|

Эрдэнэт хотод казино бий болоо юу?

zulaa 2015/10/26 823 0

Эрдэнэт хотод казино бий болоо юу?

 

Өнөөдрийн байдлаар манай аймагт автомат тоглоомын хоёр газар үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь "Erdenet Hotel” нөгөө нь "Саян” зочид буудалд ажиллаж байна. Түүнээс гадна хэд хэдэн иргэн автомат тоглоомын газар нээх хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргаад байгаа юм.

Одоо ажиллаж байгаа хоёр газар нь зөвшөөрөл буюу "Бүртгэлийн гэрчилгээ”-гүй. Учир нь манай аймгийн Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын газар болон Баян-Өндөр сум энэ төрлийн үйл ажиллагааны дүгнэлт, цагийн хуваарийг батлахдаа Засгийн газрын 2013 онд гаргасан 410-р тогтоолыг мөрдлөг болгож байна. Энэ нь "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журам. Өөрөөр хэлбэл автомат тоглоомыг төр захиргааны байгууллагаас "цахим тоглоом” гэж үзэж байгаа юм.

Харамсалтай нь манай аймагт тус газраас зөвшөөрөл авсан автомат тоглоомын газар нэг ч байхгүй. Мөн одоогоор нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.

Уг тогтоолын 3.1 дэх заалтад туссанаар дээр дурдсан байгууллагуудын дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэж автомат тоглоомын газруудад зөвшөөрөл буюу бүртгэлийн гэрчилгээ олгох эрх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд бий. Харамсалтай нь манай аймагт тус газраас зөвшөөрөл авсан автомат тоглоомын газар нэг ч байхгүй. Мөн одоогоор нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.

Огт хамаагүй тогтоолыг үндэслэж дүгнэлт, тодорхойлолт гаргаж байна


Харилцаа холбооны зохицуулах хороо "цахим тоглоом” гэдэгт автомат тоглоомын газар хамаарахгүй гэж үздэг байна. Тодруулбал, Тус хорооны Зохицуулалтын албаны дарга Л.Ганбаатартай утсаар холбогдоход "Засгийн газрын 410-р тогтоол бол PC буюу видео тоглоомын үйл ажиллагаанд хамаарна. Үүнд автомат тоглоом гэсэн ойлголт багтахгүй. Манайх автомат тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээг олгодоггүй” гэсэн юм. Мөн хуульч М.Ганзоригоос уг асуудлыг тодруулахад "Энэ журам нь автомат тоглоомын үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Ер нь автомат тоглоом гэж юу болох, тэнд ажиллаж байгаа машинууд ямар бүтэцтэй, ямар зарчмаар ажилладаг талаар мэддэг хүн манай аймгийн төрийн байгууллагуудад нэг ч алга.

Гэтэл манай аймгийн Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын газар 410-р тогтоол нь автомат тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам гэж ойлгож байгаа нь хачирхалтай. Ер нь автомат тоглоом гэж юу болох, тэнд ажиллаж байгаа машинууд ямар бүтэцтэй, ямар зарчмаар ажилладаг талаар мэддэг хүн манай аймгийн төрийн байгууллагуудад нэг ч алга. Аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Г.Батцэцэг "Одоогоор тухайн тоглоомын бүтцийн талаар ямар нэгэн ойлголт, судалгаа байхгүй байна” хэмээн ярьсан юм.

Нөгөө талаар 410-р тогтоолд автомат тоглоом хамаарахгүй гэвэл өөр зохицуулалт байхгүй болж таарч байгаа юм.

Автомат тоглоом нь казиногийн шинжийг агуулдаг


Автомат тоглоомын газарт тоглохдоо хүн доод тал нь 10 мянган төгрөг төлдөг. Түүнээс дээшээ тавих мөнгөний хэмжээнд хязгаар байхгүй. Та 10 мянган төгрөгөөр ч, 10 тэрбум төгрөгөөр ч тоголж болно. Төлсөн мөнгөө картнд оноо болгож аваад оноогоо 3-24 хүртэлх хэмжээнд үржүүлж, түүндээ таарсан мөнгө хожих зорилготой. Автомат тоглоом тоглодог хүнтэй уулзаж ярилцахад сарын дотор нэг сая төгрөг алдсан тухайгаа хэлж байсан юм.

Тухайн газруудын гадаах зогсоолд Бенз, Лексус, Лэйнд крузер зэрэг машинууд "дүүхэлзнэ”. Дотор нь ажиллаж буй машин бүр нь хүнтэй, дараалал ихтэй байдаг нь тодорхой байв. Үйлчлүүлж буй хүмүүс дунд нь Эрдэнэт хотод бизнес эрхэлдэг, тодорхой албан тушаал хашдаг "бэлт”-тэй эрхмүүд цөөнгүй харагдаж байлаа.

 "Монгол улсын дээд шүүхийн 2009 онд гаргасан 9-р тогтоолыг харвал автомат тоглоомыг казино гэж ойлгож болно”

Аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч Б.Бадмаараг хэлэхдээ "Манай аймагт ажиллаж буй автомат тоглоомын газрууд казиногийн зарчмаар ажиллаад байна. Хархад амьтан таах, буудах тоглоом. Ажиллаж буй зарчим нь их хэмжээний мөнгө бооцоонд тавих болон алдах эрсдэлтэй. Уг нь бол тодорхой тарифтай байх ёстой. Гэтэл тухайн тоглоомнд 10 мянгаас дээш хэдэн ч төгрөг төлөх боломжтой” гэсэн юм. Харинхуульч М.Ганзориг дээрх яриаг илүү үндэслэлтэйгээр тайлбарласан. Тэрээр хэлэхдээ "Монгол улсын дээд шүүхийн 2009 онд гаргасан 9-р тогтоолыг харвал автомат тоглоомыг казино гэж ойлгож болно” гэлээ.

Энэ нь "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тогтоол юм. Үүнд дурдсанаар " Казиногийн үйл ажиллагаа эрхлэх”-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж ойлгоно гэжээ.

Энэ тогтоолоор бол тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар чип, хөзөр ашиглах нь хориотой. Харин автомат тоглоомын газруудад мөнгөө төлөөд, түүнтэй дүйцэх хэмжээний оноог картанд хийлгэдэг. Түүнчлэн дээд шүүхийн тогтоолд …үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах нь казиногийн үйл ажиллагаанд хамаарах тул хориглоно гэжээ. Автомат тоглоомд мөнгөө төлж буй хүн хожих эсэхээ урьдчилан мэдэх боломжгүй. Үүнээс үзвэл автомат тоглоом нь яах аргагүй казино мөн болж таарч байна. Өөрөөр хэлбэл энэ нь Монгол Улсад хориотой тоглоом гэсэн үг.

"Тэр” гэх нэргүй тоглоом


Төрийн зүгээс хяналт тавих байгууллагууд нь автомат тоглоомыг PC буюу видео тоглоомтой адилтгаж үздэг. Гэтэл холбогдох тогтоол шийдвэрт энэ нь казино гэсэн байдаг.

Төрийн зүгээс хяналт тавих байгууллагууд нь автомат тоглоомыг PC буюу видео тоглоомтой адилтгаж үздэг.

Гэтэл холбогдох тогтоол шийдвэрт энэ нь казино гэсэн байдаг. Татварын хэлтсээс нийт орлогынх нь 40 хувьд татвар ноогдуулна гэж тайлбарладаг. Автомат тоглоомын газрын эзэд өөрсдийгөө видео тоглоом ажиллуулж байгаа гэж үзээд сард 8500 төгрөг төлнө гэдэг. Энэ их ойлголтын зөрүү нь автомат тоглоомын газарт "тэр” гэх нэр өгөх боломжгүйд хүргээд байна.

Автомат тоглоомын газрын эзэд хэлэхдээ "Биднийг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш архидалт буурсан. Залуучууд энд ирж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болсон. Зөвшөөрөл авах бол цаг хугацааны асуудал” гэсэн юм.

Ойлголтоо зөв болгох нь хамгийн эхний алхам


Нэгэнт нөхцөл байдал тодорхой. Автомат тоглоом гэдгийг манай аймагт янз бүрээр тайлбарлаж байна. Зэрэг нэмэхийн өмнө киноны Долдой тал еэвэнг бүр нөгөө тал нь уу? гэж ирээд л тайлбарладаг шиг нөхцөл бий болсон байна.

Нийслэлд энэ төрлийн үйл ажиллагааны лицензийг Соёл урлагийн газраас нь олгодог гэнэ. Гэхдээ тухайн байгууллага нь манай аймагт ажиллах газрын асуудлыг шийдэх боломжгүй.

Тиймээс орон нутгийн төр захиргаанаас холбогдох байгууллагуудаас автомат тоглоомын газрыг юу гэж үзэх хэрэгтэй талаар тайлбар хүсэж ойлголтоо зөв болгох хэрэгтэй.

Түүнчлэн уг үйлчилгээнд зөвшөөрөл олгох байгууллагыг тодорхой болгох шаардлага бий. Нийслэлд энэ төрлийн үйл ажиллагааны лицензийг Соёл урлагийн газраас нь олгодог гэнэ. Гэхдээ тухайн байгууллага нь манай аймагт ажиллах газрын асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс аль байгууллага зөвшөөрөл олгох эрхтэйг тодорхой болгох нь чухал. Өөрсдөө мэдэхгүй байгаа юм чинь мэддэг хүнээс нь л асуух хэрэгтэй юм даа.

erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top