэй дээлийг өмсөөд яваарай. Шууд л нүхэн гэрт хорьчихдог юм” гэж зүрх үхүүлнэ. Тэгж байтал бага үдийн хирд Мөөм минь хачин баргар царайтай хүрч ирлээ. Миний ах Га.Ухнаа, Мөөмөөс "За, юу болов” гэж байна. Мөөм сулавтар дуугаар "Юу болохов дээ. Шоронд хийнэ л гэж байна. Та нар л янших хүнгүй амарч дээ” гээд цай ч амсалгүй хэвтээд өглөө. Ингэж хэрэг мандуулсан боловч манайхныг яасан ч үгүй, зүв зүгээр өнгөрлөө. Бодвол, энэ муу ядуу авгайд зэмлэл шийтгэл хүлээлгээд яах юм гэж бодоо биз. Цехийн мастер Батбаяр гэж залуу л надтай уулзах болгондоо "За, талхчинаар юу байна” гэж дамшиглах болсон. Мөөм минь дараа жил нь бензин колонкийн манаач боллоо. Одоогийнхоор бол шатахуун түгээх станц \ ШТС\ шүү дээ. Аймгийн төвд хоёр колонк байсан юм. Оросынх нь тэртээ зүүн хойд энгэрт том цэнхэр сав. Хэзээ ямагт буутай орос цэрэг манана. Аймгийн төвөөс бол хэдэн км алс, хүн амьтангүй газар. Одооных шиг хотын дотор орон сууцнуудыг дэрлүүлээд барьчихгүй, их дэгтэй байж дээ. Мөөмийн манадаг монгол колонк нь бас л хол зайдуу, хүн амьтангүй газар. Тэр зэлүүд газар , эвдэрхий бууны тамтагтай ганц эмэгтэй хүн , өвлийн дүн хүйтэнд манаанд гарна гэдэг тийм ч амар ажил биш л дээ. Нэг өглөө Мөөм минь дуу ч үгүй, буу ч үгүй, их л уруу царайтай бууж ирлээ. Хэсэг хэвтэж байснаа босоод нөгөө ээлжийн манаач "сөөсөг” Лувсанцэрэн гуайнд орж хэсэг байснаа хүрээд ирлээ. Ах маань "Мөөм буугаа яасан юм?” гэхдээ инээчихэж. Мөөм босоод ирлээ шүү. Ахыг шүүрч авангуутаа нэг алгадлаа. Зөөлхөн алгадсан л даа . Хүчтэй алгадвал бараг толгойг нь заадсаар нь салгана шүү дээ. Ах ч год харайнгуутаа бараанд нуусан бууг нь гаргаж ирдэг байгаа. Миний ах Га.Ухнаа нэлээн дүрсгүй хүүхэд байсан юм. Шөнө Мөөм дээр гэтээд очсон чинь Мөөм манааныхаа байранд унтаж байж. Тэгэхээр нь бууг нь сэмхэн авчраад нуучихсан хэрэг. Мөөм бол эргүүлийн цагдаа аваад явчихлаа гэж айгаад байгаа. Ийм байдлаар Мөөм минь манаа манаж үзсэн. Намайг ес аравдугаар ангид орсон жил Сайншандын төмөр зам барих оросууд очиж ёстой л бүтээн байгуулалтын ажил эхэлсэн дээ. "Чөтгөртэй, хүүрийн хонхор” гээд хүн амьтан ойртохоо больсон газар оросууд буудаллаж, тэр олон ил задгай цогцсыг хамж газар булаад дээрээс нь Ар Сайншанд хотхоныг барьчихлаа. Оросууд, монголын нийлүүлсэн мал, махаар тансаглаж байлаа. Бойны газартаа малын тураг мах, элэгнээс бусад дотор эрхтнийг том модон онгоцоор урсгачихдаг байв. Мөөм минь өглөө эрт брезент дэвссэн араг үүрээд гарна. Араг ч гэж дээ, бараг л дөрвөлж гэмээр том сав шүү дээ. Мөөм, өнөөх модон онгоцны төгсгөлд сууж байгаад урсаж очсон гэдэс дотрыг сайхан цэвэрлэж авна. Тэгээд оройхон араг дүүрэн гэдэс дотортой ирж тэр хавийнхныгаа шинэ шөл уулгана даа.

Манай эцэг эхийн байр, сургуулийн байр, ер нь ойр хавийнхан Мөөмийг явсан өдөр хоолоо хийхгүй хүлээгээд сууцгааж байдаг байсан даа. Үхэр, хонины шинэ гэдэс чанаж, айл хотлоороо идэцгээдэг байсан. Мөөм минь гүзээ, сархинаг, уушиг зүрхийг нь нарийхан борцолж хатаагаад өвөл шөлтэй хоол хийж идэхэд ямар сайхан байдаг гээ. Миний Мөөм гэж тэр хүчирхэг бор авгай, бидний олон хүүхдээ ингэж л хүний зэрэгт хүргэсэн. 1962 оны хавар хот шилжин ирж "Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч болонгуутаа Мөөм болон дүү нараа хотод татаж авчраад Мөөмийгөө 93 сүүдэр зооглотол нь алган дээрээ асарч байлаа даа . Мөөм минь хэдэн жилийн өмнө нэг шөнө бүрмөсөн унтчихсан байсан. Хөгшин бид хоёр Мөөмтэйгөө толгой нийлүүлж унтана. Шөнө дундын хирд заавал нэг удаа хуурайлдаг байсан юм. Тэр шөнө Мөөм минь хөдөлсөн ч үгүй. Бид ч унтчихаж. Үүрээр сэрээд очсон чинь бүрмөсөн унтчихсан байлаа. Мөөмийн хогшил гэвэл толгойных нь тэнд жижигхэн хүрэн модон хайрцаг. Дээхнэ үедээ бол цоожтой байдаг байсан. Сүүлдээ цоож ч үгүй сул задгай. Бид хэдэн төгрөгний шагнал урамшуулал авбал Мөөмдөө заавал дээжийг нь өгч заншсан. Мөөм түүнийг гуравт, тавтаар нь ялгаж отгон хүүдээ хадгална. Отгон хүү гэдэг нь миний дүү Жаргал. Хэвлэх үйлдвэрт насаараа ажиллаад хар тугалганы хордлого болон группэд гарсан буурал өвгөн л дөө. Одоо амьд сэрүүн байгаа. Өөрийн амь-Жаргалдаа хадгалсан бололтой хэсэг задгай төгрөг, үнэтэй чихэр , хэдэн хээтэй хурууд, түрүүхэнд болж өнгөрсөн цагаан сарын хувь юм бол уу, нэг үе сүүл, тамхи оймсхон хадгалсан байх юм. Отгон хүү нь өөх сүүлэнд хачин дуртай. Мөөм хүүдээ " өөх сүүл үмхүүлнэ” гэж байнга хадгалдаг байсан юм. Биеэ ядраад ирэхтэй зэрэг хөгшин бид хоёрт: "Жаргалыгаа ирвэл өөх сүүл чанаж өгч байгаарай” гэж захидаг байсансан. Мөөмийнхөө захиасыг биелүүлж одоо хүртэл бид "Жаргалыг ирвэл чанаж өгнө ” гээд хонины сүүл, үхрийн хэрсэн хадгалж байдаг юм. Мөөм минь таалал төгссөнөөсөө хойш миний зүүдэнд байнга ирдэг байлаа. Хөл нүцгэн, хөтлөөд гүйж ч байх шиг. Хөл нүцгэнээрээ зайдан морь уначихсандавхиж ч байх шиг. Янз бүрээр л ирнэ л дээ . Лам нар "Нас барсан хүн маани гуйхаараа зүүдэнд ирдэг юм” гэдэг болохоор би маргааш нь Ганданд маанийн ерөөл айлтгаж, хөгшин маань хэдэн тарни тоолоод л өнгөрнө. Нэг шөнө зүүдэнд маань ирлээ. "Мөөм нь одоо хүүхэд болно ” гэж байна. "Ээж” хадны наана байдаг хайрхан уулын нэр хэлээд тэр уулын энгэрт дөрвөлжтэй айлд хүүхэд болж төрнө гэж байх юм. Сэрээд бодлоо. Мөөм минь их буянтай хүн дээ . Хүний хорвоод эргэж ирэх нь зайлшгүй. Алтан савыг нь нээсэн лам ч урд зүгт их номтой хүн болж төрнө гэсэн. Гэхдээ энэ удаагийн зүүд андуурсан байлгүй дээ. Миний Мөөм Төв аймгийн нутаг, тэр дундаа "ээж” хадны тийшээ зүглэж ч үзээгүй. Бас хангай газар дөрвөлж байдаггүй. Дөрвөлж чинь манай говьд тэмээнд нуруу ачдаг зүйл. Тэгэхээр Мөөм нь энэ хангай нутагт, дөрвөлжтэй айлд төрмөөргүй юм гэж бодоод өнгөрлөө. Жилийн дараа ч билүү, би нэг жолооч нөхөртэйгөө "ээж” хаданд мөргөөд буцах замдаахайрхан уулын энгэр хавийн айлуудыг сонирхлоо. Тэгсэн чинь нэг айл үүдэндээ дээс татаад төгсгөл үзүүр дээр нь дөрвөлжин араг хөмөрчихсөн байх юм. "Өвчтэй хүнтэй, хөл хориотой” гэсэн тэмдэг л дээ. Жолооч бид хоёр орохоор шийдлээ. Мэнд ус мэдээд настайвтар эмээ хоймороодоо урьж байна . Зүүн хойд талын орон дээр залуу эмэгтэй нялх хүүхэд тэврэн сууна. Хүүхэд халуурсан бололтой юм. Аав нь сумын төв рүү эмч, эм залахаар явсан гэнэ. Тогоон дээр хоол буцалж гэрт их халуун бүгчим байна. Хүүхэд их амьсгаатай уйлж байснаа биднийг хараад жаахан тайвшрах шиг. Бие нь нэлээн зовиуртай байгаа ч хүүхэд маань бид хоёрыг их л сониучирхан ажиглаж байна. Ой дөнгөж хүрч байгаа болуу даа гэмээр нэлээн бадриун, баривчиндаа багтаж ядсан нөхөр байна. хөгшинтэй жаахан ярилцлаа. Цай идээ тавьж " хоол болж байна, идээд яв” гэцгээж байна. Хүүхэд ер бишүүрхэх янзгүй. "За нааш ир” гээд хоёр гараа тоссон чинь наашаа тэмүүлж байна аа. Өвөр дээрээ авлаа. Толгой даахийг нь гараараа жаахан иллээ. Хүүхэд уйлсангүй. Харин нөгөөх чинэрсэн хүрэн царай нь аажмаар нимгэрч цайрч байх шиг. Миний санааных байх л даа . Үснаас зулгааж , хамар мушгиж байна. Эднийд цайлж хооллоод явах боллоо. Хүүхдийг залуу ээжид нь тэврүүлж орхиод бид хоёр гарсан юм. Гаруут л тэр хүүхэд орилчихсон. Чихэнд "Жамьяан! Жамьяан!” гэх шиг хүүхдийн дуу хадсаар замхарч билээ. Тэр уулзалтаас хойш миний сэтгэлд нөгөө хүүхэд байн байн бодогдоод байх болж билээ . Хойтон жил нь яг төдийд хүүхдэд бэлэг сэлт,тоглоом бэлдээд хүрч очсон чинь нөгөө айл маань нүүгээд явчихсан байсан. Хөгшин таалал төгсч, Хөвсгөл аймгаас Төв аймгийн дивизэд цэргийн алба хашиж байгаад энэ нутгаас эхнэр хүүхэдтэй болсон залуу маань нутаг буцчихсан байлаа. "Хөвсгөл аймаг, Баттулгынх” гэдэг хаягтай л үлдсэн. Би Хөвсгөл аймаг явж чадсангүй. Миний Мөөм мөн бол хаана ч яваа билээ дээ . Энэ цаг мөчөөс хойш би Мөөмийнхөө сүнсэнд захидал бичих болсон юм. Миний энэ захидал зөвхөн Мөөмийн минь сүнсэнд биш , ээжтэй бүх хүнд хүрээсэй гэж боддог.

Нэгдүгээрт:   Эх хүн, өр зурж унасан хүүхдүүддээ, тэр дундаа отгон хүүхдэдээ ямар их хайртай байдаг гээ. Иймээс таны ээж байгаа бол, хол хөндий байдаг бол, хэзээ ч хамаагүй очиж золгож үнсүүлж байгаарай. Хүүхдээ үнсэх болгонд эх хүний магнайны атираа нэгээр тэнийж, үсний хар ширхэг нэгээр нэмэгдэж байдаг юм гэнэлээ.

Хоёрдугаарт:   Миний Мөөм сүүлийн жилүүдэд сохорсон юм. Нүдний эмч үзээд мэс засал хийхээс нааш хараа орохгүй гэсэн. Бид "Насны доройтол юм даа. Үхтэл нь мэс хүргээд яах билээ ” гээд орхичихож билээ. Тийм эрүүл чийрэг Мөөм байтугай ямар ч өндөр настан нүдний мэс заслыг даагаад гардаг юм билээ. Миний Мөөм мөрөө харахтай байсан бол зуу хол давж наслах байсан гэж өнгөрсөн хойно харамсдаг. Та ээжийнхээ эрүүл мэндийн төлөө байнга санаа тавьж байгаарай . Ээж гэдэг бурхан, хүнд ганцхан л заяадаг юм даа.

Гуравдугаарт:  Би хичнээн ажилтай байсан ч өдөрт Мөөмтэйгөө нэг цаг гаргаад ярилцан сууж болох л байсан даа. Тэр аугаа их "амьд судар” Мөөмтэйгөө илэн далангүй ярилцаж яасан их зүйл авч үлдэх байсан бол . Өөдгүй сэтгүүлч гэж өөрийгөө зүхэж сууна . Та ээжийнхээ дэргэд зориуд цаг гарган үнсүүлж , эрхэлж байгаад сайхан ярилцаж байгаарай . Тэр тоолонд ээжийн чинь хатсан хөх хүртэл ивэлдэг юм гэнэлээ .

Дөрөвдүгээрт:  Миний Мөөм бяртайгаас гадна асар их ухаантай хүн байсан. Даанч ном эрдэм байх биш дээ. Бидэнд "Хөлс гаргалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм”, "Том болох тусмаа жижиг бай”, "Хол явж үз, ойр явж бод” гэхчлэн сургаал айлддаг байлаа. Бид Мөөмийнхөө сургаалаар л өдий хүртэл ажиллаж амьдарч яваа. Та ч гэсэн миний Мөөмийн сургаалаар явахад илүүдэхгүй л болуу.

Тавдугаарт:  Би насаараа Мөөмийнхөө дэргэд байж, ачилж өргөж явсан гэж боддог юм. Өнгөрсөн хойно нь бодоход ачийг нь арван хувь ч хариулаагүй юм шиг бодогддог. Мөөмийгөө ингэж байх минь ч яав даа . Тэгж байх минь ч яав даа гэж үргэлж бодогдоно. Та ээжээсээ хойш над шиг ингэж шаналж суухгүйн тулд амьд сэрүүнд нь ачийг нь байнга хариулж байгаарай . Хуучны сударт " Хүн таалал төгсөөд сүнс нь хаа нэгтээ очихоор хамгийн түрүүнд "Аав ээжийгээ яаж асарч тойлсон бэ?” гэсэн асуулт тавигддаг” юм гэсэн. Хамгийн сайн асарсан хүний сүнс шууд бурхны оронд очдог юм гэсэн. Ийм захидлыг би Мөөмийнхөө сүнсэнд бичдэг. Энэ удаа ээжтэй хүн бүхэнтэй хуваалцмаар санагдлаа.

Г.ЖАМЬЯН /Соёлын гавьяат зүтгэлтэн/

Санал болгох

Сэтгэгдэл

top