|

Залбирч ч сураагүй байж шашин шүтнэ гэж байх у

saikhnaa 2016/12/05 884 0

Залбирч ч сураагүй байж шашин шүтнэ гэж байх у

 

Уг нь монголчууд бид бурхны шашинтай хүмүүс. Тэр дундаа шарын шашныг шүтэх болсоор чамгүй олон жилийг өнгөрөөж. Сүүлийн жилүүдэд элдэв өөр шашин шүтэх хүмүүсийн тоо нэлээд нэмэгдэж байгааг эс тооцвол шүү дээ. Гэхдээ сүүлийн үед бид чинь шашнаа яг шүтэж чадаж байгаа бил үү гэж эргэлзэхэд хүрээд байна.

Ядаж л зөв мөргөж чаддаг эсэх нь ч эргэлзээтэй. Хүмүүсийн зарим нь алгаа хавсраад, нөгөө хэсэг нь гараа салаавчлаад л мөргөж, сүсэглэж харагддаг. Эсвэл хавсарсан алгаа нүүрэн хэсэгтээ барьдаг. Үгүй бол цээжний орчимдоо бариад залбирч байгаа нь ч харагддаг. Нөгөө хэсэг нь хавсарсан алгаа бараг л салтаандаа хийчихээд суугаад байгаа нь харагдаж л байдаг.

Гэтэл залбирахдаа алгаа хавсрах ёстой юм уу, эсвэл өөрөөр барих юм уу. Алгаа хавсрах ёстой гэвэл хаанаа барих юм, нүүрний урд уу, цээжин дээр үү. Гэх мэтээс авахуулаад өнөөдөр монголчууд яаж залбирахаа ч мэддэггүй.

Уг нь бурхны шашин гэдэг агуу том философи шүү дээ. Хамгийн анх үүссэн ч гэж хэлж болохоор энэ том шашинд ядаж мөргөх, сүсэглэх дэг жаяг гэж байгаа нь ойлгомжтой. Гэтэл манайхан түүнийгээ ч мэдэхгүй, зүгээр л мухраар шүтээд байгаа юм. Энэ маягаараа хэдэн жилийн дараа Монголд бурхны шашин шүтдэг хүн үлдэх үү гэдэг асуулт ч гарч ирнэ.

Хэдэн жил гэхээр ойрын 10, 20 жилдээ биш л дээ. Яваандаа гэж байгаа хэрэг. Ядаж байхад манай сүм, хийдийн лам нар зүгээр л мөнгө олохыг бодохоос шашнаа сурталчилж, зөв ойлголт өгч, ядаж яаж мөргөх, сүсэглэх ёстойг ч заагаад, хэлээд өгдөггүй шүү дээ. Гэтэл Христын шашны сүм хийдүүд яаж байна.

Байнга хурал, цуглаан хийж, хүнийг ухуулж, сэнхрүүлж, Ертөнцийн эзэн гэж үнэхээр байдаг гэж бат итгэтэл толгойд нь суулгаж өгч байна. Тэгэхдээ ухуулах, сурталчлах, бүр дуу хуураар хүртэл сэтгэлд нь суулгана.

Бүх дэг жаягаас авахуулаад шаардлагатай бүгдийг зааж өгч байгаа юм. Дээрээс нь мөнгө санхүү, эд зүйл гээд татахгүй юм алга. Тиймдээ ч манайхан ертөнцийн эзэнд бат итгэж, сүүлдээ "Аав аа, намайг ашиглаач” гэж уйлж, бархирч байх вэ дээ. Нэг талаараа балай юм шиг болов ч энэ чинь шүтэж чадаж байна гэсэн үг. Харин манайхан шарын шашнаа ингэтэл шүтэж чадаж байгаа бил үү.

Зөв шүтэж, биширч чадвал мэдээж үр дүнгээ өгнө. Манай ард түмэн сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм шүү. Энэ чинь сэтгэл дотроо сүсэглэж, эдгэнэ гэдэг бодлыг тархиндаа бат суулгаж өгснөөр үр дүнд хүрнэ гэдгийг л хэлээд байгаа хэрэг. Харин манайхан болохоор хийморийн сан тавихаар л хийморь нь сэргээд, ажил нь бүтнэ гэж муйхраар санаад, зөв залбирах, зөв шүтэх гэдгээ ч огоорчихсон.

Хамгийн гол нь сэтгэлээ ариусгаж, сөрөг бодлуудаа эерэг эрчмээр сольж, түүнийхээ хүчээр сайн сайханд хүрнэ гэдгийг ч ухаарахгүй л байгаа юм. Бурхны шашин гэдэг өнөөдөр нэг ламаар ном уншуулаад, өнөөх нь хурлаа хурж байхдаа ухаалаг утсаа оролдоод, орой уулзах хүүхнийхээ тухай завсар хооронд нь ярилцаад байж байхад аяндаа сайхан болчихно гэж мухраар шүтэхээс арай л өөр байх.

Угтаа бол энэ лам ном уншчихлаа, одоо л миний юм бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэж өөртөө эерэг бодол үүсгэхэд л бурхны шашны гол нөлөө байх ёстой болов уу гэж бодох юм. Гэтэл хэдэн ном уншуулахын төлөө тогтоосон тарифаар мөнгөө төлөөд, дараа нь өгсөн мөнгөө л бодоод явбал хэцүү л дээ.

Тиймдээ ч хүмүүс залбирахдаа хүртэл сэтгэл гаргахгүй, алгаа хавсрах уу, гараа салаавчлах уу гэдгээ ч мэдэхгүй л явсаар байгаа юм. Үндсэндээ зүгээр л хэн нэгнийг дагаж лам дээр очдог, гандан ордог хүмүүс дүүрчихжээ, энэ улсад. Шүтэж чадахгүй, ядаж залбирч ч мэдэхгүй бол өөртөө итгэх нь арай дээр байх даа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top