|

“Эргийн гаднах” асуудлыг цэгцлэх үү

saikhnaa 2016/11/01 761 0

 

Олон улсын хэвлэлээр мэдээлэгдэх  оффшор данстнуудын жагсаалтад манайхны нэр дурдагддаг.  Тухайн үед шуугиан дэгдэхтэй зэрэгцэн нэр нь гарсан эрхмүүд тайлбар хийгээд асуудал тэгсгээд намждаг. Гэхдээ төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компанийн хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага олон нийтийн дунд эрс нэмэгдсэн. Энэ хэрээр  төрд итгэх иргэдийн итгэл ч  бууруулсаар байгаа билээ.  

 

Ер нь манай улстай хамтарч ажилладаг гадаадын хөрөнгө оруулагч компани оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг байх тохиолдол энгийн үзэгдэл юм билээ.  Энэ нь Панамын жагсаалтаас үүдэлтэй оффшор бүс болох зарим гадаад улсын талаарх сөрөг ойлголт давамгайлсаар ирсэн  байна.  Олон улсад  оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах талаарх зохицуулалтыг хуульчлахдаа голчлон төрийн албан тушаал эрхлэхтэй холбогдуулан хориглосон зохицуулалт хийсэн байдаг аж.  Манайд одоогоор ийм зохицуулалт хийгдээгүй боловч Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон бусад хуульд зарим зохицуулалт тусгахдаа төрийн албан хаагч нь аливаа дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө, худалдан авсан хувьцаа зэргийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан эсэхээс хамаардаг.

 

Гэхдээ оффшор данстай байх эсэхэд хуулийн зохицуулалт хийхээр өмнөх парламентаар яригдаж байсан ч хэлэлцээгүй.  Нэр бүхий гишүүд  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг парламент энэ долоо хоногт шийднэ.

 

"Эргийн гадна” хэмээх оффшор бүсэд Британийн Виржин арал, Бермуд, Кэймэн арал зэргээс гадна АНУ, Малайз, Хятадын Гонконг, Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг улс орнууд, тэдгээрийн оффшор бүсүүд ордог. Оффшор үйлчилгээ нь өнөөдөр дэлхийн санхүү, бизнесийн салбарт өргөн хэрэглэдэг арга хэрэгслэл болсон байна. Ялангуяа дэлхийн хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурь эзлэх болжээ.

 

1990-2015 оны хооронд манай улсад  гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс  10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна.  Тухайлбал,  Нидерланд 4.23 тэрбум ам.доллар, Люксембург  1.15 тэрбум, Британийн Виржин Арал 1.1 тэрбум,  Гонконг 229 сая, Бермудын арал 129 сая, Швейцарь 103 сая, Кэймэн арал 74 сая зэргээр жагсаалтыг тэргүүлжээ.   

 

Манайд нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэн. Үүнээс  920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид аж.  Тухайлбал, "Оюу Толгой” болон Энержи Ресурс”-ийн "ММС” компаниудын  толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай "Ханаду Майнз”, "Волф Петроюм”, "Хүннү Коүл” зэрэг 20 гаруй компаниуд хувьцаагаа "Нью Йорк”, "Гонконг”, "Торонто”, Лондонгийн Хөрөнгийн биржид арилжаалдаг. Тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй гэнэ.

 

Манай улс  2002 оноос Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэрэг улс орнуудтай "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөөлөх” тухай хэлэлцээртэй байгуулсан байна. Энэ  нь эдгээр оффшор бүс бүхий улс орнуудаас Монголд хийх хөрөнгө оруулалт давхар татварт хамрагдахгүй байх таатай нөхцөлийг бүрдүүлсэн  аж. Энэ утгаараа манай улсын эдийн засагт оффшор бүсийн хөрөнгө оруулалт ихээхэн  чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.   

 

НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлаас жил бүр эрхлэн гаргадаг дэлхийн хөрөнгө оруулалтын 2015 оны тайланд дурдсанаар "Оффшорын хөрөнгө оруулалтын гол зорилго нь тухайн оффшор бүсэд бизнесээ бүртгүүлж, хамтарсан компани байгуулах хэлбэрээр татварын таатай хөнгөлөлтийг эдэлдэг байна.  Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан компаниуд үйл ажиллагаагаа хил дамнасан хөрөнгө оруулалтын хэлбэрээр хэрэгжүүлэх хандлага давамгайлж байна.”  гэжээ.

 

Олон улсад  "оффшор бүс” гэх албан ёсны тодорхойлолт байдаггүй, "Эргийн гаднах, хилийн гаднах улс, бус нутаг” гэх утгыг илэрхийлдэг байна. Оффшор бүсийн шинжид гадаадын иргэн, хуулийн этгээдэд татварын таатай орчин бүрдүүлсэн байх, эсхүл бүхэлдээ татварын таатай орчин бүрдүүлсэн байх, эсхүл гадаад улс, гадаадын улсын нутаг дэвсгэр байх, эсхүл хэрэглэгчийн мэдээлэл болон бусад мэдээллийн аюулгүй байдлын системийн нууцлал өндөртэй банктай байх гэх зэрэг олон шинжүүд хамаардаг аж. Үүний аль нэг шинжийг хангасан байхад оффшор бүсэд хамруулж үздэг байна.     Иймээс оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийг тодорхойлох, жагсаалт батлах нь манай улсын гадаад харилцаа, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул бусад улс орны туршлагыг судлан үзэж "оффшор бүс”-ийг "гадаад улсын нутаг дэвсгэр” гэж хуулиар томъёолжээ.      

 

Уг хуулийн төслийг боловсруулахдаа хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгажээ. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг  тусгасан байна.

 

Ийнхүү  "эргийн гаднах” асуудалд хуулийн зохицуулалт хийж цэгцлэх хэлэлцүүлэг парламентаар  өрнөх юм. Харин оффшорын асуудлаас дөлсхийдөг манай улстөрчид энэ асуудлыг хэр хандах бол?

 

Н.Энх

http://www.shuud.mn/content/read/475264.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top