|

Хямралтай тэмцэхэд казино нэмэртэй юу

saikhnaa 2016/11/08 969 0

Хямралтай тэмцэхэд казино нэмэртэй юу

 

Хямралыг даван туулахаар шинэ төр, засаг шууд хөрөнгө оруулалт, орлогын эрэлд мордлоо.  Цаг хугацааны цикльтэй зэрэгцүүлэн 2017 оны Монгол Улсын төсөв, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөртэй хамтатган хэлэлцэж байна.

Ер нь үнэмлэхүй олонхи болсон МАН-д сонгогчид  улс орныг хөгжлийг хурдасгах,  эдийн засгийг сайжруулах үүрэг даалгаврыг дайсан. Тиймээс ч эрх баригчдын хийж гүйцэтгэх хамгийн эхний даалгавар бол эдийн засгийг сэргээх, иргэдийн амжиргааг дээшлүүлэх. 

Төр, засгийн эрх авсан нэг улирлын хугацаанд  энэ чиглэлд дорвитой алхам хийгдаагүй.  Өмнөх үеэ шүүмжилж, эдийн засаг муугийн муу байна хэмээн ярьсанаас бус хуруугаа ч хөдөлгөлгүй дөрвөн сарын ард гараад байна, эрх баригчид.  Иргэдийн амжиргааны төвшин  эдийн засаг хүндрэхийн хэрээр  буурсаар сарууд байлаа, энэ сонгуулийн жил.  Харин одоо парламент улстөржих бус эдийн засгаа сэргээх асуудлыг цаг хугацаатай уралдан хэлэлцэж байна. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, 2018 онд үр дүнг нь харахаар тусгасан байсан. Энэ нь хүнд ачааг нуруун дээрээ яваа иргэдийн хувьд даанч хол хугацаа сонсогдож байгааг эрх баригчид мэдмээрсэн.  Ирэх жилүүдэд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, гадаадаас зээл авч,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бонд босгох гээд олон төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Нөгөөтэйгүүр дотооддоо экспортыг нэмэгдүүлж,  стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар боллоо.  Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн ч эдийн засагт гавьтай өөрчлөлт орохгүй гэсэн үгийг араас нь дайж байсан.

Харин мөнгөний урсгалаа нэмэгдүүлэх жишиг аргын нэг нь казиног тул  хүлээн зөвшөөрөхөөс аргагүй хэмээн эрхэм түшээд санал нэгджээ.  Олон улсад казино байгуулж, мөнгө хүүлдэг туршлага бий. Манайд улсын хувьд энэ асуудалд тун болгоомжтой хандсаар ирсэн. Тэгээд ч  Казиногийн тухай хуулийн төслийн ард   тодорхой хэсэг бүлгийн лобби дагалддаг гэсэн шүүмжлэл нийгэмд байдаг.

Хэрвээ казино байгуулах бол хуулиар хязгаарлалт хийнэ гэж эрх баригчид ярьж байна. Жишээлбэл, тухайн казино  зөвхөн гадаадын иргэдэд  үйлчилнэ. Монголчууд орохыг хориглохоор хуулинд  тусгах бололтой.   Харин казиног дагасан олон асуудлыг хэрхэн зохицуулах юм бол. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төсөл өргөн баригдаж, хэлэлцэгдэж байсан. Хэдийгээр батлагдаагүй ч уг төсөлд мөн л дээрх асуудлыг тусгаж байлаа.

Ер нь парламентат засаглалтай болсноос хойш манай улс хоёр удаа Казиногийн тухай хуулийг, Казино байгуулах асуудлыг парламентын босгоор давуулж байсан түүхтэй. Өмнө нь батлагдсан Казиногийн тухай хууль манайд гашуун сургамж үлдээсэн байдаг. Тухайн үед Казиногийн хуулийн дагуу ажилласан казино байхгүй. Тэр үед хуульгүйгээр казино ажиллаж, тэнд ямар нэг хяналт шалгалтгүй байсан учраас Казиногийн хуулийг баталж гаргасан гэж тухайн үеийн хууль тогтоогчид хэлдэг. Харин Казиногийн хуулийг батлаад хэрэгжүүлэх үед  гурван гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн, ял оноож, улмаар нэг нь амиа алдсан гашуун түүхтэй. Тиймээс ч тухайн үед уг хуулийг хэрэгжүүлээгүй байхад нь хүчингүй болгосон  юм билээ. Харин хоёр дахь удаад хуулийн төсөл өргөн баригдсан ч батлагдаагүй. Казиногийн хууль хэлэлцэгдэхэд АН эрх барьж  байсан үе байдаг бол энэ удаад үнэмлэхүй олонхи МАН  анх удаа сөхөн, толгой дохиж байна.

Өнөөдрийн  манай улсын  эдийн засаг  хямралтай хэдий ч зах зээл, хөгжлийг тэртээ 17 жилийн өмнөх үетэй харьцуулшгүй.  Хэрвээ эрх баригчид Казиногийн хуулийн төсөл өргөн баривал  Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэх гээд өмнөх парламентын үед яригдаж байсан хуулийн зохицуулалтыг ч тусгаж өгөх биз. Казиногийн байршлыг  ч аль нэг чөлөөт бүсэд байршуулахаар өмнө нь хэлэлцэж байсан.  Тэр байтугай  Казино байгуулагдсанаар аялал жуучлал 1 сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ, ердөө жил гаруйхны өмнө хэлэлцэж байлаа.  Харин одоо шинэ парламентынхан Казиногийн хуулийн төслийг өргөн баривал хэр тооцоо судалгаатай оруулж ирэхийг урьдчилан таашгүй.

Ямартай ч эрх баригчид казино байгуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад казино нэмэр болох уу, нэрмээс болох уу, хэн мэдлээ.

Н.Энхлэн

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/475519.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top