|

Энэтхэгийн ерөнхийлөгч Далай ламтай уулзсаныг Хятад улс эсэргүүцлээ

saikhnaa 2016/12/17 835 0

Энэтхэгийн ерөнхийлөгч Далай ламтай уулзсаныг Хятад улс эсэргүүцлээ

 

Саяхан Далай лам Энэтхэгийн ерөнхийлөгчийн ордонд болсон хүүхдийн арга хэмжээнд оролцож, энэ үеэрээ тус улсын ерөнхийлөгч Пранаб Мукержитай уулзсан юм.

 

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Хятадын гадаад явдлын яамнаас эсэргүүцлээ илэрхийлж мэдэгдэл гаргажээ.

Гадаад явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан "Саяхан Хятадын талын эсэргүүцлийг үл хайхран Энэтхэгийн тал 14 дүгээр Далай Ламыг ерөнхийлөгчийн ордонд болсон арга хэмжээнд оролцуулж, ерөнхийлөгч Мукержитай уулзах боломж олголоо. Хятад улс энэ явдалд харамсаж, хүчтэй эсэргүүцэж байна” хэмээн өгүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Нобелийн шагналт Кайлаш Сатяртигийн хүүхдийн сан уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хятадын мэдэгдэлд "Далай Лам бол шашны нэрийн дор Төвдийг Хятадаас салан тусгаарлахын тулд удаан хугацаанд тэмцэж байгаа улс төрийн дүрвэгч юм” гээд "бид Энэтхэгийн талаас Хятадын үндэсний ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, Хятад-Энэтхэгийн харилцаанд үүссэн сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ авахыг шаардаж байна” гэжээ.

Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас тэр дор нь хариу мэдэгдэл хийсэн байна.

Мэдэгдэлд "Энэтхэгийн байр суурь тодорхой. Дээрхийн гэгээнтэн Далай Лам бол нэр хүндтэй шашны зүтгэлтэн. Түүний оролцсон арга хэмжээ нь улс төрийн бус, хүүхдийн сайн сайхны төлөө Нобелийн шагналтны зохион байгуулсан үйл явдал байсан” гэжээ.

Өнгөрсөн аравдугаар сард Энэтхэгийн засгийн газар Далай Ламд тус улсын Аруначал Прадеш мужид зорчих эрх олгосны дараа Хятадын тал мөн эсэргүүцлээ илэрхийлж байв. Энэ мужийг Хятад улс Өмнөд Төвд гэж нэрлэдэг бөгөөд Энэтхэг-Хятадын хооронд маргаантай бүс нутагт тооцогддог юм.

Мөн арваннэгдүгээр сард Далай Лам Монгол улсад айлчлахад Хятадын зүгээс энэ удаагийнхтай ижил мэдэгдэл гаргаж эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

 

Эх сурвалж: Times of India

Санал болгох

Сэтгэгдэл

top