УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ердөө арван гурван хоногийн дараа болно. Сонгуулийн сурталчилгаа ч эхэлж ид дундаа явж байна. Нам, эвсэл, нэр дэвшигчид өөрсдийн дансыг нээж хандив цуглуулах аян ч мөн л идэвхитэй өрнөж буй. Ингээд сонгуулийн хандивыг хэрхэн хуулийн дагуу авах, өгөх талаар Үндэсний аудитын ерөнхий газрын дэд дарга Б.Баттуяагаас дараах асуултад хариулт авлаа.
-Нам, эвсэл, нэр дэвшигчид хандивын дансаа нээсэн. Ихэнх нэр дэвшигчдийн зүгээс дансаар хандив өгөхдөө нэр, регистрийн дугаараа бичээгүй гэх шалтгаанаар хандив буцаагдаж байгаа талаар ярьсан байсан. Сонгуулийн тухай хуульд иргэд, аж ахуй нэгж байгууллага хандив өгөхөд хэрхэн зохицуулалт хийсэн бэ?
-Сонгуулийн хандив нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна. Мөнгөн хандив нь иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг хүртэл байх ёстой. Хандив өгөхийг хориглосон этгээд гэж бий. Үүнд, гадаад улс буюу гадааддын байгууллага, олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, 18 нас хүрээгүй иргэн, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй этгээд, үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн байгууллага орно. Мөн байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд, байгууллагаас хандив авахыг хориглоно. Хэрэв дээрх байгууллагуудаас хандив авсан нь тогтоогдвол тухайн хандивыг буцаан шилжүүлж, үүнийгээ мэдээллэх ёстой. Харин хандивыг хүлээн авсан бол тэр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээж авсан хандивыг улсын орлого болгоно.
-Нам эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 4,4 тэрбум төгрөг байхаар тогтоож өгсөн. Нэр дэвшигчдийн тухайд тусдаа тогтоож, ингэхдээ тухайн тойргийн хүн ам, газар нутгийн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байхаар мөн тусгасан. Хэрэв зардлын хэмжээнээс хэтэрсэн бол ямар хариуцлага ногдуулах вэ?
-Сонгуулийн зардалд хяналт тавих үүрэг мөн энэ удаад Үндэсний аудитын газарт ирсэн. Сонгууль болсноос хойш нам эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж, үүнийг нь нэгтгэн Үндэсний аудитын газарт ирүүлэх ёстой. Аудитын газар тайланг хүлээж авснаас хойш 90 хоногийн дотор аудит хийж баталгаажуулна. Хэрэв хэтэрсэн тохиолдолд тооцох хариуцлагыг хуульд нарийвчлан тусгасан. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах зэрэг хариуцлага бий.
-Нам, эвслээс зарцуулах зардалд нэр дэвшигчийн зардлыг нэмж тооцох уу? Нийт зардлыг хэрхэн гаргах вэ?
-Үгүй. Энэ хоёр зардал бол тус тусдаа байх ёстой. Тайланг ч мөн нэр дэвшигчид өөрсдөө тусад нь гаргана. Өөрөө хэдэн төгрөг гаргасан, хэдэн төгрөгийн хандив хаанаас, хэнээс авсан гэх зэргээр. Харин нам, эвслийн зардлыг намууд өөрсдөө гаргана.
Д.ЖАРГАЛ