АН-ын ҮЗХ-ны 48 дугаар хурал өчигдөр хуралдсан. Хурлын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж, намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус намын ҮЗХ-ны хурлаас намын шинэчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг, ирэх сарын 06-нд болох Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулсан байна. Ажлын хэсгүүдийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоор, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар тус тус ахалжээ.
ҮЗХ-ны хурлаар АН-ын дарга З.Энхболдын "Намын даргаас чөлөөлөгдөх өргөдөл"-ийг хэлэлцэх байсан. Гэвч АН-ын даргыг сунгаагаар шийдвэрлэх хүртэлх хугацаанд намын удирдлагууд ажлаа үргэлжлүүлэн хийхээр болжээ. Намын шинэ удирдлагаас илүү Үзэл баримтлал, дүрмийн шинэчлэлийг хийж дуусгахыг нэн тэргүүнд зорьж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж:
- Бид юугаараа ялгаатай, ямар чиглэлтэй байх, юунд зорьж явахаа ард түмэнд ойлгомжтой болгохыг зорьж байна. Эв нэгдэл чухал, зорилго нь тодорхой, шинэчилсэн, ардчилсан нам байхын тулд ажиллах хэрэгтэй гэдэгт гишүүд санал нэгдэж байгаа хэмээлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр:
-Их хурлаар Үндсэн дүрмийн өөрчлөлтийг баталсны дараа шинэ дүрмийн дагуу намын удирдлагыг сонгож, зохион байгуулалтыг хийнэ. Тиймээс ирэх сард болох Их хурлаар намын удирдлага, даргын асуудлыг хэлэлцэхгүй гэдэгт санал нэгдсэн. Ер нь намын даргыг бол бүх гишүүдээсээ сунгаагаар сонгох нь зөв гэдэг байр суурьт төвлөрч байгаа хэмээн мэдээлэв.
Н.Нягт