|

Орхон аймгийн хэмжээнд 27 хэсгийн хороонд ирц хүрсэнгүй

saikhnaa 2016/10/20 669 0

Орхон аймгийн хэмжээнд 27 хэсгийн хороонд ирц хүрсэнгүй

 

Өчигдөр буюу энэ сарын 19-нд орон даяар сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдсан. Уг сонгуулийн ирц манай аймагт хүрсэнгүй. Тодруулбал, аймгийн хэмжээнд 65379 иргэн саналаа өгөх байснаас 31691 хүн саналаа өгч ирц 48,5 хувьтай байлаа. Энэ нь Баян-Өндөр суманд 47.8, Жаргалант суманд 64.1 хувийн ирцтэй байсан гэсэн үг юм.

    Сонгуулийн ирцийг 50 болон түүнээс дээш хувьд хүрсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. Тойргоор авч үзвэл Согоот, Бүрэнбүст, Баянцагаан, Говил багийн нийт 7 тойрогт сонгогчдын ирц хүрлээ. Мөн Жаргалант сумын 21 тойргийн сонгогчдын ирц хүрсэн талаар аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
    Аймгийн хэмжээнд 43 хэсгийн хороо буюу санал авах байр ажилласан. Үүнээс Баян-Өндөр сумын 13, Жаргалант сумын 3 хэсгийн хорооны ирц 50 хувьд хүрсэн. Үлдсэн 27 хэсгийн хороонд ирц хүрээгүй байна.
 
     Тиймээс энэ сарын 22 эсвэл 23-нд ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явагдана. Ингэхдээ өчигдөр саналаа өгсөн хүмүүсийн ирц дээр үргэлжлүүлэн санал хураалт явуулна. Одоогоор ирц хүрээгүй хэсгийн хороодын байр, тоног төхөөрөмжийг Цагдаагийн байгууллагын хамгаалалтад аваад байна.
 
 
 
    Аймгийн Сонгуулийн хорооноос ирц хүрээгүй шалтгааныг иргэдийн идэвх болон нийслэл болон бусад орон нутагт суралцахаар явсан оюутнуудын хөдөлгөөнтэй холбон тайлбарлалаа. Учир нь санал өгсөн нийт 31691 хүний 11149 нь 41-55, 10698 нь 26-40, 3690 нь 18-25 насныхан байжээ. Өөрөөр хэлбэл 18-25 насны иргэдийн оролцоо хамгийн бага байсан аж.
 
    Дашрамд дурдахад, 877-р хэсгийн хороо буюу Жаргалант багт ажилласан санал авах байранд сонгогчдын ирц 72,29 хувьтай байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин 869-р хэсгийн хороо буюу Их залуу багт ажилласан санал авах байрны ирц 35,95 хувь байсан нь хамгийн багад тооцогдож байна. Мөн 858-р хэсгийн хорооны сонгогчдын ирц 49,56 хувь байсан байна. Хэрэв хоёр хүн саналаа өгсөн бол энэ хэсгийн хорооны сонгогчдын ирц 50 хувьд хүрэх боломжтой байжээ.
 
 
Хэвлэл, мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Санал болгох

Сэтгэгдэл

top