Монгол HD телевизийн бүтээл "Авьяаслаг Монголчууд” шоуны гурав дахь алтан баззерын эзэн Б.Тунгалагтамиртай ярилцлаа.
-ТАЙЗАН ДЭЭР ДАРУУХАН БАЙСАН Ч ДОТРОО ХАШГИРААД, БҮЖИГЛЭСЭН-
-Юуны өмнө танд Монголд анх удаа зохиогдож байгаа дэлхийн хэмжээний шоуны "Алтан баззер”-ын эзэн болсонд баяр хүргэе. Та тайзан дээрх үеийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Шоунд орохын өмнө хүмүүс "Энэ жил алтан баззер гэдэг юм байгаа гэнэ. Дөрөв, тавхан хүн л алтан баззер авах юм байна” гээд яриад байсан. Би бэлтгэл жаахан муу байсан болохоор "За би ч тэрийг авна гэж байхгүй дээ. Гэхдээ авчихвал гоё оо, алтан баззер авах гэж ирлээ гэвэл өгөх болов уу” гээд л арын өрөөнд тоглоомоор ярьж суусан. Тайзан дээр гараад баахан юм ярьж байгаад дуугаа дуулсан. Гэтэл Чимгээ шүүгч надад алтан баззер дарчихсан. Тэр үе үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч байсан. Би өмнө нь хэзээ ч тэгж баярлаж байгаагүй. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг л тэр байсан. Үнэхээр жаргалтай. Яг тайзан дээр би их даруухнаар "Баярлалаа” гээд л алгаа ташаад зогсож байсан боловч дотроо хашгираад, бүжиглээд л, баярлахаараа хүн яадаг билээ тэр болгоныг л хийж байсан. Харин тайзан дээр аль болох даруухан байхыг хичээсэн.
-Нөхөр тань "Алтан баззер” авсан гэхэд таныг дэмжиж, урмын үг хэлсэн үү?
-Нөхөр маань яг ид ажлын үеэр явах гэлээ гээд эхлээд их дурамжхан байсан. Малчид бид чинь жилийн дөрвөн улиралд хийсэн ажлынхаа үр дүнг хавар л үздэг болохоор ид мал төллөх үеэр нэг нь явчихаар хэцүү л дээ. Тэгээд нөхрөөсөө гуйгаад, аргадаад, уйлж ч нэг үзээд "бөөн юм” болсон. "Хань нь өнөө шөнөдөө яваад, маргааш өглөө очиж орчихоод, гялс хүрээд ирнэ” гээд л явсан. Алтан баззер авч гарч ирээд хамгийн түрүүнд нөхөр лүүгээ залгаж хэлье гэж бодсон. Ээжийнхээ утас руу залгаад нөхөртэйгөө яриад "Ханиа би тэнцчихлээ, алтан баззер авсан” гэсэн чинь эхлээд их "гасалсан”. "Пээ ямар нь чамд алтан баззер дардаг байна аа. Одоо тэгээд хэрэгтэй хэрэггүй юманд байн байн яваад зунжингаа юм болох нь” гэж байсан. Тэгснээ л инээдтэй, өчигдөр /10.09/ намайг зурагтаар үзчихээд "Ханьдаа ёстой их баярлалаа, хайртай шүү” гээд намайг үнссэн. Сайхан байна.
-Таны аав, ээжийн талаас дуучин удамтай хүн байв уу? Дуулах авьяасаа та хэрхэн тордож байв аа?
-Манай аав их сайхан дуулдаг байсан. Гэхдээ дуучин хүн байгаагүй, зүгээр л өөрийнхөө хэмжээнд, найранд гурван дуутай хүн байсан. Манай ээжийн ээж бас сайхан дуулдаг байсан шүү. Би харин багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Гэхдээ зүгээр л энд тэнд явж байхдаа, хонины бэлчээртээ дуулмаар санагдвал дуулчихдаг байсан. Одоо бодоод байхад энэ хоолойг жаахан гамнадаг байж (инээв. сурв).
-ХҮҮХЭД БАЙХЫН "ГАЛЗУУ ШАР” ГЭДЭГ НЭРТЭЙ БАЙСАН-
-Өмнө нь та ямар ямар тайзан дээр гарч байв аа? Урлагийн сургуульд сурч байв уу?
-Урлагийн сургуульд сурч байгаагүй ээ. Хааяа сумандаа, шаардлага гарвал сумаа төлөөлж аймаг дээр дуулдаг. "Аймаг руу хүн амьтан явуул” гэхээр манай сумынхан чинь намайгаа тоогоод явуулдаг юм. Харин сумынхаа тайзан дээр наадмаар л голцуу дуулдаг даа. Уг нь шинэ жилээр ч гэсэн ирээч гээд дууддаг л юм. Даанч өвөл гэр орноо хаячихаад нааш цаашаа яваад байх хэцүү болохоор явдаггүй дээ.
-Тоглолтын хувцсаа нөхрөөсөө нуугаад баадагнасан гэж байсан. Энэ хувцсаа та хэдэн жил өмсөж байгаа вэ? Тоглолтынхоо хувцасны талаар ярихгүй юу?
-Хоёр дахь жилээ л өмсч байгаа. "Алдарт эх 1-р одон”-гоо авахад зориулж оёулж байсан дээлээ тэмцээндээ өмссөн.
-Таныг их сайхан ярьдаг гэж үзэгчид ярих юм. Тайзан дээр л та ингэж ярив уу? Амьдрал дээр ч мөн адил ийм их "яриа” хүн үү?
-(инээв. сурв) Би ер нь их яриасаг. Ямарваа нэг хүмүүстэй ойлголцохдоо их хурдан байдаг. Манай нөхөр их дуугүй. Хүмүүс манайд орж ирээд "Нөхөр нь ашгүй нэг яримаар болж байтал л эхнэр нь аваад дуусгачих юм” гээд шоолдог. Эгч нь ер нь хүүхэд байхаасаа "Галзуу шар” гэдэг нэртэй байсан даа. Би хэнтэй ч зүгээр байгаагаараа, санаж бодох юмгүй л ярьчихдаг юм. Түүнээс биш өөрийгөө тийм ч айхтар яриа биш гэж боддог.
-Та тэмцээнд орох дуугаа хэрхэн сонгосон бэ?
-"Үлэмжийн чанар” өөрөө их мундаг дуу шүү дээ. Мундаг түүх домогтой, энэ дууг дуулвал хэдэн мянган тарни уншсантай дүйцдэг, 21 дарь эхийг амилуулдаг ч гэдэг. Тэгээд ч би дандаа тэр дууг аялж дуулж байдаг болохоор сонгосон. Ийм том шоунд орж байдаг. Гэтэл ар гэрийн ажил гээд сайн ч бэлдэж амжаагүй. Тайзан дээр гараад хөгөө чирж магадгүй гээд мэддэгээр нь энэ дуугаа сонгосон. Буруу сонголт байгаагүй байх аа. Угаасаа чадна ч гэж бодсон.
-Дуучин болж урлагийн тайзнаа гарахсан гэсэн хүсэл бий юү?
-Яагаад болохгүй гэж. Боломж олдвол гарна шүү дээ. Өөрийгөө чадна гэж бодож байна. Гэхдээ бүр малаа хаяад явахгүй л дээ. Энэ хэдэн малдаа найдаж энэ олон хүүхдээ төрүүлсэн юм чинь. Хүүхдүүдээ ч сайхан өсгөнө, өөрөө ч үзээд алдана гэж боддог.
-МАЛЧИН БОЛСОНДОО ХАРАМСДАГГҮЙ-
-Таны хүүхдүүд таныг дэмждэг үү? Хүүхдүүдээ дуучин болгохсон гэж боддог уу?
-Манай хүүхдүүд их дэмждэг. Манай хоёр том охин бүх талаараа намайг дэмжиж сэтгэлийн дэм өгдөг. Би чинь том охинтойгоо бараг найз шиг л байдаг. Янз бүрийн юмаа яриад л. Би гэхдээ дуучин биш малчин болсондоо харамсдаггүй. Харин өөрийнхөө чадаагүй юмаа охиноороо гүйцээлгэхсэн гэж боддог. Манай том охин их сайхан дуулдаг юм. Миний дөрвөн хүүхэд ЕБС-д сурдаг, тэд маань дөрвүүлээ дуулдаг. Ёстой нөгөө "нүүр тахалдаг” гэдэг дээ, миний хүүхдүүд тийм л хүүхдүүд. Юм л бол ийшээ тийшээ дуулна гээд явдаг юм, хичээлдээ ч сайн.
-Одоо танай нутагт ямар ажил өрнөж байна вэ?
-Ойрд өвлийнхөө бэлтгэл ажлыг хангаад, өвс хадлан тэжээлээ бэлдээд байж байна. Хажуугаар нь нөхөр бид хоёр сэрүүнээс өмнө машины гараж барьж амжуулах гээд л, нэг нь шавраа зуураад, нөгөөх нь цемент, тоосгоо зөөгөөд байж байна. Маргааш том гэрээ барьчих санаатай. Энэ ажлаа хурдан дуусгачихвал хот руу орж бэлтгэлээ хиймээр байна. Гэхдээ өвлийн бэлтгэлээ амжуулчихаад л ормоор байна. Ийм том шоунд орж байгаа, дээрээс нь алтан баззер даруулчихсан хүн чинь гэрийнхээ ажлыг ч, тэмцээнээ ч амжуулаад зохицуулчих гээд гүйж байна даа.
-Та хэдэн жил мал маллаж байна вэ? Малчны нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар уншигчдад товч ярьж өгөхгүй юу?
-Би 2000 онд ханьтайгаа танилцаад мал дээр гарсан. Одоо 16 жил мал маллаж байна. Малчны амьдралын тухайд өдөр бүр нэг л юмаа давтаж хийдэг шүү дээ. Өглөө сүү саалиндаа гараад, хүүхдүүддээ хоол цайг нь бэлдэж өгөөд, хашаа хороогоо янзална, саасан сүүгээ борлуулна гээд л. Харин хавар, намар хоёр ажил ихтэй дээ. Бусад үед нэг юмаа л хийнэ. Гэхдээ тэрийгээ их сонирхолтой байдлаар хийхийг хичээдэг.
-Таны бага нас Өндөрширээтэд өнгөрч байв уу? Бага насныхаа талаар ярихгүй юу?
-Би Өндөрширээтдээ төрсөн. Эхээс тавуулаа айлын хоёр дахь хүүхэд. Бас л малаа маллаад, ээж аавдаа туслаад өссөн дөө. Зун нь хөдөө малаа маллана, өвөл суман дээр сургуульд сууна. Гэрийнхээ хажуугаар эмээгийнхээ гэрийн ажилд тусалдаг байлаа.
-Та дараагийн шатныхаа үзүүлбэрийг төлөвлөсөн үү. Бэлтгэлдээ орсон уу?
-Мэдээж энэ том тэмцээнд орж байгаа, алтан баззер авчихсан, тийм их хариуцлага үүрч байгаа хүн чинь төлөвлөлгүй яах вэ. Өөрийнхөө хэмжээнд бодсон юм байгаа.
Б.ГЭРЭЛ
Эх сурвалж: Мэдээ.мн