2016 онд "Оюу Толгой”-ийн гүний уурхайн ТЭЗҮ-ийг баталж, бүтээн байгуулалтын ажлыг эхэлсэн бөгөөд одоогоор 1600 хүрээд байгаа ажиллагсдын тоо 2016 оны эцэст 2000, бүтээн байгуулалтын ажлын ид үед 3000-д хүрэх товтой байна. 2020 оноос олборлолтоо эхлэх гүний уурхай дахь зэсийн агууламж нь ил уурхайнхаас гурав дахин өндөр буюу 1.66 хувь байгаа аж.
Мөн 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх юм. Харин одоогоор 2010-2016 оны III улирал хүртэл "Оюу Толгой” компани дотоодод 5.9 тэрбум ам.доллар зарцуулаад байна. Үүнээс өмнө "Оюу Толгой”-ийн баяжмалыг 2016-2017 онд БНХАУ-ын 21 хайлуулах үйлдвэрт нийлүүлэх гэрээ байгуулсан талаар "Rio Tinto” мэдээлсэн юм. Хэдий тийм боловч одоогоор Ганцмодны боомт дээр "Оюу Толгой”-ийн баяжмалын гарцаар нүүрсний тээврийг хийхээр болсонтой холбоотойгоор дээрх компани тээвэрлэлтээ түр зогсоогоод байна.
Үүнээс гадна БНХАУ-ын коксжих нүүрсний ханш энэ оны гуравдугаар сараас эхлэн өсөж, хамгийн сүүлд 11 дүгээр сарын эцэс гэхэд II зэрэглэлийн металлургийн нүүрсний ханш тонн тутамдаа 2019.8 юаньд хүрсэн байна. Үүний дүнд "Эрдэнэс Тавантолгой” компани 12 дугаар сараас нэг тонн нүүрснийхээ үнийг 50 ам.доллар, "Энержи Ресурс” компани 107 ам.доллар болгон нэмэгдүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.
Нүүрсний үнийн энэхүү өсөлт нь Монгол Улсын эдийн засагт жилд дөрвөн тэрбум ам.долларын орлого буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьтай тэнцэх орлого авчирна гэж "BDSEC "дүгнэж байна. Харин БНХАУ-ын тал Монголтой хиллэх боомтуудын хураамжаа нэмэгдүүлсэн нь нүүрсний компаниудын хувьд томоохон өөрчлөлт биш гэдгийг "Эрдэнэс Тавантолгой” компани онцоллоо.
Коксжих нүүрсний ханш сэргэсний ачаар дефолт зарлаад байсан "Энержи Ресурс” буюу "Mongolian Mining Corporation” зээлдэгчидтэйгээ өрийн бүтцээ шинэчлэх хэлэлцээгээ амжилттай хийж байна.
Түүнчлэн энэ онд шинэ Засгийн газар томилогдсоны дараагаас уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хувьцаанууд сэргэж эхэлсэн юм. Хэдий тийм боловч одоогоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй, цаашид энэ талаар ямар бодлого баримтлахаа хараахан шийдвэрлээгүй байгаа талаар Ашигт Малтмал, Газрын тосны газраас мэдээллээ.
Т.Элиса