|

Тэтгэвэрийн зээл ахмадуудыг ядууралд хүргэж байна

saikhnaa 2016/12/20 1165 0

Тэтгэвэрийн зээл ахмадуудыг ядууралд хүргэж байна

 

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар нэгэн онцгой хуулийн төсөл орж ирсэн нь Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Хуулийн төсөлд, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндэд нь төрөөс анхаарал хандуулах  гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр дурьдагдсан, ахмадуудтай холбоотой анхаарал татахуйц нэг асуудал хөндөгдсөн нь "Тэтгэвэрийн зээл ахмадуудыг ядуурал руу түлхэж байна” гэдэг сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл байлаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт  "Тэтгэвэрийг зээлд хамруулахгүй байх талаар бодож үзмээр юм. Яагаад гэвэл тэтгэвэрийг нэг дор бөөнөөр нь зээлийн хэлбэрээр  авч, хүүхдийнхээ эсвэл ач, зээгийнхээ сургалтын төлбөрт өгчихдөг.  Үүнийхээ дараа ямар ч орлогогүй болчихдог. Цайны сүүний, өдрийн хоолны ч мөнгөгүй болж байгаа ахмадууд маш их байна. Тиймээс энэ асуудал дээр төрөөс анхаарч зээлийг зогсоовол яаж байна” гэдгийг хууль санаачлагчдаас асуусан нь нэгийг бодогдуулахад хүргэв. Энэ асуудал дан ганц өнөөдөр хөндөгдөж буй асуудал биш.

Энэ оны гуравдугаар сард Төрийн ордонд  "Орон сууц, ипотекийн зээл болон малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаар зарим асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, энэ үеэр  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун "Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна” гэдгийг онцолж байлаа.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эрдэмтэд тэтгэвэрийн зээлээ ахмадууд хэрхэн, юунд зарцуулж байгаа талаар судалгаа явуулжээ. МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун судалгааныхаа талаар тайлбарлахадаа "Манай профессорын баг "Тэтгэврийн зээлийг хэн авч байна. Юунд зарцуулж байна. Ямар зорилготой авав” гэдэг сэдвээр судалгаа явуулсан. Тэгээд үзэхэд зориулалт нь ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байгаа дүн гарсан. Олонх нь тэтгэврээ бараг сардаа авч үзээгүй. Ахмадууд өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь хүчээр тэтгэврийн зээл авахуулдаг юм байна. Ингэхээр өндөр настнууд маань жинхэнэ ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат болж байна”  гэжээ.

Судалгааны дүнгээр тэтгэвэрийн зээл авч буй ахмадуудын 70 – 80 хувь нь өөрсдөдөө бус үр хүүхэд, хамаатнууддаа зарцуулдаг гэсэн дүн гарчээ.  Монгол Улсад 60-аас дээш насны 170 гаруй мянган ахмад настан амьдарч байгаагийн 90 хувь нь их бага хэмжээгээр тэтгэврийн зээл авдаг байна. Нийт 170 гаруй мянган ахмад настны 90 хувь нь зээлтэй, багаар бодоход тэдний 70 хувь нь буюу 100 мянга орчим ахмад зээлээ өөрсдөө хэрэглэж чадахгүй байна гэсэн үг юм. Ахмад настны тоо жил ирэх тусам өсч, тэтгэвэрийн зээл авах хүний тоо өдөр бүр нэмэгдэж буй ажээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Арав гаруй жилийн дараа хүн амын тал хувь нь тэтгэвэрийн насныхан болж манай улсын хүн амд насжилт ихсэнэ гэсэн үг. Үүнийг дагаад тэтгэвэрийн зээл авагчдын тоо хэд дахин өсөх магадлалтай.

Ахмадууд тэтгэвэрээ зээлээд хэрэглэх, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулах, бусдад өгөх нь тэдний эрх гээд тоохгүй өнгөрч болох ч тийм биш ажээ. Амьдралынхаа мөч бүрийг хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж, гавьяаныхаа амралтанд гарсан ч гар хоосон, толгой нүцгэн явах нь бидэнд  тийм таатай гэж үү. Өсгөж бойжуулсан эцэг эхээ хайрлан хамгаалдаг нэгэн байхад, өнгөтэй өөттэй бүхнийг булаагаад авчихдаг цэвдэг сэтгэлтэн ч олон бий. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед ахмадуудыг талхны ч мөнгөгүй болгож цөлмөж мэдэх ухаан мөхөс нэгэн бий гэдгийг ойлгох цаг болжээ.

Шийдэл: Тэтгэвэрийн зээлийг богино хугацаатай олгох шаардлагатай

    Олон тооны гишүүн ахмадуудын тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах шаардлагатай хэмээн олон нийтээс оноо авахын тул шоудаж явсанаас ахмадуудын амьдралд нь тулгамдаж буй нарийн асуудалыг авч үзсэн нь хэн билээ. Хуулийн төсөл хэлэлцэх үеэр ахмадын тэтгэвэрийн зээлийг хязгаартай олгоё гэдэг санаачлага гарчээ.  "Тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавидаг байх” санаачлага явж байгаа ажээ. Гэхдээ хуулийн төсөлд хараахан тусгаагүй байгаа юм. Судлаачдаас үүсэлтэй энэ саналыг арилжааны банкууд эртнээс эсэргүүцэж ирсэн байна. Тэтгэвэрийн зээл нь банкуудын ашгийн тодорхой хувийг эзэлдэг төдийгүй хамгийн найдвартай зээлд ордог байна. Иймээс банкууд тэтгэвэрийн зээл олгох сонирхол их байдаг ажээ.

Хуулийн төсөлд нүд хуурсан нэгэн заалт оруулж иржээ. "Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлдэггүй байх” заалт тусгагджээ. Хуулийн заалт шинээр орж буй нь сайшаалтай ч банк тэтгэврийн зээл олгохдоо өөрсдийнх нь зөвшөөрлөөр зээлээ олгодог учраас энэ нь шинэ зүйл биш юм. Банкны зээлийн журамд байх л шаардлага. Хэн ч хүний өмнөөс зээл авдаггүй. Банк өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр зээл олгож ирсэн.

Харин зээлийг хязгаартай олгоё гэдэг бол ахмадаа бодсон шийдвэр болох юм. Сар шинэ, сургалтын төлбөрт тэтгэвэрийн зээлээ 1, 2 жилээр аваад хэрэглэчихдэг. Зээлээр авсан мөнгөө ганц сарын шинээр хэрэглээд дуусчихсан ахмад буурал бүтэн жил талх, сүүний мөнгөгүй болдог жишиг олон байна. Тэтгэвэрийн зээлийн хугацаа дууссан ч үр хүүхдүүдийнх нь хэн нэг нь дахиж очоод зээлийг нь сунгуулчихдаг явдал нь ахмадуудыг хүндхэн амьдруулахад хүргэж байгаа юм. Тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавидаг байх нь өөрсдийг нь бодсон шийдвэр байж болох юм. Нөгөөтэйгүүр урт хугацаатайгаар зээл олгодоггүй байх, 3-4 жилд нэг удаа богино хугацааны зээл олгох зэрэг хязгаарлалт тогтоовол ахмадуудаа ядууралд өртөхөөс хамгаалж чадна. Ахмадын тэтгэвэр нь өөрт нь зарцуулагдах, гавьяаны амралтаа эдлэх, эрүүл мэнд, амралт сувилалд зарцуулах ёстой. Өндөр настнаа тэтгэх, хайрлан хамгаалах нь үр хүүхэд, ач зээ нарынх нь үүрэг ч Төр өөрөө хамгаалах ч шаардлага үүссэнийг судлаачдын дүгнэлт харуулж байна.

Т.Амараа

http://news.zindaa.mn/1wpd

Санал болгох

Сэтгэгдэл

top