|

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ

tonshuul 2017/01/01 757 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ

 


Сайн байцгаана уу!

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.

2016 онд манай гарагийн хоёр тив-Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн тэгш ойг Монгол нутагт тэмдэглэв. ЕвроАзийн бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ дэлхий дахинд "Улаанбаатарын Тунхаглал”, "Даргын Мэдэгдэл” нэрээр манай орны нийслэлээс зарлав.

2016 онд улсын болон орон нутгийн төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна.

2016 оны зуны Олимпийн наадамд манай тамирчид амжилттай оролцлоо. Монгол хүний хийж бүтээж байгаа, хийсэн бүтээсэн бүхний бахархалт хуудас улам зузаарлаа.

Монгол түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө улам сэргээн мандуулсны 105 жилийн түүхт ойг энэ өдрүүдэд өргөн тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт Монголчууд аа!

Хуучин он хорвоогийн жамаар улирна. Шинэ он ч цаг тооллыг өртөлөөн удахгүй эхэлнэ. Монгол түмний ажил амьдрал, түүх бүтээл үргэлжилнэ.

Монголын сайн сайхныг монголчууд л бүтээнэ. Хуучин оныг хаана үдэх нь биш, харин шинэ оноо яаж угтах нь чухал юм. Монгол хүн бүр бие биенийхээ сайныг урамшуулж, хамтран зүтгэвэл манай улс орон урагшлан дэвших нь гарцаагүй. Монгол хүний амин чанар бол Монгол хүн болж төрснөөрөө бахархах юм. Монголчууд Монголдоо хайртай. Монголдоо хайртай хүн бүр Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах учиртай. Хөгжил дэвшил бол хөлжиж баяжихаас илүү өргөн ойлголт юм.

Монгол хүний билэг оюун, үндэсний эх оронч үзэл, Монгол Монголоо дэмжих эрмэлзлэл, дэмжлэг бол Монгол түмний оршин байхын үндэс юм. Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хөдөлмөрч чанар л Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө.

Монголын маань олон олон сайн сайхан өдрүүд, гэгээн бахархалт мөчүүд бидний өмнө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ажиллаж амьдарч байгаа цаг үедээ эзэн болж Монголынхоо өөдлөн дэвших их үйлсэд улам их хувь нэмэр оруулах нь Монгол хүн бүрийн журамт үүрэг юм.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Он солигдох торгон мөч ойртон ирлээ. Энэ мөчийг хүлээн догдолж байгаа хүн бүрт шинэ оны халуун мэндийг хүргэе.

Яг энэ мөчид Монголынхоо сайн сайхан, амгалан энх, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хүлээн зүтгэж байгаа нийт иргэддээ гүн талархал илэрхийлье. Алаг дэлхийн газар сайгүй ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ, мөн Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтэгч нийт хүмүүст шинэ оны мэнд хүргэе.

Манай оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа дэлхийн олон орон, байгууллагын элч төлөөлөлгч Та бүхэнд шинэ оны нөхөрсөг, чин сэтгэлийн мэндчилгээг өргөе. 2017 онд даян дэлхий маань улам энх амгалан байх болтугай.

2017 онд Монгол Улсын маань урагшлах зам улам өөдөө, амжилт бүтээл нь өргөн дэлгэр байх болтугай.

2017 онд хүн бүрийн бие биедээ сайхан сэтгэлээр өргөсөн ерөөл бүхэн биелэн арвижих болтугай.

Мөнгөн аяганд мэлтэрч байгаа энэ цагаан сүүг, Монгол ёсоо дээдлэн, хүн бүрийн эрүүл энхийн төлөө, сүлд хийморь, амжилт бүтээл нь өөдөө байхын төлөө өргөе өө.

Монгол Улс, Монгол түмэн маань өнө мөнх бадран мандах болтугай.

Та бүхэндээ дахин шинэ жилийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Санал болгох

Сэтгэгдэл

top