Өргөн уудам нутаг дээр гуравхан сая хүн амтай, дайн дажингүй амар амгалан манай улс аятай тухтай амьдрахад хамгийн таатай улс боловч иргэдийн амьдрал хүндхэн байгаад "муучлах” зүйл цөөнгүй бий. Алт зэс, нүүрс гээд байгалийн баялаг, нөөцөөрөө дэлхийд дээгүүр тооцогдох хэр нь үүнийгээ зөв зохистой зарцуулж чадахгүй байгаад халаглах хүн цөөнгүй.
Монголчуудыг "алтан дээр суусан гуйлгачин” гэж гаднынхан жиг жуг хийдэг нь ч үнэний хувьтай юм. Одоогоор 90 төрлийн ашигт малтмалын 1,170 орд найман мянга гаруй илэрц бүртгэгдсэн байдаг.
Нөөц ихтэй томоохон ордыг нэрлэвэл зэсийн Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг юм. Өнөөдөр уул уурхайн салбар хүрээгээ тэлснээр Монгол Улсын нийт экспортын 94 хувийг ашигт малтмал эзэлж байна гэсэн судалгаа байдаг аж.
ТӨМРИЙН ХҮДРИЙН НӨӨЦ 11 ТЭРБУМ ТОНН
Геологичид Монголд нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн таамаг дэвшүүлдэг.Монголын геологичид төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутаг тогтоон судалгаа хийж, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц тодорхойлсон байна. Төмөртэй, Баянгол, Төмөр толгойн ордод нийт 343 сая тонн хүдэр бий.
Хараат уул, Эрээний орд 71.5 сая тонн төмрийн хүдэртэй. Таян нуурын ордод 71.7 сая тоннын нөөц тогтоогдоод байна. Жил ирэх тусам нөөц илэрч нь ихэсч, гадаад руу хүртэл экспортолж байгаа төмрийн хүдрийн нөөцөө түшиглэж, гангийн үйлдвэр байгуулах нь чухал хэмээн үздэг.
ЗЭСИЙН ТОМООХОН ОРДУУД
Монгол Улсын цэвэр зэс олборлолт 2020 он гэхэд нэг сая тоннд хүрнэ хэмээн төсөөлж байгаа. Тухайн үед Оюу толгой 775, Эрдэнэт 135, Цагаан суваргын ордоос 70 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэх юм гэсэн тооцоо гарсан. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг.
Тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц нь 1,060,367 сая тонн. Зэсийн нөөц нь 4,632 сая тонн бөгөөд 125,414 тонн молибденийн нөөцтэй. Дээрх нөөцөө 25 жил ашиглана хэмээн тооцож байна. Гэвч тус үйлдвэрийн ашиглах нөөц саяхан нэмэгдсэн байдаг.
Уул уурхайн яамнаас Эрдэнэтийн овоо орчимд хайгуул хийж байсан таван лицензийг төмрийн мэдэлд авсан билээ. Ингээд нөөц нь гурван сая тонн зэс, 55 мянган тонн молибденээр нэмэгджээ. Энэ нөөцийг 24 тэрбум ам.доллараар үнэлж буй аж.
Харин Оюу толгой орд нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд ордог гэдэг. Тус ордын хүдрийн нөөц 3,380,0 сая тонн. Үүнээс 31.1 сая тонн зэс, 1,328 тонн алт, 7,601 тонн мөнгө олборлоно хэмээн тооцсон билээ.
НҮҮРСНИЙ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ЭХНИЙ 15-Т ОРДОГ
Монгол оронд 15 сав газарт 300 гаруй орд бий. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байна. Нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд огцом өсч улсын төсвийн чамгүй хувийг бүрдүүлэх болсон. Харин энэ онд гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлох тооцоо гарсан байдаг.
Үүнээс гадна Нарийн сухайт, Шивээ-Овоо, Багануур, Хөшөөт, Нүүрст хотгор гээд томоохон орд байдаг. Ингээд дурдаад байвал их олон орд нэрлэгдэнэ. Тухайлбал, Нарийн сухайтын орд 100 метрийн гүнд 125 сая тонн нүүрсний нөөцтэй. Хөшөөтийн ордын нөөцийг 360-460 орчим сая тонн нүүрстэй гэдэг. Тус ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд нь аймаг орон нутгийн хэрэгцээнд ашиглаж байсан гэдэг.
НЕФТИЙН НӨӨЦ 50 САЯ ТОНН
Монгол Улс нефть олборлогч орон болсноо зарлаад чамгүй хугацаа өнгөрч байна. ХҮИ-XIX зууны үед оросын эрдэмтэн Н.М.Прижевальский, В.А Обручев, М.В.Певцов, Г.Н.Потанин нар Монгол нутгаар аялсан тэмдэглэлдээ геологийн тогтцын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн.
Үүнд нь, Монголын өмнөд нутгаар нефть байгааг тогтоосон аж. Зүүн баян, Цагаан элсний нефтийн ордын нөөцийг 1960-аад оны үед 6.2 сая тонн хэмээн тогтоосон юм. Ингээд тус ордыг түшиглэж, нефть боловсруулах үйлдвэр байгуулж байв.
Улмаар 1950-1969 онд нийт 600 орчим мянган тонн нефть олборлож боловсруулсан гэсэн мэдээ бий. Тосон уулын ордын 14 талбайгаас олдсон баталгаат нөөц нь 119 сая тонн. Нэмэлт хайгуулаар хийж буй "Тамсаг ХХГ” талбайгаас 50 сая тоннын нөөц илрүүлсэн гэсэн мэдээлэл тус тус байгаа юм.