Исламын Оспан Казахын Кэрэй омгийн хүн бөгөөд 1899 онд Шинжааны Алтай аймгийн Хөх тохойд төржээ. 1939 онд Шинжааны захирагч Шэн Шицай казах ноёдын зэрэг дэвийг устгаж эхлэхэд Оспан хятадын эсрэг бослогод нэгдсэн. Бослогын удирдагч Ирис хан Шинжааны захирагчтай найрамдахад Оспан эвлэрэхгүй гэж бие даан тэмцэж эхэлжээ.
1940 онд Оспаны дээрэмчид Монголын хил давж, аллага, дээрэм тонуул үйлдэхэд Монголын хилчид тосон байлдан бут цохиж, Оспаны казахуудаас олзолсон заримыг нь хятадуудад тушаажээ. Учир нь тэр үеийн Шинжааны захирагч Шэн Шицай Зөвлөлт Холбоот улсад талтай, дэмждэг байжээ.
1942 онд хятадын гоминдан намын удирдагч Чан Кайшигийн эхнэр Сун Мэйлин Шинжаанд ирж ЗХУ дэлхийн 2-р дайнд ялагдах тул Гоминданыг дага гэж Шэн Шицайг ятгаж дөнгөсөн байна. Энэ үеэс эхлэн Оспанд хандах Зөвлөлт, Монголын хандлага өөрчлөгдөж түүнийг дэмжих болов. Оспантай Хамхааш, Сагадай, Чой, Дүгэр нарын монгол тагнуулууд уулзаж холбоо тогтоож удалгүй ДЯЯ-ны дэд сайд Дүйнхоржав уулзаж тусламж амлажээ.
1944 оны эхээр X.Чойбалсан Сталинтай уулзахдаа Оспаныг дэмжиж Алтайг гоминданаас чөлөөлөх тохиролцоо хийсэн байна.
1944.02.28-нд Ховдын Булган суманд X.Чойбалсан Оспантай уулзаж дэмжихээ хэлж, 400 винтов, 200 ППШ гар пулемёт болон бусад зэвсэг өгчээ. Оспан хариуд нь Алтайг хятадуудаас чөлөөлөхийн төлөө тэмцэнэ гэж амлажээ.
Удалгүй Ли Жун Шаны гоминданы гарнизоныг Оспан дайрахад Монголын 500 цэрэг нисэх онгоцтой оролцож дэмжжээ (Монголын цэрэг энэ үйл явцад оролцсон талаар Ховог сайрын торгуудыг чөлөөлөхөөр явсан ахмадуудын дурдатгал байна).
Оспаны нөлөөгөөр Шинжаан даяар бослого гарч уйгуруудыг Касым, казахуудыг Далелхан, халимгуудыг Фучи толгойлон Кульжа хотыг чөлөөлж Дорнод Туркестаны БНУ-ыг зарлав. Оспаныг Алтай аймгийн захирагчаар тавьж, Дорнод Туркестаны "үндэсний баатар" хэмээн зарлажээ.
Харин Оспан Дорнод Туркестаны БНУ-аас тусгаарлаж, бие даасан "Алтайн казах улсын хаан" болох бодолтой байсан бөгөөд үүндээ Чойбалсанг туслана гэж найдаж байв.
Гэтэл Дорнод Туркестаны БНУ нь Зөвлөлтийн шууд тусламжтайгаар байгуулагдсан улс тул Оспаныг аштайхан байгаарай гэж оросууд шаарджээ.
Энэ үед Дорнод Туркестан улсын зөвшөөрлөөр оросууд Алтайд ашигт малтмал олборлож эхэлсэн нь Оспантай муудалцах шалтаг болов.
Оспан цэрэг хөдөлгөн оросуудын геологийн ажлыг зогсоохдоо гянтболд (вольфрам) нэрийн дор ураны олборлолт явж байгааг мэдээгүй ажээ.
Энэ үед Нильс Бор, Эйнштейн нарын цөмийн нээлт хэдийн гарсан байсан учир АНУ, ЗХУ атомын бөмбөг хэн түрүүлж хийхээр хоорондоо уралдаж байсан юм. ЗХУ-ын эрдэмтэн Курчатовын ахласан багийн атомын бөмбөгний төсөлд уран дутагдаж байсан тул оросууд Шинжаанд ураны олборлолт хийж байжээ. Оспан өөрөө ч мэдэлгүй ураны олборлолтыг зогсоосонд ЗХУ-ын НКВД (Дотоодыг хамгаалах)-ын дарга Л.Берия (Сталины дараах 2 дахь эрх мэдэлтэн) боож үхэх шахав.
Үүнээс болж Дорнод Туркестаны БНУ, Орос, Монгол гуравтай зэрэг муудсан Оспан хуучны өстөн гоминданыг түшихээс өөр аргагүй болжээ.
Ийнхүү 1947-1948 онд баруун хил дээр Оспаны казах-гоминданы хятадын нэгдсэн хүчин болон монголчуудын хооронд цуврал мөргөлдөөн гарах болсон бөгөөд үүнийг Байтаг богдын тулгаралт гэдэг. Эндээс БНМАУ-ын баатар Нэхийт, Тэгшээ, Гиваан, Даваадорж, Лхагвадорж нар төрөн гарсан түүхтэй.
Монголын талаас Оспаныг алах хэд хэдэн тусгай ажиллагаа хийгдсэн боловч амжилт олоогүй. Жишээ нь шоронд байсан Л.Дандар баатрыг суллаж Оспаныг алах группийг ахлуулж хоёр удаа явсан боловч амжилтанд хүрээгүй.
1949 онд Мао Зэдуны комуннистууд Чан Кайшигийн гоминдан намыг ялж, БНХАУ байгуулагдахад Дорнод Туркестан нэгдэн оржээ (И.Сталин нэгдсэн хүчирхэг комуннист хятад улс байхыг дэмжсэн). Оспан шинэ засгийг эсэргүүцэн бослого гаргав.
ХАЧА- (Хятадын ардын чөлөөлөх арми)-тай байлдаад амжилт олоогүй Оспан Өрөмчид байсан Америкийн консул Маккараны заавраар Энэтхэг рүү дүрвэх гэж яваад Хөх нуур орчимд хятадуудад баригджээ. Түүнийг 1951 онд Өрөмч хотод шүүж, дөрвөн дагалдагчийн хамт олны өмнө дүүжлэн хороожээ. Мөн Оспаны 11 хүүхдийн 8 нь алуулсан юм.
Тайлбар:
- Оспаныхан Монголд дээрэм тонуул, аллага хийсэн нь үнэн бөгөөд 1944 онд Оспан X.Чойбалсантай уулзахдаа монголчуудын эсрэг дээрэм, аллага хийснээ зөвшөөрч дахиж тэгэхгүй гэж амлаж, буу зэвсгийн тусламж авчээ.
- Баруун хилийн тулгаралт болон түүнээс өмнөх Оспан-гоминданы хоорондын мөргөлдөөний үед Шинжаанаас дүрвэж хил давж орж ирсэн казахуудыг Ховд аймагт тарааж, 1942 онд X.Чойбалсангийн тушаалаар үүнээс бүр өмнө ирж суурьшсан казахуудын хамт Ховд аймгаас салгаж Баян-Өлгий аймгийг байгуулжээ.
- 1944.02.28-нд Ховд аймгийн Булган сумын Алаг толгой гэдэг газар X.Чойбалсан, Оспан нар уулзсан нь доорх фото зурагт үлджээ. Оспан X.Чойбалсантай уулзах үеэр: -тэр чинь Оросын хаан гэл үү (Сталинг хэлж байна) гэж асууж байжээ. Оспаны казахуудын мэдээлэл ийм л түвшинд байж дээ.
(Ё.Отгонбаяр-аас ишлэв).
Хятадын Шинжаан мужийн оронд Дорнод Туркестан гэж улс байж болох байв. Хоорондоо эвлээгүй. Гоминданы (цаагуураа Америкийн) нөлөө ч их байсан. Оросууд үүнээс их хажигласан.
Монгол хэдийгээр гадаад бодлогын хувьд ЗХУ-ын хараат байсан ч гэсэн энэ бүс нутагт өөрийн ашиг сонирхолтой. 1922 оноос эхлэн Ардын засгийн газраас энэ бүс нутаг руу (Ил Тарвагатайн Цахар, Өөлд, Ховог Сайрын Торгууд нарт) ухуулга бичиг тараах, тагнуул туршуул явуулж, хариу дэмжлэг ч авч байсан баримт нь одоо Үндэсний Төв архивт бий.
Үүний хариуд Шинжааны захирагч хятадууд Тэнгэр уул (Тянь-Шань-ий нуруу) хавиар нутаглаж байсан казахуудыг зориуд Монголын хил рүү нүүлгэж, Торгууд аймгийг нутгийн гүн рүү татах арга хэмжээ авсан. Энэ талаар Торгуудын 1930-аад оны баримт бичгээс үзэж болно.
Мөн одоогийн Ховдын Булган сум хавийн хошуудын хил хязгаар Богд хаант Монгол улсын үеэс эхлэн Ардын засгийн эхэн үед (1911-1930-аад он хүртэл) хэрхэн өөрчлөгдсөн талаар яг тухайн үед үйлдсэн тамга, тэмдэгтэй газрын зургууд бий.
Оспаны хувьд амбицтай удирдагч байсан. Хэрэв тэр өөрөө хаан болно гэж зүтгээгүй бол, мөн Мао Зэдуны коммунист лобби-д Сталин автаагүй бол юу ч болох байсан юм. Түүхэнд хэрвээ гэж байхгүй юм даа...
А. Ганпүрэв
2015-06-26.