Хөгжлийн банкны шалгалтын асуудлыг Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН завсарлага авлаа. Энэ банкинд төвлөрч байсан гадны зээл, тусламжийн мөнгө өнгөрсөн жилүүдэд зарцуулагдсан. Төсвөөсөө давсан өр бий болж, түүнийг нь ард түмэн төлөх нь тодорхой болоод байгаа. Харин хэний ямар компани мөнгө авсан, Чингис, Самурай бондын мөнгийг юунд зарцуулсан, хааш нь хийсэн гээд нарийн тооцоог шалгалтаар гаргаад байгаа мэдээлэл бий. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Самурай бондын 19 хувь нь орж ирээгүй, Чингис бондоос таван тэрбум төгрөг сох дутаж байгаа гэнэ.
Энэ бүх асуудалтай холбогдуулан төв банкны болон зарим албан тушаалтнуудад хэрэг үүсгэн хуулийн байгууллага шалгаж байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, тус банкинд нарийн шалгалт хийх гэж буй гэнэ. Тэрбээр өчигдөр энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийх байсан ч бас л хойшлуулсан юм. Л.Энх-Амгалан гишүүний хувьд Хагжлийн банкны шалгалтыг нэг бүрчлэн нарийн хийж, нийтэд зарлахаар ажиллаж байгаа юм. Ийнхүү бондын мөнгөөр "бойжсон” улс төрч, албан тушаалтнуудын нэрс удахгүй тодорхой болох нь гарцаагүй болжээ.
Эх сурвалж:Zindaa.mn