|

Ц.Элбэгдорж: Энэ өргөтгөлийг ”Эрдэнэт” үйлдвэрийнхэн өөрсдөө голлон гардаж хийлээ

namuunaa 2015/06/22 747 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Орхон аймагт ажиллаж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд оролцлоо. Өргөтгөлийн нээлтэд мөн УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ОХУ, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Улаанбаатарт болсон Монголын Эдийн засгийн чуулганы хүндэт төлөөлөгчид оролцсон юм. 
 

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. 


Тэрээр хэлсэн үгэндээ "Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдын энэ өглөөний түмэн амгаланг айлтгая. Өнөөдөр их сайхан баярын өдөр болж байна. Одоогоос олон жилийн өмнө, бараг 34 жил болж байх шиг байна. Би Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орж, энэ үйлдвэрийн үнэрийг үнэрлэж, малгай, ажлын хувцас өмсч, ачигч хийж, машинч хийж, засварчин хийж явсан. Энэ бол 1981-1982 он байсан юм. 
 

"Эрдэнэт” үйлдвэрээс анхныхаа цалингаа, 360 төгрөг авч байлаа. Гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрж байсан. "Эрдэнэт” үйлдвэрээс анхныхаа мэргэжлийн үнэмлэхийг авч байлаа. Машинчны, засварчны, тэр үед слесарь гэдэг байсан, слесарийн үнэмлэх авч байсан. Өнөөдөр төрөлх үйлдвэрт маань ийм сайхан баярт үйл явдал тохиож байгаад туйлын их баяртай байна.Өнөөдөр та биднийг Монгол Улс даяараа, баяраа тэмдэглэж байгаа Эрдэнэтийн ард иргэд бүгдээрээ харж байгаа. Бүгдээрээ баярлаж байгаа. Энэ өдрүүдэд Монголын Эдийн засгийн чуулган, хувийн хэвшлийн дээд хэмжээний уулзалт болж байгаа. Өчигдөр Улаанбаатарт энэ арга хэмжээнд оролцсон хүмүүс шөнө галт тэргээр гарч, өнөө өглөө энд хүрэлцэн ирээд байна. Маш олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газар,бусад хариуцлагатай албаны хүмүүс, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаар ахлуулсан манай хүндэт ахмад уурхайчид,урлаг соёлын зүтгэлтнүүд, бидний хамтран ажилладаг хөрш орнуудын төлөөлөгчид, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Беларусь улсын Элчин сайд, бусад хүндтэй зочид энэ баярт оролцохоор урилгыг хүлээн авч, чин сэтгэл гарган хүрэлцэн ирээд байна. 
 

Ингээд нийт монголчууддаа, нийт эрдэнэтчүүддээ, нийт уурхайчиддаа, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочиддоо чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. 


Эрдэнэт үйлдвэр анх хуучин ЗХУ, БНМАУ гэж байхад яригдаж, үйл ажиллагаа, зураг, төсөл хийгдэж байсан. Одоо ашиглалтад орсноосоо хойш 37 дахь жилдээ ийм сайхан бүтээн байгуулалт, шинэ өргөтгөл хийж байна. Энэ уурхайн үйл ажиллагааг цааш явуулахад зардал өндөртэй, хүндрэлтэй асуудлууд бий. Уурхайн бүтээгдэхүүнийг зарж борлуулахад асар өндөр үнэ хүрч байсан нэг үе бий. 10 мянган ам.доллар хүрч байсан шүү дээ. Энэ нь эргэж 5 мянга, 6 мянган ам.доллар болж унасан хүндрэлтэй үе ч байсан. Энэ уурхайн олон мянган ажилтан, энэ хотын олон мянган гэр бүл, улс орны хувь заяанд энэ уурхай маш их үүрэг гүйцэтгэдэг учраас үйл ажиллагаа тасралтгүй явж байх ёстой. Өсөн нэмэгдэх байдлаар цаашаа явж байх ёстой. Иймээс өргөтгөл хэрэгтэй болсон. 
 

Энд бахархам, тэмдэглэж хэлэх шаардлагатай зүйл бол энэ өргөтгөлийг манай Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдөө, инженер, техникийн ажилтнууд нь голлон гардаж хийсэн. Мөн манай хоёр хөрш орон ОХУ, БНХАУ-аас хөрөнгө оруулсан. Мөн бусад орноос хөрөнгө оруулалт, техник, технологийн тодорхой дэмжлэг авч ажилласан. Энэ бүх барилга, үйлдвэрлэл, угсралтыг манай Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд голлож гардаж хийсэн нь гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Дээрээс нь манай үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн өргөн хүрээтэй оролцсон. Ийм хамтын бүтээл болсон. Хамгийн гол нь Эрдэнэт хотын аж ахуйн нэгжүүд үүнд бас идэвхтэй оролцсон. Тэгэхээр энэ бол Монголын аж үйлдвэр, бизнес, аж ахуй эрхлэлт, эдийн засгийн бүх хүрээлэл хамтарч оролцож хийсэн том бүтээн байгуулалт юм. Яагаад том гэж нэрлэж байна вэ гэвэл бид Эрдэнэт үйлдвэрээ их том бүтээн байгуулалт гэж үргэлж бахархаж явдаг. Энэ том бүтээн байгуулалт маань тавны нэгээр, зарим тохиолдолд дөрөвний нэгээр хүчин чадал нь нэмэгдэж байна.Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол одоо энэ өргөтгөл орсноор 6 сая тонн хүдэр боловсруулах хэмжээ нэмэгдэж байна. Жилдээ 517 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг байсан бол дахиад үүн дээр 113 мянган тонн зэсийн баяжмал гаргах боломж бүрдлээ. Жилдээ манай Эрдэнэт үйлдвэр 1,3 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийж, орлого олдог байсан бол үүн дээр дахиад 250 тэрбум төгрөгийн орлого нэмж олох боломж бүрдэж байгаа юм. Энэ бол үйлдвэрийн хамт олон, улс орны эдийн засаг, үйл ажиллагаанд их сайн үйл хэрэг, сайхан үйлс болж байна. Өмнө нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд, Зөвлөлтийн ажилчид гэж их ярьдаг байсан. Одоо ОХУ-ын мэргэжилтнүүд бидний хамгийн ойр дотнын хамтарч ажилладаг хүмүүсийн сэтгэл зүтгэл үүнд их оролцсон. 
 

Сая 5 дугаар 9-нд, Ялалтын баяраар би Москвад очиж Ерөнхийлөгч В.Путинтай ярилцсан. ОХУ-ын удирдлагатай уулзахад Эрдэнэт үйлдвэрийнхээ тухай бид нар ярьдаг. Энэ үйлдвэрийн боломжийг цаашид өргөжүүлэх талаар ярьдаг. Цаашдаа Эрдэнэт үйлдвэр шиг ийм том бүтээн байгуулалтуудыг ОХУ болон бусад хөрш, өөр бусад орнуудтай хамтарч босгох, хамтарч ажиллах талаар ярьдаг юм. 
 

Танай үйлдвэрийн Ерөнхий захирал Монгол Улсын Ерөнхий сайдтай хамт Санкт-Петербург хотноо жил бүр болдог эдийн засгийн нэр хүндтэй чуулганд оролцоод дөнгөж урьд шөнө эргэж ирлээ. Тэнд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй мөн уулзаж үйлдвэрлэлийн ирээдүй, хамтын ажиллагааныхаа ирээдүйн тухай ярилцсан. Сая надад Элчин сайд хэлж байна. "Сайн явж ирсэн шүү, сайхан мэдээтэй” гэж. Ингэж Монгол, Оросын хамтын ажиллагаа үргэлж сайхан мэдээгээр баяжиж, бидний өмнө тулгамдаж байгаа зорилтуудыг хамтарч давж ирсэн сайхан үйл ажиллагаа улам цаашаа үргэлжилнэ гэж бодож байгаа. 
 

Хоёр орны төдийгүй, бусад орны хөрөнгө оруулалт, тэднээс хамтран ажилладаг шинэ технологи, шинэ боломжууд Монголд орж ирж болох юм байна. Ингэж өргөтгөж чадах юм байна. Монголчууд өөрийн гэсэн дотоодын, өндөр мэргэжлийн инженер, техникийн ажилтан, ажилчидтай болсон юм байна. Ингэж цаашаа эдийн засгаа өргөжүүлж явах юм байна гэсэн урам зоригийг бид бусдад ч өгч байгаа. Өөрсдөө ч ийм урам зоригийг авч байгаа. Тэгэхээр энэ үүднээсээ энэ үйл хэрэг, өнөөдрийн энэ өргөтгөл бол чухал зүйл юм гэдгийг энд тэмдэглэж хэлье. 


Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан ажилтан хүний хувьд үйлдвэрээрээ, энд байгаа хамт олноороо , Эрдэнэт хотынхноороо үргэлж бахархаж явдаг юм. Энд би сургуулийн сурагч болж гүйж явсан. Энэ үйлдвэрийн ажилтан болж ажиллаж байсан. Өнөөдрийн Эрдэнэт үйлдвэрийн энэ өргөтгөл, энэ баяр бол нийт эрдэнэтчүүдийн, нийт Монголын ард түмний баяр юм. Эрдэнэт үйлдвэрт хуучин ажиллаж байсан ажилтнууд, ахмадууд, 40 хувиар чөлөөндөө гарсан тэр хүмүүсээ харж, тэр хүмүүстээ урамшуулал олгосон. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа нийт  ажилтнуудад энэ баярын өдрүүдэд мөн урамшуулал хүрч байгаа гэж сонссон. Энэ бүхэн сайхан юм. Энэ бүхэн Монголын ард түмний бүтээн байгуулж байгаа энэ их үйлсийн их өглөг гэж бодох хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа, энэ үйлсэд залбирч, сэтгэлээ зориулж, зүтгэж ажиллаж явах ёстой. Өнөөдөр үйлдвэрийн энэ шинэ бүтээн байгуулалтын үед Эрдэнэт үйлдвэрийг анх нээхэд оролцож, Эрдэнэт үйлдвэрийн анхны хайгуулыг хийж, анхны майхан татаж явсан хуучин ахмадуудаа дурсах хэрэгтэй. 
 

Миний хувь заяанд сайхан дурдатгал байдаг юм. Миний хадам аав болох, миний эхнэр Болормаагийн маань аав Эрдэнэт үйлдвэрийн хайгуулын ангийг ахалж ажиллаж байсан Сүхбаатар гэж хүн байсан. Эрдэнэтийг нээхэд анх Чехийн хайгуулчидтай ирж, энэ газар, ордыг илрүүлж ажиллаж байсан ийм хүн байсан. Тэр үйл ажиллагаа 1960-аад оноос явсан. Тэр хайгуулчид, инженер, геологичид, Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад оролцсон тэр ахмадуудаа бид дурсах хэрэгтэй. Үйлдвэрийг удирдаж ирсэн, бүх цех, үйлдвэрийг удирдаж байсан бүх хүмүүсээ  дурсах хэрэгтэй. Энэ үйлдвэрт ажиллаж, бүтээн байгуулалтыг авч яваа, Монголын үйлдвэрлэлийн зүрхийг байнга цохилуулж авч яваа хүмүүсээ  дурсах хэрэгтэй.Мөн энд зогсож байгаа  энэ үйлдвэрийн ажилтнууд, уурайчид та бүхнээр бид бахархах ёстой юм. 
 

Ингээд та бүхэндээ дахин баяр хүргэе. Монголын хөгжил дэвшил улам өөдрөг байх болтугай. Эрдэнэтчүүдийн маань үүнд оруулах хувь нэмэр улам өөдрөг байх болтугай. Дахих дахин баяр хүргэе. Баярлалаа” гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top