Баяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн дарга Ц.Намжилдорж ахлагчтай бүтээмж инновацийн багийн хамт олон тээрмийн синхрон хөдөлгүүрүүдийн цахилгаан эрчим хүчний чадлын урсгалыг автоматаар хянах системийг ашиглан Өөрөө нунтаглах хэсгийн ЦЭХ-ний хэрэглээний оновчтой горимыг тогтоох судалгааны ажил гурван сарын турш хийж үр дүнд хүрчээ. Тээрмийн цахилгаан хөдөлгүүрийн чадлын хэрэглээг оновчтой горимд автоматаар зохицуулснаар өнгөрсөн сард 681 854 квт*цаг эрчим хүч хэмнэж, нэг тонн хүдрийг нунтаглахад зарцуулах цахилгаан эрчим хүчний хэрэглээг анх удаа 16,4 квт*цаг/тонн болгожээ.
Энэ нь төлөвлөснөөс 1,3 квт*цаг/тонн-оор бага үзүүлэлт юм. Ийнхүү тус хамт олон өөрсдийн бүтээсэн автомат хянах системээр цахилгаан эрчим хүчний оновчтой горимыг тогтоосноор зөвхөн ӨНХ-ийн цахилгаан эрчим хүчний зардлыг жилд 700 саяас 1 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой болжээ. Энэхүү автомат хянах систем нь ажиллах зарчмын хувьд инженер Н.Нацагнямын төрийн шагнал хүртсэн бүтээлтэй ижил бөгөөд үүнийг Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн инженерүүд 7 жилийн өмнө зохион бүтээсэн байна. Тус бүтээмж инновацийн баг энэ аргачлалаар НБХ-т цахилгаан эрчим хүч хэмнэх боломжийг судалж байна.
Я.ЭНХТУЯА