|

ЗАРИМ АЙМГУУДЫН НААДМЫН МЭДЭЭЛЛЭЭС...

saikhnaa 2016/07/26 1620 0

ЗАРИМ АЙМГУУДЫН НААДМЫН МЭДЭЭЛЛЭЭС...

 

Дундговь аймгийн 75 жилийн ойн их баяр наадмын үндэсний бөхийн цол олгох барилдаан 7-р сарын 15-нд  болж өнгөрөв. Хүчит 256 бөхөөс Өндөршил сумын харьяат тойргийн арслан Хүрэлбаатарын Батбаяр найм даван түрүүлж арслан цол хүртжээ. Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Батбилэгийн Баярмөнх үзүүрлэж заан цол, Адаацаг сумын харьяат Энх-Амгалангийн Ариунбуян харцага цол тус тус хүртлээ. Их шөвөгт Ганзоригийн Баяржавхлан шалгарав. Бага шөвөгт үлдсэн Цагаандэлгэрийн Зоригтболдын Мөнхтулга, Адаацаг сумын Жамбалсамбуугийн Ганхуяг нар начин цол шинээр хүртлээ. Улаанхүүгийн Мөнхчулуун, Болдбаатарын Доржсүрэн нар бага шөвөгт шалгарав.

Сэлэнгэ аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15, 16-нд болж өнгөрлөө. 256 бөхөөс Баруунбүрэн сумын харьяат цэргийн заан Энхбатын Тулга түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. 2010 оны бүх цэргийн баяр наадмын үзүүр хүчтэн маань самбо, жүдо бөхөөр хичээллэдэг Хилчин спорт хорооны бөх юм. Түүний төрсөн ах нь аймгийн начин Э.Буянтогтох, самбо жүдо барилдааны спортын мастер, аймгийн алдарт уяач Э.Төрболд нар юм. Ээжийн талд нь улсын начин Д.Амаржаргал, аймгийн заан Л.Дунгаа, аймгийн заан Д.Эрдэнэбат, аймгийн заан Д.Гүррагчаа, аймгийн начин Д.Данзан, Д.Далантай, Д.Дамдин гээд Шаамарын уугуул олон хүчтэнүүд бий юм.  Олон жил сайн барилдаж байгаа сумын шилэг сайн Орхонтуул сумын харьяат Сүхбатын Оргилбаатар найм даван үзүүрлэж шууд сумын заанаа аймгийн заан цолоор солилоо. Их шөвөгт үлдсэн Наранцэцэгийн Энхжаргал нэлээд эрэмбэтэй харцага болж байгаа бол Д.Азжаргал арслан мөн шөвгөрөв. Бага шөвөгт үлдсэн Бугантын аралтай бяртай Б.Цогтбаяр, Эрхэм аваргын садан Товуусүрэнгийн Лхагвасүрэн, Хүдэр сумын харьяат сумын шилдэг заан Бат-Эрдэнийн дүү Батсүрэн, Сантын шилдэг заан Нямсүрэнгийн Батмөнх нар аймгийн цолтны гэр бүлд багтаж залаат малгайтай бөхийн өргөөнд гарах болжээ.

Хөвсгөл аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15, 16-нд болж өнгөрөв. Хүчит 256 бөхөөс Шинэ-Идэр сумын харьяат аймгийн шилдэг харцага Цэрэнбатын Сандагдорж түрүүлж аймгийн арслан цол хүртэв. Тосонцэнгэл сумын харьяат шилдэг сумын заан Ням-Очирын Даваахүрэл долоо давж аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Цагаан-Үүрийн Нармандахын Жаргалбат, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарав. 

Их-Уулын уран барилдаант Энхмэндийн Өлзийсайхан, улсын харцага Г.Элбэгийн хүү Батсуурь (өнгөрсөн жилийн өсвөрийн улсын аваргад сайн хүч үзэж байсан), Цагаан-Уул сумын харьяат шилдэг сумын заан Гармаагийн Бат-Эрдэнэ, Жаргалант сумын харьяат Алтанбулаг сумын заан Хатанбаатарын Тулга нар аймгийн начин цолтой ирэх улиралд МБӨ-нд хүч үзэхнээ.

Баян-Өлгий аймгийн 76 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 16,17-нд  болж өнгөрөв. Хүчит 256 бөхөөс Цэнгэл сумын харьяат аймгийн шилдэг харцага Улагпаний Береке найм даван түрүүлж, төрийн их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Б.Серик үзүүр булаав. Аймгийн заан Мусатын Аманбек чимэг нэмж, Дөрветханы Бейбит зургаа давж аймгийн харцага цолонд хүрэв. Дамжилханы Алтымбек, Архангайн Дагвадорж, Налайхын Чимэддорж, Жанатын Бахытжан нар шинээр начны болзол хангав.

Баянхонгор аймгийн баяр наадам долдугаар сарын 18-ны өдөр болж,  хүчит 256 бөхөөс Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо найм даван түрүүлж цолоо баталлаа. Хурц чимэгтэй арслан ирэх улиралд өргөөнд эрэмбэ дээгүүр үзэх бололтой. Аймгийн харцага Дагвапунцагийн Бямбасүрэн үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Жаргалант сумын харьяат Мөнхжаргалын Батбаатар аймгийн харцага цол, Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших их шөвөгт үлдэж чимэг нэмэв. Богдын Батсүхийн Эрдэнэбуян, Богдын Баянмөнхийн Болдбаатар нар начин цол хүртэж, Ганзоригийн Жамбалдорж нэмэх начин болж, аймгийн заан Б.Буянмөнх аймагтаа бага шөвөгт шалгарав.

Увс аймгийн түүхт 91 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 18,19-нд Улаангом хотноо болж өнгөрлөө. Хүчит 256 бөхөөс Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат улсын алдарт уяач Ж.Дамдингийн хүү аймгийн шилдэг харцага Тогтохжаргал найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Тэс сумын харьяат шилдэг сумын заан Жамсрангийн Ням-Эрдэнэ үзүүрт үлдэж заан цол хүртэв. Шинэ зааныг долоогийн даваанд Н.Батсуурь арслан амласан юм. Түрүү бөхтэй тойргийн арслан Төрмөнхийн Хайдав тунаж унажээ. Бага шөвөгт үлдсэн Ховд сумын Эрдэнбатын Лхамхүү, Өмнөговь сумын Болоогийн Алтангэрэл, Давстын Сүнэрэвийн Жамсран, Цагаанхайрханы Тодсайханы Мөнх-Эрдэнэ цолоо баталжээ.

Ховд аймгийн баяр наадам долдугаар сарын 18,19-нд болж өнгөрлөө. Хүчит 256 бөхөөс Манхан сумын харьяат аймгийн заан Шараагийн Мөнх-Од найм даван түрүүлж арслан цол хүртжээ. Алтай сумын харьяат Шонхорын төгсөгч аймгийн нэмэх начин Гансүхийн Хишигбат үзүүрлэж заан цол хүртэв. Их шөвөгт үлдсэн нэмэх начин Цэвээнпүрэвийн Адъяа, Зэрэг сумын харьяат аймгийн харцага Монцойн Ганзориг нар их шөвөгт үлдэв. Чандманий Мөнхбаатарын Баярбат, мөн сумын заан Алтансүх, Дарвийн Жаргалын Түвшинтөр, сумын заан Б.Хаш-Эрдэнэ нар дунд шөвөгт үлдэж аймгийн начин цол шинээр хүртэв.

Өвархангай аймгийн баяр наадамд а.н.н Т.Ядамсүрэн түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол а.з Д.Мөнхболд үзүүрлэж, цолоо баталжээ. Харин Дархан-Уул аймгийн баяр наадамд а.а Г.Ганням түрүүлж, хурц чимэг нэмсэн бол с.з С.Очирбат үзүүрлэж аймгийн заан болжээ.

Дорнодод а.з Д.Ариунмөрөн түрүүлж арслан болжээ. Үзүүрт шинэ начин Д.Анар шалгарсан бол аз Шинэзориг, а.н.н Эрхэмбаяр их шөвөгт шалгарсан гэнэ.

Эх сурвалж:  www.undesniibukh.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top