|

Ц.Мөнх-Оргилын хийх ёстой ажлыг Ерөнхий сайд хийх үү?

saikhnaa 2017/01/03 652 0

Ц.Мөнх-Оргилын хийх ёстой ажлыг Ерөнхий сайд хийх үү?

 

Ардчилсан намын бүлгийн гишүүд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос хүлээж байсан тайлбараа авч чадаагүй учраас Ерөнхий сайдаас тайлбар авна гэцгээж байна. Сайд Ц.Мөнх-Оргилын тухайд элчин сайдын яам, консулын газрыг татан буулгах тухай асуудал хийгээд Далай ламын айлчлалтай холбоотойгоор өмнөд хөршөөс уучлал гуйсан явдал  гэхчлэн анхаарал татсан асуудлуудад орооцолдоод байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэлэхдээ  "Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын түвшинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн "Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” гэх зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа. Монгол Улс тусгаар тогтносон улс орны хувьд аливаа айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч энэхүү асуудалд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын түвшний асуудал юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн.” гэж байгаа юм.Тэгэхээр салбарын сайд мөртлөө хариуцсан асуудлынхаа талаар тоймтой хариу өгч чадахгүй, өөрийнхөө ажлыг Ерөнхий сайдаар хийлгэх хэмжээнд л албаа хашаад байна л гэж Ц.Мөнх-Оргил сайдыг дүгнэхэд хүрээд байгаа юм.

Эргэн сануулахад, Далай ламын Монголд хийсэн номын айлчлалд Засгийн газрын түвшнээс ямар ч оролцоогүй гэх мэдэгдлийг манай талаас хийсэн байдаг, өмнө нь. Гэвч Хятадын Гадаад хэргийн яамны зүгээс Далай ламын айлчлалын өмнө болоод хойно ар араас нь мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцаанд асуудал үүслээ гээд байсан.  Тэгсэн  дараахан нь Монгол улсын Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтайгаар холбоотойгоор Хятад Улсын Засгийн газраас уучлалт гуйсан тухай гадны хэвлэлүүд бичиж нийтлээд эхэлсэн юм.

Монгол Улсад өмнө нь Далай лам хэдэнтээ айлчилж байсан. Гэхдээ ингэж улстөрийн түвшинд уучлал гуйж байсныг нэг л санахгүй байна. Гол нь Далай ламыг дахин Монголд урихгүй гэсэн гэх мэдээлэл байгаа нь, нэг талаас саяны айлчлалын тухайд Монгол Улсын зүгээс Далай ламыг урьснаа  албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байгаа.  Тэгэхээр энэ нь Ц.Мөнх-Оргилын бас нэг алдаа юу гэдэг асуудал гарч ирж байна.

Ц.Мөнх-Оргил сайд Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйж,  хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, "Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн гэх мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарсан. Далай лам энэ оны 11 дүгээр сард Монголд айлчлан олон мянган сүсэгтэн олонд сургаал номоо  айлдсан нь эдийн засгийн хүнд байдалд орж, хөрш орноосоо тусламж найдсан Монгол Улсын хувьд томоохон эрсдэл авчраад байна. Далай ламын айлчлалын тухайд цэвэр шашны зорилгоор ирснээс ямар ч улс төрийн агуулга байхгүй хэмээн мэдээлж байсан. Гэвч Далай лам айлчлалынхаа төгсгөлд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад "Намайг эх нутагтаа урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа баярлалаа. Би Азиас зөвхөн Япон, Монгол хоёрт л очиж чаддаг” хэмээн ярьсан юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Далай ламыг урьсныг Ц.Мөнх-Оргил хүлээн зөвшөөрсөн харагдаж буй.

Хятадын Гадаад харилцааны яамнаас  зүгээс мэдэгдэхдээ 14 дүгээр Далай лам бол Хятадын эсрэг салан тусгаарлагч, Төвдийг Хятадаас салган тусгаар тогтнолоо олох хүслийн дагуу урт хугацааны турш шашны нэр дор үйл ажиллагаа явуулж буй салан тусгаарлагч хэмээсэн. Тэгэхээр Монгол Улс уучлал гуйсан нь Далай ламыг салан тусгаарлагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болж байна.

Ер нь Ц.Мөнх-Оргил сайдын тухайд нэлээд анхаарал татсан асуудлуудад ийм маягаар орж байна. Тухайлбал, засгаас Индонез улсад суугаа ЭСЯ, Бразил Улсад суугаа ЭСЯ, Осака дахь консулын газар, мөн Хайлаарт ажиллаж буй консулын газрыг тус тус татан буулгах шийдвэр гаргасан ч, УИХ-аар хэлэлцээгүй байхад түргэн түүхий хандаж, мэдэгдэл хийсэн нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан уу гэдэг асуудал дагуулсан юм.

Ц.Мөнх-Оргил  хэлэхдээ "Сая Засгийн газрын хуралдаанаар зарим дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах талаар хэлэлцлээ. Юуны өмнө Индонез улсад суугаа ЭСЯ, Бразил Улсад суугаа ЭСЯ-ыг татан буулгана. Осакад байгаа консулын газар, мөн Хайлаарт ажиллаж байгаа консулын газрыг татан буулгая гэсэн шийдвэр гаргалаа. Ямар үндэслэлтэй вэ гэхээр нэгдүгээрт, УИХ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос 2017 онд бололцоогоороо хэмнэлт гаргах, зарим нэг дипломат төлөөлөгчийн газруудын ач холбогдлыг эргэж харах, төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байгаа бол татан буулгах асуудлыг оруулж ирээрэй гэж үүрэг даалгавар болгосон. Энэ дагуу бид Бразил, Индонезийн ЭСЯ-дыг татан буулгая гэсэн шийдвэр оруулж байна. Энэ улсад ойролцоогоор 25, 25 монгол иргэн ажиллаж амьдардаг. Гадаад худалдаа бол Индонезтэй 12 мянган доллар, Бразилтай 2000 долларын нийт худалдаа эргэлт байгаа. Өөрөөр хэлбэл худалдаа эргэлт байхгүй. Осакагийн консулын хувьд Токиод том ЭСЯ ажиллаж байна. Хайлаарын хувьд БНХАУ-д манай дөрвөн дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байна. Энэ дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгаснаар бид жилдээ 1.5-1.7 сая долларын хэмнэлт гарах юмаа гэж тооцож байгаа. Эдгээрийг татан буулгахын хажуугаар Бишкект буй одоо байгаа консулын газраа ЭСЯ болгоё гэсэн шийдвэр гаргалаа. Энд зардлын ялгаа байхгүй. Хайлаарын консулыг татан буулгасны оронд Шанхай хотод консулын газар байгуулъя гэсэн шийдвэр гаргаж байна. Яагаад гэвэл Шанхай хотод 3000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Худалдаа эргэлт, хөрөнгө оруулалт их учраас Шанхай руу шилжүүлье гэсэн шийдвэр гаргаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Сайдын мэдэгдлийн араас эсэргүүцсэн байр сууриуд цөөнгүй дуулдаж байгаа.

Гол нь Ц.Мөнх-Оргил эрхэм Монгол Улсын Гадаад харилцааны салбарыг манлайлан ажиллах хариуцлагатай үүргийг хүлээсэн хүн хэрнээ хариуцлагагүй алхмуудыг хийж, хэвлэлийн хуудаснаас буухаа болив.

http://www.shuurhai.mn/135646

Санал болгох

Сэтгэгдэл

top