Ханаж цаддаггүй толгой баячуудын нэг А.Шагдарсүрэнгийн үйл хөдлөл сүүлийн хэдэн жил дэндэж байна аа. Учир нь
тэрбээр УИД-ийн 100 хувийн хувьцаа
эзэмшигч мэтээр аашилж олон мянган жижиг хувьцаа эзэмшигчдийг 16
жилийн турш мөлжиж тэдний хөрөнгөөр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн түүх
түүнд бий.
Өөрөөр хэлбэл, бидний аав, ээжүүд цэнхэр, ягаан тасалбарынхаа ид шидийг ойлголгүй мөнгөтэй компанид өгч өөрсдөө ямар ч ашиг
хүртэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэд одоо яригдаж буй цэнхэр, ягаан тасалбар нь ийм хэмжээний хөрөнгө мөнгө болно гэж огтхон ч зүүдлээгүй явсан нь өрөвдөлтэй. Угтаа бол тэд эцэг эхийг минь "мангартуулж” хэдэн саяар яригдах цэнхэр ягаан тасалбарыг нь авч өнөөдөр тэднийг хүнээс дорд үзэж буйд сэтгэл эмзэглэж буй юм.
Уг нь цагтаа А.Шагдарсүрэн гуай миний
аав, ээжтэй л адилхан үйлдвэрийн ажилтан байсан. Гэтэл одоо хөрөнгө
мөнгө, эд хөрөнгөөрөө гайхуулсан том босс болоод зогсохгүй үнэтэй машин
хөлөглөх болсон нь бидний нүдний өмнө зурайж байгаа юм. Харамсалтай нь
өөрөө өдий зэрэгт хүрсэн ч жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироож, зөвхөн
өөрсдийн эрх ашгийн төлөө ажилласаар байгаа юм. Тодруулбал, тэд
дэлгүүрийн барилгыг "Номин”-гийн охин компаниудад түрээсэлсэн нэрээр,
хуурамчаар алдагдал үүсгэж бусад хувьцаа эзэмшигчийг хохироожээ. Уг нь
УИД ХХК нь нийт 20 мянган м.кв түрээсийн талбайтай бөгөөд компанийн
орлого түрээслэгчдийн мөнгөнөөс бүрддэг гэнэ.
Тус дэлгүүр нь нийт 36 сая 807 мянган
хувьцаатай. үүний 61 хувийг "Номин Холдинг” компани эзэмшдэг бөгөөд 38
хувийг нь 45.500 иргэн эзэмшдэг юм байна. Бүр тодруулбал, УИД-ийн 61
хувийн хувьцааг А.Шагдарсүрэн Р.Содном, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр гэсэн
гэр бүлийн гишүүд эзэмшдэг гэсэн үг. Тэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг
явуулахдаа давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид хэмээн бүх асуудлыг
өөрсдийнхөө талд шийддэг байна. Тиймээс л тэд өнгөрсөн хугацаанд
яригдаж байсан УИД-ийн өрийн асуудлыг ярилцахдаа "Бид 11 миллиард
төгрөгийн өртэй болсон байна. Тиймээс их дэлгүүрийг барьцаалж Европын
Сэргээн босголт хөгжлийн банкнаас 12.4 сая ам.долларын зээл авна хэмээн
жижиг хувьцаа эзэмшигчдийн тархинд цус харвуулах дөхсөн явдал юм.
Ингээд жижиг хувьцаа эзэмшигчид
УИД-ийг барьцаалан, зээл авахыг эсэргүүцэж, зөвшөөрөхгүй хэмээн саналын
хуудсыг урж, санал өгөөгүй аж. Гэтэл ихэнх хувьцааг гартаа оруулсан
гэр бүлийн гишүүд "Хувьцаа эзэмшигчдийн 90 хувь нь зөвшөөрсөн” гээд
хүчээр шийдэн, зээл авах шийдвэр гаргасан нь өнөөдрийн энэхүү асуудлыг
үүсгэхэд хүрчээ. Тиймээс жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө эрх
ашгийг хамгаалах үүднээс энэ сарын 04-ний өдөр "УИД яагаад ногдол ашиг
тараадаггүй вэ?” сэдэвт хэвлэлийн бага хурал зарласан нь 45.500
иргэнийг "нойр”-ноос нь сэрээхэд хүргэжээ. Тэд Санхүүгийн зохицуулах
хороонд хандаж "УИД” ХК-ийн үйл ажиллагааг шалгуулах талаарх хүсэлтээ
өчигдөр албан ёсоор албаны хүмүүст гардуулан өгч мөн хуулийн
байгууллага болон ШӨХТГ-т хандаж шалгуулах болсноо ярьсан юм.
Э.Алтаншагай: 45500 хувьцаа эзэмшигчийг нойрноос нь сэрээнэ
УИД-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг
хамгаалах клубын гишүүн Э.Алтаншагай "Сүүлийн хоёр жилийг авч үзэхэд
УИД нь 2013 онд 815.4 сая төгрөгийн, 2012 онд 655.3 сая төгрөгийн
алдагдалтай ажилласан байна. үүний гол шалтгаан нь "Номин Холдинг”
компанийн захирал А.Шагдарсүрэнгийн гэр бүлийнхэнд УИД-ийг ашигтай
ажиллуулах хүсэл байхгүй нь харагдаж буй юм. Улмаар тэд дэлгүүрийн
ашгийг нь "Номин Холдинг” компанид оруулах бодлого явуулж байна.
Ингэснээр УИД-ийг алдагдалд оруулан, олон мянган хувьцаа эзэмшигчдийг
хохироож байна. Одоо ингээд зохих байгууллагад нь шалгуулах гээд өгсөн
болохоор "Номин холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэн их дэлгүүрийг банкны
барьцаанд тавина гэсэн ойлголт байхгүй болсон.
Бид тус компанийг маш олон зүйлээр
шалгуулах гэж байгаа. Харин олон нийт ойлгохдоо ганцхан ногдол ашгийн
асуудал гэж ойлгоод байх шиг байна. үгүй шүү дээ. Тухайлбал УИД-т
шударга өрсөлдөөн байхгүй. Мөн дэлгүүрийг банкны барьцаанд тавих гэж
байсан гээд асуудлууд бий. Бидний гол зорилго гэвэл 45500 хувьцаа
эзэмшигч өнөөдөр цэнхэр, ягаан тасалбараа мартчихаад байгаа юм. Энэ
олон хүнийг одоо нойрноосоо сэрцгээ өөрсдийн эрх ашгийн төлөө явах цаг
чинь болжээ гэдгийг л уриалж байна. Тиймээс хувьцааны талаар ойлголтгүй
иргэн бүр биднээс ирж зөвлөгөө авч хувьцааныхаа үнэ цэнийг ойлгоосой
гэж хүсч байгаа юм. Ямартай ч бид энэ асуудлаар цаашид тэмцсээр байх
болно” гэв.
Ханаж цадахаа умартсан "Номин холдинг”
Ямартай ч өдрөөс өдөрт бидний нүдэн
дээр цэцэглэн хөгжиж байгаа тус компани үнэнийг түмний нүднээс яаж нуух
нь ойлгомжгүй. Хэрвээ тус дэлгүүрийг түрээслээд ямар ч ашиг олдоггүй
бол "Номин холдинг” гэх компани өнөөдөр олны анхааралд байхгүй байсан
нь лавтай. Бусдын хөдөлмөрийг сорж сурсан нөхөд жилд ердөө л гурван
тэрбум төгрөгийн түрээсийн ашиг олдог гэж байгаа юм. Тэгвэл жилийн 10
тэрбум төгрөгөөр түрээслэх саналтай байгаа компаниуд эхнээсээ тодорч
эхэлсэн гэнэ.
Яг үнэндээ "Номин холдинг” УИД-ийн
хувьцааг 100 хувь эзэмшдэг байсан бол тэдний лаагаа иднэ үү, луувангаа
иднэ үү гэдэг нь хэнд ч падлийгүй. Гэтэл хувьцааных нь 38 хувийг 45
мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг атал тэд арай ч ингэж
муухай загнаж болохгүй баймаар санагдах юм. 1999 оны зургаадугаар сарын
2-нд хувьчлагдсан тус дэлгүүр өнгөрсөн 16 жилд гурван удаа л ногдол
ашиг тараажээ. Ингэхдээ тэд жижиг хувьцаа эзэмшигч нартаа гурван
төгрөг, таван төгрөг, 30 төгрөгийн ногдол ашгийг тарааж тэднийг
"доромжилсон” байгаа юм.
Улсаас алдар нэрийг харамгүй хүртсэн
А.Шагдарсүрэн гуай одоогоор "Номин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг.
Харин түүний гурван хүү бүгд өөрсдийн компанидаа өндөр албан тушаалыг
хаших нь ойлгомжтой. Тухайлбал Ш.Баярсайхан нь компанийнхаа
ерөнхийлөгч, харин Ш.Уламбаяр нь үйлдвэрлэл эрхэлсэн захирал, Ш.Энхбаяр
нь Гүйцэтгэх болон санхүү эрхэлсэн захирлын алба хашдаг юм билээ.
Түүнчлэн эдгээр гэр бүлүүд өнөөдөр барилгын бизнест хүч үзэж тансаг
зэрэглэлийн орон сууц барьснаараа хэмжээлшгүй их ашгийг халаасласан.
Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд хэдэн тэрбум төгрөгөөр тоологдох их
хэмжээний эд баялаг хуримтлуулсан атлаа дахин ингэж шуналтаж байгаа нь
ёс зүйтэй бизгесмэн гэж хэлэхэд хэцүүхэн хэрэг биш гэж үү.
Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар үндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон эрхмүүдийн түүх ийнхүү цааш зурайсаар байх бололтой.
Sonin.mn