|

ОРХОН ГОЛ "УЙЛЖ", АЛТНЫ КОМПАНИУД ТУЙЛЖ БАЙНА

saikhnaa 2016/08/17 1133 0

ОРХОН ГОЛ "УЙЛЖ", АЛТНЫ КОМПАНИУД ТУЙЛЖ БАЙНА

 

Байгаль дэлхий ингэж уйлдаг байх. Урсгал ус улбар шар өнгөөр мэлмэрч, ундлах нь битгий хэл хүн, мал ойртохын аргагүй өнгө зүстэй болжээ. Энэ бол Монголын хамгийн урт Орхон голын бараг эхэнд зогсохдоо бодсон бодол.

Хэдэн өдрийн өмнө орсон усархаг борооны усаар дэм авч Орхон гол хэрэндээ л үерлэжээ. Гол доторх чулууны өнгийг танигдахааргүй болтол нарийн ширхэгтэй шар улаан шороо бүрхжээ. Бидний байгаагаас гурав хүрэхгүй километрийн цаанаас 

Их Тээл, Өлт гол гэх мэт жижиг голууд Орхон голд нийлж байгаа. Орхон голын өнгө солигдож, "өвдөж шаналж” буйн шалтгаан Их Тээлийн голын эрэгт "Ашиглалтын лицензтэй” хэмээн даналзаж буй алтны компаниуд юм.

Бид Их Тээлийн голыг даган алт угаасан бохир шороогоо гол руу асгагчдыг зорилоо. Их Тээлийн гол Хангайн нурууны салбар уулс Суварга хайрхан уулын өвөр бэлээс эх авсаныхаа хүчинд л урсаж байна гэлтэй. Зарим газраа гол урсаж байна уу, элс нүүж байна уу гэмээр болжээ. Улаан шаргал өнгөөр тунаран урсах голыг өгсөж явах замд морьтой, машинтай хүмүүстэй таарсан нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн уугуул 62 настай Н.Дорж гуай замын хүнд газар зааж өгч байсан аж. Их Тээлийн гол, Орхон гол алтны шороогоор бохирдож байгаа талаар бид цөөн хором ярилцлаа. "Нутгийн бид эхэндээ "Гол, ус ширгэлээ. Хүн, мал уух усгүй боллоо. Байгаль, дэлхий хилэгнэнэ” гээд л алтны юмпаниуд, нинжа нартай үзэж тардаг байлаа. Хэн ч тоохгүй, ямар ч арга хэмжээ авахгүй юм чинь. Одоо энэ талаар дуугардаг хүн ховордсон. 2000 оноос хойш ийм дүр төрхтэй болсон байх. Энэ жил бүр гойд их бохирдож байна. Сая 2015 оноос өмнөх хэдэн жил алтны компаниудын үйл ажиллагааг Урт нэртэй хуулиар зогсоотол газар газрын нинжа ирээд алтны компаниудаас дутахааргүй бохирдуулсан. Улсаас эрхийг нь авч байгаа юмпаниуд ийм хариуцлагагүй байхад нинжа нар яаж хандах нь ойлгомжтой. Хүн, малгүй горхи, булаг бараадаж ундны усаа аргалж байна. Бид энэ голоос ундалж, бидний үеийнхэн болоод үр хүүхдүүд маань Орхон голын хөвөөнд умбаж өссөн. Одоо уудаг, усанд нь сэлдэг байсан гэхийн аргагүй болсон байгаа биз. Алтыг долоон төрлийн химийн бодис орсон усаар угааж тунгаадаг гэнэ лээ. Голын усыг шинжилгээнд явуулахад маш хортой гэсэн хариу ирсэн. Голоос авсан усаа хувинд хийгээд хонуулахад хуруу хэрийн зузаан улаан шороо ёроолд нь тунасан байдаг. Орхон гол маш их загас жараахайтай байсан. Одоо бүгд устаад дууслаа. Энэ бол алтны компаниуд, байгалийн баялгийг хүртчихээд эргээд хариуцлага хүлээдэггүй хомхой сэтгэлтнүүдийн балаг” гэсэн юм.

Мөн алтны компанийнхан "Мал, амьтан хордоогүй байхад та нар битгий сүржигнэж элдэв цуурхал гаргаад бай” гэж ард иргэдийг загнаж байна гэсэн. Хордсон бол өнөө маргаашдаа мэдэгдэхгүй шүү дээ. Үр хүүхэд, ач зээд нь элдэв хор, химийн бодисны нөлөө хожим л илэрнэ. Гажигтай, эрхтэн дутуу, өвчтэй хүүхэд төрөх нь олширсон гэж телевизээр ярих нь ихэсч. Зөвхөн Орхон гол бус бусад томоохон голын сав дагуух алтны хяналттүй, эрээ цээргүй олборлолтьш сөрөг үр дагавар илэрч эхэлж байна гзж бид ярьдаг” гэлээ.

Улаан хоормог болсон ус урссаар. Айлууд ч энэ хавиас нүүжээ. Биднийг үүгээр явах хугацаанд мал, амьтан ер үзэгдсэнгүй. Бүгд голын бохирдлоос болж дайжсан бололтой. Голын ойр орчмын ургамал, мод бут сөөг хүртэл өнгө зүсээ алдаж гунджээ. Энэ нутгийн хөрс гэмтэж, малын бэлчээрийн экосистемд өөрчлөлт орсныг элдэв шинжилгээ, судалгаагүйгээр ойлгохоор дүр зургийг эндээс харж болно. Уулын бэлийг ухахад бэлэн экскаватор, Орхон голын эрэг дагуух шороог зөөх зориулалттай хүнд даацын машин голын эрэг дагуу хаа сайгүй байрлажээ. Эдгээр техник, хэрэгслийг хараад Н.Дорж гуайн "Алтны компаниуд драг гээд машинаа голын усанд оруулаад ажиллуулдаг. Үүнийг нь нутгийн хүмүүс харахаас биш шийдвэр гаргах, хариуцлага тооцох албаныхан харахгүй. Тэднийг ирэхэд өнөөх нь байх ёстой газраа л байж байдаг юм” гэсэн яриаг санав.

Орхон голын сав газарт найман аймгийн 53 сумын нутаг дэвсгэр ямар нэгэн хэмжээгээр багтдаг аж. Архангай аймгийн Булган, Өлзийт, Төвшрүүлэх, Хотонт, Орхон аймгийн Баян-Өндөр, Өвөрхангай аймгийн Хужирт зэрэг сумдын нутаг бүтэн багтсан байна. Харин Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут, Эрдэнэмандал, Баянхонгор аймгийн Галуут, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ, Төв аймгийн Жаргалант, Заамар, Угтаалцайдам сумдын нутаг дэвсгэрийн тодорхой хувь нь Орхон голын сав газарт хамардаг. Өөрөөр хэлбэл, ийн улаанаараа эргэж буй гол найман аймгийн 53 сумын нутаг дамжин урсахдаа олон зуун хүн, хэдэн сая мал, амьтдыг ундалдаг. Энэ гол химийн болон бусад хорт бодисоор бохирдвол юу болохыг таахад бэрх.

БОНХЯ-ныхны "Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-нд "Орхоны сав газарт аймгийн төв дөрөв, сумын төв 25, баг 134 байгаагийн дотор Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт, Хархорин хотууд энэ сав газарт оршдог. 2010 оны байдлаар Орхон голын сав газарт Монгол Улсын хүн амын 8.6 хувь оршин сууж байсны 51.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Сав газрын хүн амын 37.3 хувь Орхон, 21 хувь Архангай, 17.8 хувь Сэлэнгэ, 12.6 хувь Өвөрхангай, үлдсэн нь Төв, Булган, Дархан-Уул аймагт ногдож байна.Насны бүтцээр нь авч үзвэл, 2010 оны байдлаар 15 хүртэлх насны хүүхэд 70.0 мянга, 15-34 насны залуучууд 83.0 мянга, 35-59 насны хүмүүс 68.5 мянга, тэтгэврийн насны 13.9 мянган иргэн байна. Түүнчлэн тус сав газрын хүн ам 2021 онд 262.4 мянга болно” гэжээ. Дээрх судалгаа нь Орхон гол бохирдож болохгүйн наад захын шалтгаан мөн. Уг гол 1124 км газар урсан Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг.

ОРХОН ГОЛЫН ЭХЭНД "АШИГЛАЛТЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НАЙМАН КОМПАНИ АЛТ ОЛБОРЛОЖ БАЙНА

Бид явсаар Их Тээлийн голын зүүн эрэг дагуу байрлах "Монгол газар” компанийн эзэмшлийн ашиглалтын талбайд ирлээ. Биднийг очиход хамгаалалтын албаныхан "Мэдээлэл өгөх эрх бүхий хүн Улаанбаатар явсан. Бид ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гээд биднийг талбай руу оруулаагүй юм. Тус талбайд 200 гаруй хүн, алт ухах, угаах гэх мэт уурхайн ажил өрнөж байв. Тэдний Их Тээлийн гол руу алтны шороо угаасан ус болоод шороог оруулахаас сэргийлж барьсан далан, шудуу аль хэдийнэ эвдэрч, уурхайн хаягдал гол руу ямар ч саадгүй урсаж байв. "Суваг, шуудуугаа янзлах, гол руу урсаж байгаа шороо бохир усыг тогтоох эсэх тал дээр ямар арга хэмжээ авч байгааг тодруулахыг оролдсон ч "Энд энэ талаар мэдэх нэг ч хүн байхгүй. Зөвхөн ажилтнууд өөрсдийн үүрэг чиглэлээр ажлаа хийж байна” гэсэн юм.

Их Тээлийн голын зүүн эрэгт "Монгол газар”, "Эм Жи Эйч” гэсэн хоёр компани ашиглалтын лиценз эзэмшдэг юм байна. "Монгол газар” ХХК "Шийртийн салаа” орд газар 173 га газрыг МУ002427 тусгай зөвшөөрлөөр, "Харгуйтын ам” орд газарт МУ005529 тусгай зөвшөөрлөөр 323 га газар эзэмшиж, алт олборлож байна. "Эм Жи Эйч” ХХК нь "Монгол газар” ХХК-ийн охин компани аж. Тус компани нь энэ газарт мөн хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Тодруулбал, МУ007207 тусгай зөвшөөрлөөр 143 га талбайг "Улаан чулуут” орд газарт, МУ009258 тусгай зөвшөөрлөөр 365 га газрыг "Ястын гол” орд газарт эзэмшиж байна. Гэхдээ эдгээр талбайг ашиглах эрх дээрх хоёр компанийн нэр дээр байгаа ч одоогийн байдлаар 14 туслан гүйцэтгэгч компани алт олборлож байна. Өөрөөр хэлбэл, дээрх талбайд хоёр компанийн тоног төхөөрөмж ажиллах бус 14 компанийн тоног төхөөрөмж зэрэг ажиллаж, 14 бичил уурхай нэгэн зэрэг хаягдал шороо, бохирдсон усаа Их Тээлийн голд нийлүүлж байна гэсэн үг. Өнгөрсөн онд дээрх талбайд "Монгол газар” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэх 24 компани алт олборлож байсныг холбогдох албаныхан арга хэмжээ авснаар цөөрөөд байгаа нь энэ гэнэ.

Харин голын баруун эрэг дагуу ашиглалтын таван линцензийн эрхтэй "Батбродерс” ХХК, "Алтайголд” ХХК, "БМНС” ХХК, "Алтандорнод Монгол”ХХК, "Голден хаммер” ХХК гэсэн компанийн ажилтнууд алт ухаж байна. Дээрх компаниудын удирдлага, хариуцаж байгаа албан тушаалтантай уулзаж, "Орхон голын бохирдлын цаашлаад монголчуудын ундны усыг бохирдуулж буй байдлаа хэзээ зогсоох вэ” гэх асуултад хариулт авахыг оролдсон ч "Улаанбаатар дахь төв компанийн хэвлэлийн ажилтнуудтай холбогдож энэ талаар мэдээлэл авах боломжтой. Бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй” гэв.

Дээрх компаниуд ашиглалтын талбайдаа нөхөн сэргээлт хийдэгтүйгээс гадна үер, усны, бохирын далан шуудуугүй, усаа дахин ашигладаггүй, ашигласан бохир усаа ил задгай шууд урсгаж байв. Компаниудын алтны шороогоо угаасан бохир ус, хаягдлууд нийлэн урссаар Их Тээлийн голд нийлж, улмаар Орхон голын эхэнд хүрч байгаа нь энэ.

ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛАХ ЭРХИЙГ АЛТ ОЛБОРЛОГЧДОД ХЭН ӨГСӨН БЭ

Орхон голын бохирдол шинэ сэдэв биш. Өвөрхангай, Архангайчуудад бол бүр ч биш. Ингэж хэлэхийн учир нь 1999 онд Орхон голын эх Шийртийн ам, Өлзийтээл, Буцанттээл, Өлт, Харгуйтын голын хөндийд алтны хайгуул, ашиглалтын тусгай эрхийг хэн хүссэнд өгч, улмаар 1999 оны аравдугаар сар гэхэд тус газарт алт олборлогч компанийн тоо 60-д хүрсэн байв. 2000-2006 онд Орхон голын хор болсон хэмээн зарлаж, олон тооны горхи, булаг ширгэсэн тухай хэвлэлийнхэн шуугиж байсан ч холбогдох албаныхан замбараагүй олгосон лицензэндээ чөдөрлүүлж, арга хэмжээ авч чадахгүйд хүрч байсан гэхэд болно. 2009 оны долоодугаар сард Урт нэртэй буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар Орхон гол арайхийн "амьсгаа” авсан гэхэд болно. Алт олборлогч компаниудын үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоов. Гэвч эрх мэдэлтэн, албан тушаалтнууд Урт нэртэй хуулийг батлагдсаны дараа сараас эхлэн эсэргүүцэж, уг хууль хэрэгжсэнээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтгай 827 аж ахуйн нэгж хохироход хүрсэн гэж байв. Түүнчлэн дээрх компаниуд хохирлоо улсаас нэхэмжлэх, нөхөн олговор авахаар Засгийн газраас журам хүртэл батлуулж байсан юм. Иймд Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, хэлэлцэгдэж явсаар 2015 оны долоодугаар сарын 7-нд Засгийн газраас 120 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолоор ашиглалтын тусгай эрхтэй компаниудад холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудтай таван талт гэрээ байгуулан олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт шууд хийгээд явна гэх мэт тодорхой эрх үүргүүдийг хүлээн, ашиглалтын талбайгаа ашиглаж, нөхөн сэргээлт хийх эрх нь нээгдсэн. Үүний хүрээнд өнгөрсөн оноос ашиглалтын лицензтэй компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлсэний найм нь Орхон голыг бохирдуулж буй дээрх компани, аж ахуйн нэгж. Тэд уг хөндийд 40 жилийн эрхтэй тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уг эрхийг олгох өөр нэг шалтгааныг албаныхан улс орны эдийн засаг доройтсонтой холбон тайлбарлаж байгаа.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Орхон голын бохирдож буй шалтгааныг бид нүдээр үзсэн тул холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг тодруулахаар БОНХЯ-ыг зорилоо.

Бид тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарантай уулзаж, Орхон голын бохирдлын шалтгаан, бохирдуулагчдад ямар арга хэмжээ авч байгаа талаар цөөн хором ярилцлаа.

-Орхон голын бохирдолтой холбоотойгоор БОНХЯ-наас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Орхон голын бохирдлын асуудлаар БОНХЯ, МХЕГ, Архангай аймгийн БОАЖГ, МХГ, Орхон, Чулуутын голын хамгаалалтын захиргаа, "Ариунсуварга” ТББ хамтран Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 6-8-нд ажиллаад ирсэн. Орхон голын бохирдол Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багаас эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Орхон голын эхэд нийлж буй Их Тээлийн голын бохирдлоос шууд хамааралтайгаар бохирдож байна. Уг бохирдлыг тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай эрхтэй алт олборлогч компаниуд үүсгэж байгаа нь шалгалтын явцад тодорхой болсон. Тодруулбал, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх зорилгоор "Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд таван талт гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагууд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байсан. Хамгийн наад зах нь тэнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай эрхтэй компаниудаас хоёрхон нь байгаль орчны үнэлгээ албан ёсоор хийлгэсэн байсан. Бусад нь үнэлгээ хийлгээгүйгээс гадна бусад албан бичиг баримт дутуу, нөхөн сэргээлт огт хийгээгүй гэх мэт зөрчил байсан. Үүнээс хамгийн ноцтой нь эргэлтийн усан сангүй, хаягдлын далангүй, далангууд нь сэтэрсэн, эвдэрсэн гэх мэт зөрчлүүд гарсан. Бид долоо хоногийн үүрэгт хугацаа өгсөн. Энэ өдрүүдэд мэргэжлийн байгууллагын шинжээч, байцаагчид үр дүнгээ шалгаж байгаа.

-Голын усанд бохир ус, хаягдал нь шууд нийлж байгааг та бүхэн харсан юм байна. Үүнийг газар дээр нь таслан зогсоох арга хэмжээ авсан уу?

-Бохир хаягдал голын усанд нийлж байгааг мэргэжлийнхэн харсан. Зохих арга хэмжээ авсан.

-Уснаас дээж авч шинжилгээ хийсэн үү. Хариу нь ямар гарсан бэ?

-Орхон голын уснаас дээж авсан. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарна.

-Алт олборлогч компаниудын голын усанд цутгаж байгаа бохирт химийн ямар нэг бодис байгаа эсэхийг шинжилсэн үү?

-Олзуурхууштай нь уг бохирт химийн ямар нэг бодис байхгүй байсан. Гэхдээ шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.

-Ашиглалтын эрхээ сэргээхдээ бүрдүүлэх ёстой гэрээ, албан бичиг, заавал шийдвэрлэсэн байх ёстой зарим үүргээ биелүүлэлгүй үйл ажиллагаа явуулж байсан компаниудын нэрсийг дурдаж болох уу?
-Байгаль орчны үнэлгээгээ "БМНС”, "Голден хаммер” гэсэн хоёрхон компани хууль ёсны дагуу хийлгэсэн байсан. Бусад нь ашиглалтын талбайдаа үнэлгээ хийлгээгүй, нөхөн сэргээлт огт хийгээгүй байсан.

-Байгаль орчин бохирдуулахаас гадна хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй тохиолдолд тусгай зөвшөорлийг нь цуцлах боломжтой биз дээ?

-Шат шатны байгууллагын үзлэг, хяналт шалгалтын дүн гарсны дараа цуцлах эсэх тухай холбогдох байгууллагууд ярилцаж шийдвэрлэдэг. Одоогийн байдлаар үүрэгт хугацаа өгөөд хэрэгжилтийг хянаж байна.

Засгийн газрын 289 дүгээр тогтоолд усан сан бүхий газрын эргээс 50 метр, энгийн хамгаалалттай бүсээс 200 метр дотор алт олборлохыг хориглоно гэсэн заалт бий. Гэвч Орхон голыг бохирдуулж буй алт олборлогчдод энэ заалт үйлчилдэггүй бололтой. Засгийн газрын заалт задарсан компаниудад яагаад үйлчлэхгүй байгааг тодруулахаар МХЕГ-ыг зорьлоо.

 

Үргэлжлэл бий... 

Б.Энхмарт /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

top