|

Моди гуай Ч.Сайханбилэгт амласнаа Ж.Эрдэнэбатад өгөх үү?

saikhnaa 2017/01/06 664 0

Моди гуай Ч.Сайханбилэгт амласнаа Ж.Эрдэнэбатад өгөх үү?

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн манайханд 1 тэрбум ам.доллар амлаад буцсан асуудал том улс орнуудын хооронд таагүй уур амьсгалыг дагуулжээ. Ямартаа л Хятадын төв хэвлэлд  Энэтхэг улсаас Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларыг хахууль гэж бичсэн байсан билээ. Тодруулбал, Далай ламыг Улаанбаатарт айлчлуулахын тулд Энэтхэгийн зүгээс хахууль маягаар нэг тэрбум ам.долларыг Монголд олгохоор зөвшөөрсөн гэх агуулгатай мэдээллийг нийтлэсэн байсан. Тэгвэл Энэтхэгийн хэвлэлүүд ч таагүй мэдээлэл нийтлэж байгаа аж.  Н.Модигийн Монголд хийсэн айлчлал Шри Ланка болон Энэтхэгийн далайн бүсийн асуудалд хутгалдан оролцох болсон Хятадад илгээсэн анхааруулга байсан тухай  тэд бичиж байна. Мөн "2016 оны арваннэгдүгээр сард Далай лам Монголд ес дэх удаагаа айлчилсан билээ. Энэтхэгээс тусламж авна гэдэгт итгэсэн Монгол Улс Хятадын эсэргүүцлийг ч үл тоомсорложээ. Гэвч Хятад эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хямарсан Монгол Энэтхэгээс амласан тусламжийг хүсэхэд тайвшруулж тайтгаруулсан хоосон үгнээс өөр юу ч олж долоогоогүй. Н.Моди хулчийжээ. 2015 оны тавдугаар сард Улаанбаатарт алга ташилтаар угтуулсан үеийнх шигээ Энэтхэгийн булчин шөрмөсийг гайхуулж харуулсангүй. Монголын хүндрэлийг хөнгөвчлөх аливаа үйлдэл Хятадын хилэнг хүргэх учраас л тэр. Иймээс ч манай улс төрийн удирдлага Монголын тусламж хүсэхийг дуулаагүй юм шиг өнгөрөөх нь урьдаас тодорхой байв. Үүнээс үүдэн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд Улаанбаатар Бээжингээс уучлал гуйв. Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Далай лам тус улсад дахин хөл тавихгүй гэж амлажээ.”хэмээн бичсэн байна.

Тэгэхээр Энэтхэг улс манайд амласан нэг тэрбум ам.доллараа өгөхгүй гэсэн мессэж ийм маягаар цацагдаж байна. Тэгвэл бид энд тэр нэг тэрбумыг нь бараг авчихсан мэт аашилж, газрын тосны үйлдвэрийнхээ шавыг тавих дээрээ тулчихаад байгаа биш билүү?

Нарендра Моди гуай манай улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын зээл олгохоо хэлсэн нь үнэн. Гэхдээ шууд нэг тэрбум ам.доллар данс руу хийх тухай асуудал биш л дээ. Улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй дэд бүтцийн чанартай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар өгнө гэж байсан. За харин Ж.Эрдэнэбатын удирдаж байгаа Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар анхаарал татсан шийдвэр гарсан байдаг.

Юу гэхээр Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр боллоо гэсэн. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгажээ. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон гэсэн засгийн мэдээлэл байв. Яахав тэгээд үйлдвэр босгоод ирвэл сайн хэрэг. Гэхдээ манай тухайд газрын тосны үйлдвэр гэж шоудсан олон жил ард үлдсэн. Өнөөдөр төрийн эрх мэдлийг атгаж байгаа хүмүүс ч тэр шоунд нэлээд оролцоотой явж ирсэн. Чухам харин энэ удаа үнэхээр нэг тэрбумыг салхинд хийсгэчихгүй, үйлдвэр босгох уу гэдэг нь хүлээлт үүсээд байлаа.  Гэтэл Энэтхэгчүүд нөгөө амласан тэрбумаа өгөх үү гэдэг нь хүлээлт үүсгэсэн үндсэн асуудал болж хувирчээ. Н.Моди гуайн тухайд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад ирээд, амлаад буцсан. Тэгсэн хятадууд айхтар юмаа яриад байдаг. Ж.Эрдэнэбатын удирдаж байгаа засаг өгөх тэрбумаар нь үйлдвэр барина гээд хүлээгээд байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top