Иргэн бүрээ 15 сая төгрөгийн өртэй болгож ухраасан 2012 оноос хойш Монгол Улс өр, зээлийг хэмжээ хязгааргүй, бүр хяналтгүй авсан байдаг.
Харин үр дүнд нь манай улсын гадаад өр өнөөдөр 22 тэрбум ам.долларт хүрчихээд байгаа. "Чингис”, "Самурай” бондын мөнгө, Хөгжлийн банкны 580 сая ам.доллараас авахуулаад гаднын орнуудаас тэрбум тэрбумаар нь зээлсээр өдий хүрсэн. Үүнээс зөвхөн Хөгжлийн банк болон Монголбанкаар дамжуулан 7.2 тэрбумын зээл авч, хөгжлийг арагш татсан байх юм. АН ингэж их өр, зээл авснаар Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болгосон. Хэдий бидний авдаг цалингаас энэ мөнгийг авахгүй ч иргэн та бидний төлдөг татварын хэмжээг бага багаар өсгөж, буруу бодлогын алдаагаа засахын тулд иргэдийнхээ халаас руу гар дүрнэ л гэсэн үг. Ингэж иргэн бүрийг өртэй болгосынхоо хариуд "Зүгээр ээ, бидний үр хүүхэд төлчихнө шдээ” гээд сууж байх жишээтэй. Гэтэл өнөөдрийн та бид ирээдүйн үр хойчдоо дааж давахгүй өр биш өв хөрөнгө л үлдээх учиртай сан. Харин энэ их мөнгө хаашаа орчихов.Тэд зам уулзвар зассан л гэдэг. Гэтэл нэгдүгээрт эргэн төлөгдөх, бондын мөнгөөр хэзээ ч энэ мэт хашаа хайс засах жижиг ажлыг хийдэггүй гэдгийг дэлхий нийт бодит практикаар батлан харуулчихсан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөгдөх зээлийг богино хугацаанд үр өгөөжөө өгөх үйлдвэрлэлд зарцуулдаг жишигтэй. Гэтэл АН-ынхан концертын өмнөх бэлтгэлд огт оролцоогүй, ердөө л концерт дуусав гэж хэлсэн төдий. Зөвхөн замын тухайд өмнө нь эхлүүлсэн, бүр зураг төсөл, ТЭЗҮ гэх мэт явцын дундахь бүх л нарийн ширийнийг нь гүйцээгээд ердөө хучихад үлдсэн байсныг л гүйцээсэн байдаг. Нэг ёсондоо хоол хийхийн тулд хүмүүсээр төмсөө арилгуулж, гурилаа зууруулж, баасыг нь базуулчихаад яг аягалах болохоор л гардсан хэрэг.
Өнөөдөр АН-ынхны хийж бүтээсэн гэж яриад байгаа бүхэн цоо шинэ зүйл огт. Төрийн ажил угаас залгамж чанартай үргэлжилдэг. Энэ ч үүднээс өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн бүхнийг гүйцээснээс өөрцгүй. Цаашлаад нэг айлд өргүй хүн гэж байхаа больсон. Адаглаад хоёр хүний нэг нь ямар нэгэн хэлбэрээр өр, зээл авсан байх жишээтэй. Энэ бол амьдрал хэцүү байгаагийн бодит илрэл.
эх сурвалж: Монгол Ардын Намын сонгуулын төв штаб