Монголчууд дараалсан ес хоногийн амралт-архидалтынхаа ард арайчүү гарлаа. Хэд нь үхэж, хэд нь үгүйрч, хичнээн нь эрэмдэг зэрэмдэг болсон юм, бүү мэд.
Уул нь гадны улс оронд бол төр засаг нь ард түмнээ "Сайн ажилла", "Цагаа уртасгаад ажилла", "Их зүйл бүтээ" гэж уриалдаг, шаарддаг юм билээ. Монгол бол "Амар", "Баярла", "Архид!" гэж уриалан дуудсаар олон жилийг авлаа даа.
Улс орон гэдэг их айл, уул нь хийж бүтээж байж л хөгждөг баймаар юм. Гэтэл амраад бай!, Баярлаад бай! гэсээр бид юутай болж үлдэв ээ?! Улс нь ядуу хоосон, гадаад өр нь тэнгэрт тулсан, хүн ам нь өлсгөлөн, гуйланчлалд автсан, хөөрхий нэгэн улс үндэстэн болж хувирах шив дээ. Манай эрх баригчид сүүлийн 20 жилд амралт, баяр наадам л нэмээд байсан. Уул нь монголчууд цагаан сараараа хоёр хоног, наадмаар хоёр хоног амарч баярлачихаад болоод л байсан. Хагас сайнд хагас ажиллаж, бүтэн сайнд бүтэн амардаг байсан. Одоо бол, бүтэн хагас сайн хоёуланд амарна. Амардаг баяр нь арваад, тэмдэглэдэг ой нь хориод болчихож. Аймаг, сум, дүүрэг болгон тэгш тоотой ойгоо тэмдэглэж амарна. Голцуухан эрийн гурван наадам хийж баярлана. Нутаг усныхаа лам болгоны, жанжин болгоны ойг тэмдэглэж нааддаг боллоо.
Уул овоо тахина ч гэж замаа алдсан. Хадтай өндөрлөг болгоныг бараг тахьдаг боллоо. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч анх гарч ирэхдээ: "Овоо тахьдаггүй, одон, медаль тараадаггүй Ерөнхийлөгч байна" гэсэн. Тэр ч бүр өнгөрсөн. Эрхэм Ерөнхийлөгчийн гарч үзээгүй овоо, гар хүрээгүй энгэр үлдсэн гэж үү?!
Монголын амралт, зугаа цэнгэл арай дэндлээ л дээ. Дээрээс зориуд зохион байгуулан, хөгжөөж хөөрөгдөөд байгаад хоёрхон зорилго байдаг гэнэ.
Нэгдэх нь: Дарга сайд нарын хүүхэд, гэр бүлийнхэн голдуухан гадаадын тансаг газруудад байдаг гэх. Тэднийгээ эргэж тойрч, уулзаж учрахаар явах гэхээр хугацаа нь давчдаад болдоггүй. Тэгээд л амралтыг сунгах санаачилга гаргадаг.
Хоёр дахь нь: Энэ олон зуун архины үйлдвэр, дэлгүүрүүдийн ард, заавал нэг УИХ-ын гишүүн юмуу, сайд, дарга нар байдаг гэнэ. Архиа борлуулахын тулд заавал амрааж, архидуулж байж л бах нь ханадаг юм байна. Нэг баяраар л гэхэд улсын төсөвт ч, эдний халаасанд ч тэрбум, тэрбумаараа төгрөг орж ирдэг болохоор баяр наадмыг хөөрөгдөхөөс яахав.
Түүнээс биш, ард түмнээ амраая, жаргаая гэсэн бодол энэ хүмүүст огт байдаггүй гэлцэх юм.
Далим гаргаад тав хоног, долоо хоног амардаг байснаа одоо бүр ес хоног амардаг боллоо. Энэ эрхмүүд цаашид биднийг хэд хоног амрааж, хичнээн хоног архидуулахыг бүү мэд. Шалтаг заавал олдоно шүү дээ.
Уул нь хуучин тогтолцооны үед ажил амралтын өдрүүдийг сайхан зохицуулдаг байсан л даа. Зайлшгүй ажиллах үе таарвал амралтын өдөрт шилжүүлэх мэтээр.
Саяны ес хоногийн амралт бол арай дэндсэн л дээ. Зөвхөн зах зээл, бөөний төвүүдийн орлого хоёр дахин буурч гэнэ. Хүнсний өдий төдий зүйл хугацаа алдаж, муудаж гэнэ. Архинаас болсон осол зөрчил, түргэн тусламжийн дуудлага олон арван хувиар нэмэгдэж. Үхэл хагацал ч тоолохын аргагүй. Хээрийн замд хүн ачсан хоёр микро автобус мөргөлдөөд газар дээрээ өчнөөн хүн нас барж, олон хүн эмнэлэгт хүргэгдсэн мэдээ байна. Архидсан согтуу хүмүүс усанд давхиад л ордог юм байна. Өдөрт тав зургаагаараа нас барсан наад захын мэдээ байна. Мэдээлэгдээгүй өнгөрсөн хичнээн байгааг бүү мэд.
Хүүхэд, хүүхнүүдийн архидалтыг яана гээ! Бөөн бөөнөөрөө согтуу, үүр цайтал бахиралдаад хонох юм. Шалдан хүүхэн гүйлээ л гэнэ. Шалан дээр хэвтчихээд босохгүй байна л гэнэ. Энэ бол дээрээс зохион байгуулсан, том бодлогын үр дагавар юм.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монголд анх удаа боллоо. Их сүржигнэлдсэн боловч санаснаас сайхан болж өнгөрлөө. Э.Бат-Үүлээс эхлээд биднийг хотоос гар гэж хөөсөн удаа бий. Замын талын цонхоо битгий онгойлго ч гэсэн. Муусайн хувцастай явж болохгүй гээд цагдаа хоргоосон тохиолдол бий. "Ус үзээгүй гутал тайлна" гэгчээр зарим нь дэндүү сүржигнэж, ард түмнээ дарамталсан л даа.
АСЕМ нь болдогоороо болж л байна биз. Орон даяар өч төчнөөн хоногоор амрах ямар шаардлага байна?!
Оёдлын үйлдвэрийн ажилчин авгай уйлж байна билээ. Ажил хийж хоногийнхоо хоолны мөнгийг олдог юмсан. Арваад хоног амраад хоолгүй сууж байна гэж! Ер нь, тэнд хэдэн хүн ирж очин, хурал чуулган хийж, хул хундага тулгаж байхад энд үйлдвэр үйлчилгээний газрууд ажиллаад байж яагаад болоогүй юм. Долдугаар сарын 11, 12, 13-ндаа баярлаад 14, 15, 16-нд ажиллан 18-нд ажилдаа орж яагаад болоогүй юм! Энэ чинь, "Архид, бас дахин архид!" гэсэн утгаар л эгэл жирийн хүмүүсийн сэтгэлд бууж байна шүү дээ.
Ес хоногт архины борлуулалт дээд цэгтээ хүрсэн нь мэдээж. Тэндээс эздийн халаас бол дүүрсэн. Харин улсын халаасанд юу ордогийг мэдэхгүй юм даа.
АСЕМ сайхан боллоо. Өмнөө тавьсан зорилгыг биелүүллээ. Олонх, миний адил бодол санаатай байгаа байх. Зарим нь: "Зочид төлөөлөгчид маань Буянт-Ухаагаас Уулын ам хүртлэх хэсэгхэн зурвас газраар Монголыг төсөөлөөд л буцлаа даа. Хотын дарга нараар хэдэн жил Улаанбаатарын нүүрийг угаалгасан нь ийм учиртай байж" гэх. Бас, "Элбэгдорж Пүрэвсүрэн хоёрын олон улсын реклам болж өнгөрлөө" гэх хүн ч таарч л байна. Юутай ч өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэж байлаа.
Миний хувьд нэг зүйлд сэтгэл жаахан эргэлзээд байгаа. АСЕМ-д 21 тэрбум төгрөгийн зарлага гарган, түүнээсээ хэд дахин илүү олз олж байгаа юм шиг яриад байх юм.
Хандивын тоглолт ч биш дээ. Олон улсын ийм их нэр хүндтэй чуулга уулзалтын тооцоо гаргачихаад, ядаж явсан хойно нь ярьж болоогүй юм болуу. Нэг л их олз олох гэсэн, гуйлга гуйх гэсэн хурал зөвлөгөөн юм шиг хүмүүст ойлгогдоод байна. Бидэн дундаа бол ч яая гэхэв. Тэртэй тэргүй гуйлгачин юм чинь. Гадны зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн нь байхад орлого, зарлагын тооцоо бодоод, их ашиг олж байгаа юм шиг сурталчлаад байх нь, нэг бодоход ичмээр ч юм шиг.
Хүмүүс, хорин нэгхэн тэрбум төгрөгийн зарлага гарсан гэж үнэн үү? хэмээн асууцгааж байна. Зөвхөн төлөөлөгчдөд зориулсан 50 хаус, тавин тэрбум төгрөг, /одоогоор зарлагадчихаад л байгаа. Хэний гарт хэдэн төгрөгөөр очихыг мэдэхгүй/ дээд зэрэглэлийн автобус унаанууд, хоол хүнс, хүлээн авалтуудын зардал, /дандаа л хамгийн тансаг хэрэглээнийх. Ямар л "Ерөөл" архи задлав гэж/. Цагдаа, эмнэлэг, Онцгойгийнхны олон хоног бэлэн байдалд нойр хоолгүй ажилласны хөлс зардал, үзвэр, үйлчилгээ... гэхчлэн олон зуун тэрбум төгрөгийн зарлага гарсан байх гэж би боддог. Тэр их олон сурталчилгааны материал, ном товхимол, урилга билет...гээд яасан ч 21 тэрбум төгрөгөнд багтахгүй дээ.
Манайхан "Эдийн засаг ядуурсан үед дур мэдэн хийлээ", "Хайран хөрөнгө мөнгө", "Хойшлуулж болоогүй юмуу" гэхчлэн их бичсэн л дээ. Тэгэхээр, эрхэм дээдэс маань ялихгүй зардал гаргаад, их олз ашиг олж байгаа юм шиг рекламдаад байна уу даа гэж бодогдсон. Энэ тухай ярих хэрэг гарвал гадны зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхнийг явсан хойно амин зуураа ярилцаж болно шүү дээ.
Учир утгагүй олон амралт, баяр цэнгэлийн муу үр дагавар их бий. Ес хоногийн амралт дөнгөж өнгөрөнгүүт аймаг, сумын наадам, овоо тахилгууд үргэлжилж байна. Хөхөө өвөл тулж, хөхүүр хоосортол л энэ амралт, архидалт үргэлжилнэ. Албан газрууд нь цоожтой, аягүй бол тамга тэмдгээ жижүүртээ хадгалуулчихсан байгаа. Хөдөөнийхөн бол хөлс нь дусалсан хүүхэдтэй, хөхөл сүүлий нь боосон морь хөтлөөд л гэрийн бараа харахгүй яваа. Юманд чинь хэмжээ хязгаар гэж байдагсан даа. Манайхны амралт, архидалт бол хэмжээ хязгаараа алдсан.
Жилийн хагасыг ингэж наадаж наргичихаад нэг мэдсэн чинь гаднаа ганц бухал өвсгүй, галдаа хийх модгүй сууж байдаг. Анхны цаснаар л төр засаг, нөөцийн өвс хулс руу алгаа тосно. Аймаг, сумын зарим Засаг дарга нар, бүр сурчихсан. Эхлээд л "зуд турхан боллоо" гэж чангахан хашгирвал овоо юм олоод авдагийг мэднэ. Дээгүүр танил тал нь ч түүний нь ойлгоно. Хамгийн их наадамласан газрууд хамгийн түрүү, улсын фондоос зузаалж авна даа. Манайд ийм муу зуршил тогтчихсон. Зун, намрын хэдэн сарыг хэн их зугаалж наргисан нь, улсын фондоос тэжээлгэж сурчихаад байгаа юм. Үнэгүй авна гээч! Улс, татварын мөнгөөрөө бэлтгэсэн нөөц хөрөнгөө хөдөөнийхөнд үнээр нь, зардал чирэгдлийнх нь төлбөртэйгээр өгч баймаар юм.
Өнөө жилийн хувьд бүр ч онцлог. Бичин жилийн давтамж ирж байгаа. Би 1944-1945 оноос эхлээд хэд хэдэн бичин жилийн зудыг өнгөрөөсөн хүн. Зарим нь өнгөрсөн өвөл хавар өнтэй сайхан өнгөрлөө. Бичин жил өнгөрлөө хэмээн тайвширч байж магадгүй. Манай ахмадууд: "Бич сүүлээрээ ороолгодог юм. Тэр л хэцүү" гэж ярьдаг. "Сүүлээрээ ороолгоно" гэдэг нь ирэх намар, өвлийг хэлж байгаа юм. Өнөө өвөл илүү дунд сартай. Энэ бүхнийг бодож болгооход илүүдэхгүй болов уу.
Эрхэм дээдэс минь, Монгол архинд живлээ. Нэг хүнд ногдох архины хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа ч гэх шиг. Монголыг ингэж сүйрүүлэх бодлого чинь хэнд үйлчлээд байгаа юм бэ? Монгол руу: "Хүнээсээ газар нь үнэтэй" хэмээн улангасан дайраад байгаа гадныханд үйлчлээд байгаа юм биш үү. Болгоотугай!.
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин