|

М.Дорждагва:Цэрэгт явах хүртлээ ээждээ өглөө босч өгсөн

tonshuul 2015/06/08 1578 0

М.Дорждагва:Цэрэгт явах хүртлээ ээждээ өглөө босч өгсөн

 

Ч.Үл-Олдох

"Миний ээж" буланг 15 дахь жилдээ шинэ зочныхоо  хамт уншигч танаа учран золгож  байна.  Энэ удаагийн зочноор наадам, цагаан сар болгоноор телевизийн бараг бүх сувгаар гардаг "Тод магнай” киноны уяач залуу Түмэнгийн дүрээр олноо танигдсан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, жүжигчин М. Дорждагвыг урилаа.

-Хүүхдийн баяр, эх үрсийн баяр гээд хөл ихтэй  өдрүүд үргэлжилж  байна. Та ээжийнхээ тухай манай уншигчдад  танилцуулахгүй юу ?

-Тэгье. Энэ  асуултад хамгийн түрүүнд миний ээж тийм удамтай, тийм боловсролтой, тийм ажилтай, тийм нутаг хошууны хүн гээд хүмүүс ярьдаг даа. Харин  миний хувьд  "Би ээжгүй өссөн бол яана аа...” гэж тэртээ хүүхэд насандаа ч биш, бие ухаан тогтсон өдий насандаа хүртэл хааяа бодоод сэтгэл эмтэрдэг  айдсынхаа хариуг яримаар байна.

-Таны энэ үг юу ямар  утгатайг бидний ярилцлага өгүүлэх биз ээ. Ингэхэд хүүхдийн баяраар ээжээсээ бэлэг их авч байв уу.  Таны багад хүүхдийн баярыг ээж нь, бас танай үеийн хүүхдүүд хэрхэн тэмдэглэж байв?

-Хүүхдийн баярын бэлэг гэв үү. Хүүхэд байхад тийм баярыг онцгойлон тэмдэглэж, тэр тусмаа ээжээсээ бэлэг аваад байснаа санадаггүй юм. Ээж минь хүүхдүүддээ бэлэгтэй манатай л байсан болов уу. Миний багад ээж ихэнхдээ ажилтай байдаг болохоор голдуу хоёр эгч хоол хийдэг байсан. Харин баярын өдөр бол гарцаагүй ээж хоол хийнэ. Яагаад ч юм мэдэхгүй, ээж хоол хийхээр нэг л сайхан, гэр дулаан оргиод ирдэг байлаа. Би дээрээ хоёр эгчтэй, хүүгийн хувьд айлын том хүү л дээ. Өдий 80 гартлаа ээж шиг ээж минь байж ирсэн нь амьдралдаа ээжээсээ авсан хамгийн том бэлэг маань юм даа.

-Ээж шиг ээж гэдэг үгийг онцолж асуухгүй бол болохгүй санагдлаа. Ээж болгон хүүхдүүддээ сайхан шүү дээ. Таны ээж бусдаас юугаараа ялгаатай вэ, ямар хүн бэ?

Тийм ээ. Ээж болгон сайхан. Ээжийнхээ дааж ирсэн ачааг өдий насны босгон дээрээс харахаар дэндүү их сэтгэлийн тамиртай хүн, миний ээж. Ид залуу 32 насандаа таван өнчин хүүхэдтэй хоцорчихоод, биднийг хүний дайтай авч явах гэж миний ээжид хийгээгүй ажил байхгүй. Хотын паспортгүй л бол хороо хориноос хүн ирж хөөдөг, хаана ч ажилд авахгүй цааш түлхдэг, нэг ёсондоо хотын паспортгүй л бол хүний тооноос бараг хасах нь холгүй байсан хахирган цаг үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас хэдэн өнчин хүүхдээ дагуулж, амжиргааны хэдэн малаа орхиод ирсэн миний ээж шиг зоригтой, өөртөө хатуу хүн ховорхон.  Бидний хувьд тэр цаг үе хүнд хэцүү байгаагүй. Хүний урманд өлсч, даарч, өнчирч үзээгүй. Өнчин байж өнчирсөнгүй гэхээр сонин сонсогдож байгаа байх. Угийн аав гэдэг хүнийг мэдэхгүй, багадаа өнчирсөн болоод ч тэр үү, аавын орон зай үгүйлэгдэж байсныг нэг их мэддэггүй юм. Хойд аавын гар харалгүй, даарч өлдөөд байлгүй өссөндөө өнчин гэдэг зовлонг мэдэхгүй өдий хүрчээ. Ээжтэй хүний жаргалыг одоо хэр нь амталж суудаг би их азтай хүн дээ.

-  Та ээждээ хэр халамжтай байв. Уучлаарай, эцэггүй өссөн хүүхэд том толгойтой гэх үг  монголчуудын дунд байдаг даа. Ээжийгээ хэр зовоож байв гэж асуух гээд л...?

-Хүүдээ зовдоггүй нэг ч ээж байхгүй. Тэгтлээ аавгүй өссөн гээд ээжийгээ би гойд их зовоогоогүй. Харин амжилт бүтээл арвинтай, найз нөхөд олонтой, том эр болчихлоо гэж бодсон үеэсээ санааг нь зовоогоогүй өдөр нэг ч байхгүй байхаа.  Миний багад ээж минь шөнө намайг унтахад нэг дээл эсгээд эхэлж байдаг сан. Өглөө сэрээд харахаар дуусчихсан сандал дээр эвхээд тавьчихсан харагдана. Зарж бидний өмсөж зүүхэд нэмэрлэдэг байсан юм.  Би багадаа өглөө эрт босдог хүүхэд байсан. Жаахан томорсноос хойш  ээждээ өглөө босч өгнө. Сэрээд ээжийгээ унтаж байвал сэмээрхэн босч, хөл дээрээ гишгэж явсаар галаа түлээд, цайгаа чанаад, дүү нараа сэрээж цэцэрлэг сургуульд нь явуулдаг байсан. Ер нь цэрэгт явтлаа өглөө боссон байх шүү. /инээв/

-Цэрэг гэснээс танай ээж таныг цэрэгт явахад юу захиж байв. Ээжүүд хүүгээ цэрэгт мордоход санаа нь их зовдог, зарим нь уйлж байгаа харагддагсан. Одоог бодвол гурван жил. Дайнд мордож байгаа юм шиг л хүнд тусдаг байсан байх даа...

-/инээв/. Намайг цэрэгт явахад ээж мэдээ ч үгүй. Цэргийн зарлан авчихаад комиссоор орох гээд очлоо. Миний өмнө дугаарлаж байсан залуу цэрэгт явах болчихоод эхнэр хүүхэдтэй гээд уйлаад байхаар нь би  "Наад хүнээ энэ жилдээ өнжөөчихөөч. Хүүхэдтэй юм байна шүү дээ” гэж хэлтэл " Аан тийм үү. Тэгвэл чи оронд нь явна даа хө” гэсэн. Тэгээд л би шууд ачигдсан даа. Ээж цэргийн их сургуульд тогооч хийдэг байсан болохоор хөдөө хээрийн сургуульд явчихсан байлаа. Ирэхэд нь би цэрэгт явчихсан байж. Тэгэхэд ээж "Өө явчихсан уу. За болж болж. Цэрэгт явж байж хүн дахин төрдөг юм” гээд тоох ч үгүй суусан гэсэн. Ажлынх нь хүмүүс та хүүгээ санадаггүй юм уу гэхэд "юун тэднийг санах зав хаана байна аа. Цэрэгт явсан болохоос шоронд явсан биш” гэдэг байсан гэсэн.

-Гурван жилийн дараа халагдаад ирэхэд ээж чинь ийгээс сэтгэл нь хөдлөө байлгүй дээ...

-Би бас л ээжийн эзгүйд халагдаж ирсэн. Ээж байхгүй, дүү нар тоглож байлаа. Би чинь тэр үедээ их атаман "жа” цэрэг, багагүй  мөнгөтэй халагдаж байлаа шүү дээ. Гэртээ баахан амттан авч, дүү нараа баярлуулаад, хөргөгчөө бүр дүүргэчихээд, ээждээ бууз хийж тавиад, ногоотой шөл хийчихээд хүлээж суутал ээж орж ирсэн. Намайг татаж нэг үнсээд, нүдэнд нь нэг нулимс дүүрч  "Яасан ч сайхан юм бэ дээ, хүүгээ халагдаад ирсэн чинь” гэж хэсэг юм бодож сууснаа нэг санаа алдаад нулимсаа цааш нь залгичихсан. Тэгээд шууд л хэвтсэн. Тэр шөнөдөө ээж ёстой толгой тавиад л нам унтсан даа. Өглөө сэрээд " Ээж нь ааваас чинь хойш анх удаа л ингэж юунд ч санаа зоволгүй нам унтлаа” гэж хэлээд намайг дахин нэг үнсчихээд ажилдаа явсан даа.

-Та ээжийнхээ хэлснээр цэрэгт ёстой дахин төрсөн үү? Хэр дэглүүлж байв?

Цэргийн алба хаасан байж буу барьж үзээгүй, барилгын цэрэгт байсан байж хүрз барьж үзээгүй л халагдсан даа. Ийм хүн дэглүүлсэн байж таарах  уу/инээв/.

Түүнийг "Тод магнай” киноны уяач залуу Түмэнгийн дүрээр үзэгчид андахгүй

 

-Та тэгээд цэрэгт юу хийж сурсан  бэ?

-Хөгжмийн салаанд байлаа. Хөгжим л барьж явсан. Цэрэгт явахаасаа өмнө бараг бүх хөгжмийг тоглочихдог байсан. Тэр үед гитар тоглодоггүй хүн гэж байдаггүй байж. Хээрийн сургуулиас  буугаад шууд цэргийн хөгжимд хуваарилагдаж, үлээвэр хөгжим, төгөлдөр хуур хоёрыг тэнд сурсан. Гурван жил хөгжим тоглож, бүжиг явуулж, барилгын бүх цэргүүдэд кино гаргаж байгаад л халагдсан даа.

-Ингэхэд  жүжигчин болоход ээж нь нөлөөлсөн үү.  Таны авьяас хэнээс эхтэй бол?

-Ээж маань биднийг хүн шиг хүн болгох гэж явсан болохоос, биднийг ийм тийм мэргэжилтэй болгоё барья гэж хөөцөлдөх сөгөөгүй явсан байх. Заяа төөргөөрөө, бор зүрхээрээ явж байгаад нэг мэдэхэд л би жүжигчин болсон. Хүмүүсийн магтаалын үгэнд хөөрч явсныг бодоход, өнөө хүртэл энэ тэр кинонд дуудагдсаар байгааг бодоход Бурхан жаахан "юм” өгсөн юм байлгүйдээ. Харин энэ авьяас ээжид минь бас байдаг байх. Манай ээж их шооч, хошин шогийн мэдрэмж сайтай хүн. Одоо хэр нь хэн нэгнийг шоолоод, эсвэл дуурайгаад ярьж байгаа нь бүр яг шүү. Нэг суурин дээр хэдэн өөр хүнийг дуурайж, хэдэн янзын хоолойгоор дугарна. Одоогийн орчуулгын кинонд дуу оруул гэвэл хэдэн ч дүрд зэрэг дуу оруулчихаж мэдэх байх шүү.

-Ээжийгээ хамгийн их өрөвдөж байсан үе хэзээ вэ.  Гунигтаа дурсамж бас байна биз?

-Ер нь их өрөвддөг дөө. Багадаа өлсөж цангаж, зутарч байгаагүйн хэрээр ээж минь өөрийгөө зорж биднийг өсгөсөн гээд бодох тутам одоо улам л өрөвддөг юм. Би 10 гаран настай л байсан. Дүүгийн бие муудаж, ээж эмнэлэгт 20 гаруй хоног хэвтсэн. Удаан хэвтэхээ мэдсэн юмуу хэвтэхээсээ өмнө нэг бүтэн адуу худалдаж аваад, ширэнд боолттой хөлдүү мах гэрт үлдээчихээд явсан. Бид нар бүгд бага. Шир нь гэсээд ирэхээр, гэссэн хэсгээс нь авч баахан чанаж идчихээд л, буцаагаад ширэнд нь боочихно. Бөөн банди нар дагуулж ирээд л би мах чанаад байдаг байлаа. Манайх ер нь хавь ойрын хүүхдүүд, манай найзууд, дүүгийн найзууд гээд олон хүүхдүүд байнга л хамт хооллодог байсан. Ээж эмнэлгээс гарч ирэхэд нөгөө ширтэй мах чинь дууссан, хоосон ширийг нь ээж хэсэг харж зогссоноо амбаар луу гаргаж байсан юмдаг.

- Тийм үед та нарт бараа болох ах дүү хамаатан байгаагүй юу?

-Байсаан байсан. Ах дүү нарынх хойд гудманд, манайх урд талд нь байдаг байлаа. Гэхдээ бидэнд хамжаа болж байсныг би санадаггүй юм. Ээж маань ч хүн өөрөө сэтгэл гаргаж хандахгүй бол хүн царай алдах ясны дургүй хүн. Хөдөөнөөс ээжийн төрсөн ах дүү нар ирчихээд манайхыг тойроод орж ирдэггүй байлаа. Ээж ах дүү нараа ирсэн гэдгийг нь сонсчихоод баахан чихэр боов авч тавьчихаад хүлээгээд байна. Нэг нь ч үзэгдэхгүй яваад өгнө. Нэг удаа бүр ээж цурхиран уйлж байж билээ. Ээж тэр хүмүүсээс юу ч горьдоогүй байх. Гол нь өнчин хэдэн хүүхдээ их хөлийн газар авчраад, яаж амьдарч байгаагаа харуулах гэсэн байж ч магадгүй. Тэрнээс миний мэдэхийн манайх хэзээний л ааруул ээзгий шуудай шуудайгаар байдаг айл байлаа. Би хэдэн шанага ээзгийгээр "эрмээн” гэж нэртэй орос цэргийн тэлээ сольж авчихаад л, нөгөөхөө зүүгээд "гангардаг” л байлаа.

-Ээж нь та нарт ер нь юу захиж сургадаг байв? Та эхээс хэдүүлээ вэ?

Бид эхээс долуулаа. Дор бүрнээ бизнес эрхэлж, амьдрал нь дэгжсэн өнөр өтгөн сайхан амьдарч байна. Гэлээ гэхдээ л бид бүгд нийлээд ч ээжийнхээ талд нь хүрэхгүй. Ээж маань бидэнд "Хүнд их шунал хэрэггүй. Дунд идэш, дулаан хэвтэр байхад л болно. Бие эрүүл, дулаан гэр оронтой, санаа амар явах шиг жаргал хаа байхав. Хүн чанараа гээлгүй, өлдсөн даарсан хоёрт л тустай яв. Хүнтэй хэт сайдаад хэрэггүй, муудах үе ирнэ. Хүнтэй хэт муудаад хэрэггүй, дайсан бэлдэхийн нэмэр” гэж ярьдаг байлаа. Тэрнээс эрдэм номонд шамд, ийм мэргэжил хэрэггүй, тийм ажил хэрэгтэй гэж номлоогүй ээ. Сургуульд охиноо явуул гээд хүн ирэхээр мал барьж өгөөд буцаадаг баян айлын охин байсны "гавьяагаар" ээж минь тийм өндөр боловсролгүй хүн шүү дээ. Харин амьдралын боловсролоор энийг ч дагуулахгүй, оёж хатгах, урлах гээд амьдрах ухаанд дэндүү мэргэшсэн хүн байж. Биднийг хүний адаг хийчихээгүй, шорон оронд оруулчихалгүй, бүх хүүхдээ хүн чанартай нь зуурч үлдээсэн миний ээжийн боловсрол наддаа дээдийн дээд юм даа. Тэрнээс мөнгөний төлөө ил далд, юу л бол юу хийдэг хүмүүсийн хүн чанар нь ихэнхдээ мөнгөтэй нь хамт хийсчихсэн мэт санагддаг шүү.

-Хүүхэд байхад ээжийгээ баярлуулж байсан түүхээ яриач?

Би ээждээ их ханьтай, эмэгтэй хүүхэд шиг гэр орноо цэвэрлэчихээд л, гэрийнхээ үүдэнд очиж хараад өөтэй юм харагдвал дахиж янзлаад байдаг хүүхэд байлаа. Хоол ундаа хийчихнэ. Тэрэнд ээж баярладаг л байсан байх. Ээжийн баярласан нь ямар ил гарах биш дээ. Харин намайг 10 настай байхад ээж мал нядалгааны газар ажиллаж байлаа. Би нэг өдөр тэнд ажилладаг хүмүүсийн хүүхдийг нь харж өглөө. Тэгээд хөлсөнд нь хүн болгон надад нэг, нэг төгрөг өгч би 10 шахам төгрөгтэй болчихоод ээжийгээ баярлуулах гээд баахан хар чавга, хатсан алим авч өгч байсан юм. Бас оюутан байхдаа сангийн аж ахуйд явж 700 гаруй төгрөгний цалин аваад ээждээ авчирч өгөхөд их баярласан байх. Ээжийн сэтгэл хөдлөл ил гардаггүй болохоор төсөөлж чадахгүй нь. /инээв/

-Та багадаа ээждээ их ачлалтай хүү байсан бололтой. Одоо ээжийгээ яаж баярлуулж байна?

Иш, энэ чинь харин намайг гацааж байна шүү. Мартаар цэцэг, бялуу бариад гүйгээд байдаггүй, тиймэрхүү юмандаа ёстой маруухан хүн. Урлагийн багаахан амжилтаа найз нөхөдтэйгээ "хуваалцаж” явсан үед ээж их зовсон байх. Харин одоо тиймэрхүү шал хэрэггүй зуршлаа хаяад 10 гаруй жил болох нь. Ээж минь баярладаг байлгүй дээ.

-Та аавыгаа байсан болоосой гэж бодож байв уу?

Тэр үедээ сайн мэдээгүй ч одоо бодохнээ хоёр удаа л хачин их үгүйлж билээ. Би 6-р ангид байсан өвөл ээж намайг анх удаа идшинд явуулж билээ. Хүйтэн байсныг хэлэх үү. Зил-130 дээр суугаад өчнөөн зуун километр газар туулаад очсон чинь манай мал тавьсан айлын хүн жишүү харж суучихаад "байхгүй бүгдийг нь чоно идчихсэн, одоо хот руугаа буц” гээд гараад явчихаж билээ. Гэр лүүгээ хоосон буцахдаа, бас намайг ирэхэд  бээлийн чинээ хүүхэд хөхөө өвлөөр явуулсан ээж минь нэг их цурхиран уйлахад нь аав байсан ч болоосой гэж бодож байсан. Ээж тэр үед идэшгүй ирсэнд биш, намайг өрөвдсөндөө уйлсан байх. Арван жилийн хойно очиж байхад мал өсөөгүй хорогдлоо хорогдлоо гэхэд 30 гаран толгой үхрийг бүгдийг нь л чоно идэв гэж дээ. Аавгүй хүүхдийг дээрэлхлээ л гэж тэр үедээ бодож байлаа. Нөгөө нь намайг цэрэгт байхад Улаанбаатарт маш айхтар үер болж байсан юм. Тэгэхэд ээж бас хээрийн сургуульд явж эзгүй байсан. Хашаа, байшин үерт автаж, гурван дүү маань тортойтол амбаарынхаа орой дээр сууж байсан гэж сонсоод их өмөрч байсан даа. Одоо би ганц хүүтэй. Томроод дуу нь бүдүүрэх тусам л аавдаа нялх санагдах юм. Өглөө сэрээд л унтаж байгаа хүүгээ үнгэж үнсэх энэ амьдралдаа би яасан ч их хайртай юм бэ дээ.

-Ээждээ манай сониноор дамжуулж юу хэлмээр байна?

Ээждээ зориулсан ганц нэг шүлэг байдаг юм.

Ээж минь бид таныхаа

Нөмгөн дээлэнд шургасан тайтгарал

Нөмөрсөн тавилангаас уягдсан амь

Элээх цагийн тань хэрсүүхэн өсөлт

Эдлэх жаргалын тань хийгүйхэн өтлөлт

Ээж минь, ээж минь бид таных аа...

Өдий 80 гартлаа ээж шиг ээж минь байж ирсэн нь амьдралдаа ээжээсээ авсан хамгийн том бэлэг маань юм даа.

zuunii medee

Санал болгох

Сэтгэгдэл

top