|

Оюутолгойгоос ахиу хувь эзэмшихийн тулд Рио Тинто Хятадын компанитай хамтарч магадгүй

saikhnaa 2016/06/14 643 0

Оюутолгойгоос ахиу хувь эзэмшихийн тулд Рио Тинто Хятадын компанитай хамтарч магадгүй

 


Рио Тинто компани Оюутолгой төсөл дэх эзэмшлээ бүр ахиулахын тулд "Turquoise Hill Resources” компанийн үлдсэн хувьцааг худалдан авахаар санхүүгийн хамтрагч хайж эхэлжээ. Английн "Sunday Times” сонинд бичсэнээр "Goldman Sachs”-ийн хөрөнгө оруулалтын банкир Рио Тинтогийн өмнөөс боломжит хөрөнгө оруулагч хайж байгаа аж.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Turquoise Hill Resources” буюу хуучнаар "Ivanhoe Mines” компани Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг. Харин Рио Тинто тус компанийн 51 хувийг эзэмшдэг билээ.

Одоо Оюутолгой дэлхийн хэмжээнд хамгийн сайн уул уурхайн төсөл гэж үнэлэгдэж байгаа тул Рио Тинто өөр орд газар сонирхсоноос энэ төслөөс хүртэх хувь хэмжээгээ ахиулах нь илүү ашигтай гэж шинжээчид үзэж байгаа аж. Тийм ч учраас "Turquoise Hill Resources”-ийн үлдсэн хувьцааг худалдан авахаар хөрөнгө оруулалтын эрэлд гарчээ. Гэхдээ "Turquoise Hill”-ийн үлдсэн хувьцааг худалдан авах нь мэдээж хямдхан тусахгүй. Өнгөрсөн нэгдүгээр сард тус компанийн хувьцаа 1,72 ам.доллар байсан бол одоо 2,88 болж өсөөд байгаа. Оюутолгойн төслийн хоёр дахь шат болох далд уурхайн ажил эхэлсэн тул хувьцааны ханш сулрахгүй. Тийм ч учраас хэрэв Рио Тинто эзэмшлээ ахиулахын тулд гурван тэрбум гаруй ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо байна. Ийм хэмжээний мөнгөний хамтрагчийн эрэлд гарсан Рио Тинто магадгүй Хятадын төрийн өмчит компаниуд юм уу хөрөнгө оруулалтын сангуудтай хамтарч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Рио Тинтогийн одоогийн эзэмшиж буй хувь хэмжээгээр Оюутолгой төслийн гуравны нэг буюу 33 гаруй хувь нь тус компанид хамаарагдаж байгаа юм.

"Turquoise Hill" компанийн одоогийн зах зээлийн үнэлгээ бүхэлдээ 5,8 тэрбум ам.доллар бөгөөд үлдсэн 49 хувийг худалдан авъя гэвэл 2,8 тэрбум ам.доллар шаардлагатай. Хэрэв 30 хувиа нэмбэл бүр 3,6 тэрбум ам.доллар болох ажээ. Хэрэв Рио Тинто "Goldman Sachs"-аар дамжуулан хамтрагч олвол "Turquoise Hill"-ийн 49 хувийн хувьцаа нэг л эзэмшигчтэй болно гэсэн үг юм.

Эх сурвалж:afr.com

Б.Сэвжидмаа

newscom.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top