|

Монголчууд газар нутгаасаа дөрвөн удаа “албан ёсоор” алдаж байж

saikhnaa 2017/01/12 1050 0

Монголчууд газар нутгаасаа дөрвөн удаа “албан ёсоор” алдаж байж

 

1689 онд Монголчууд Сибирийг Оросод алдаж, 1727 онд Эргүнэ голын зүүнээ
с баруун тийш Тагна Тувагийн Шавинайн даваа хүртэлх газар нутгийг алдаж, 1864 онд Тарвагатайн нурууг ойр орчмын гол нууртай нь алдаж, 1915 онд Алтайн хязгаарыг Хятадад, Тагна Тувагийн хязгаарыг Хаант Оросод дээрэмдүүлжээ.

 

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭН ӨДӨР./1961.10.27, НҮБ-д элссэн 101 дэх орон/ Өөрийн газар нутагтай, өөрийн гэсэн хэл, ёс заншилтай, бие даасан улс гэдгээ дэлхийн 200 гаруй улсад хүлээн зөвшөөрүүлэх эхлэл болгож, Орос ба Хятадтай хиллэх хилийн шугамаа НҮБ буюу "Дэлхийн Засгийн газар”-аар баталгаажуулж авсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хил хэрхэн үүссэн тухай материал орууллаа.

... XVII зууны эхэн үеэс монголын хойд, урд хоёр талаас түрэмгийлэн эзлэх Хаант Орос, Манж Чин улсын бодлого идэвхжиж монголын газрын зурагт өөрчлөлт орохын эхлэл тавигджээ.

... Оросууд Сибирийн аймгуудыг эзлэн Монголын хойд талаас түрж шахах болжээ. Манжийн Энх-Амгалан хаан Оросын газар нутгийн түрэмгийллийг эсэргүүцсэн халхчуудын тэмцлийг дэмжиж байсан ч амжилт олоогүй.

.... Галдан бошгот Халхыг эзлэхдээ Оросоос цэргийн тусламж авсан хэмээн цуурхсан тул Манж нар Ойрад, Оросын цэргийн холбоо байгуулагдахаас болгоомжилж, Оростой хилийн гэрээ байгуулж найрамдсан. Хэлэлцээр Оросын Нерчүү хотын дэргэд 1689 оны 8-р сард хийгдэж, Манж нар Агнуурын тэнгис төдийгүй Камчатскийн ихэнх хэсгийг өөртөө авахыг зорьсон бол Оросууд Байгаль нуур, Агнуурын тэнгисийн эрэг хавийн нутгийг авч үлдэн Хар мөрнөөс урагших газрыг Манжид өгснөөр хэлэлцээр дуусгавар болсон. Энэ хэлэлцээрээр эртнээс нааш хэдэн мянган жил монголчуудын үндсэн газар нутаг байсан Баруун ба Зүүн Сибирь, Байгаль нуур хавийн асар уудам нутаг Оросын мэдлийнх болсон.

Хил тогтоох хэлэлцээрийн хоёр дахь үе Халх Оросын хил орчмын Буур голын хөндийд 1727 оны 8-р сард эхэлж, Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Саяны нурууны Шавинайн даваа хүртэл 87 хос овоо босгож Монгол, Оросын хилийг албан ёсоор тогтоосон ч Монголчуудын уугуул нутгаас ихээхэн газар нутаг алдагдсан түүхийн нэгэн хар толбо болон үлджээ.

Манж нар 1756 онд Зүүнгарын хаант улсыг эзэлснээр Алатау нурууны ар бие, Догол нуур, Төмөрт нуур, Долоон ус гол, Или мөрний дунд ба адаг урсгалын сав газар Оросын мэдэлд, үлдсэн ихэнх нутаг Манжийн харьяанд оржээ.

Орос, Манж хоёр 1864 оны 9-р сарын 25-нд Тарвагатайн нурууны өвөрт орших Тарвагатай (одоогийн Чугачук) хотод байгуулсан гэрээгээр хуучин Зүүнгарын хаант улсын нутгийн хойд хил буюу Тагна Урианхайн Шавинайн даваанаас баруун тийших хилийг тогтоохдоо монголчуудыг огт оролцуулаагүй ажээ. Уг гэрээгээр Тарвагатайн нуруу, түүний ар бие, хөндий, Хар эрчим голын адаг, Зайсан нуур, Мароканоль нуур зэрэг Зүүнгарын улсын нэлээд нутаг Оросын мэдэлд орсон байна.

... Богд хаант Монгол улс нь Манж, Хятадын дарлалаас Өвөрмонгол, Баргын газар нутгийг салган авч өөртөө нэгтгэх сонирхолтой байсан боловч хүчин мөхөсдөж зорилгодоо хүрч чадаагүйгээр барахгүй газар нутгаа алдсан юм. 1913 онд Хятадын засгийн газар Алтайн хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж цэргийг Монголд түлхэн оруулж, зарим газрыг эзлэн авснаар Монгол, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. 1913 оны 12-р сард Монгол, Орос, Хятадын тал байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нуруугаар Цагаан түнгэ хүртэл цэрэггүй бүс тогтоожээ. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Хаант Орос, Хятад хоёр тэрхүү цэрэггүй бүсийн шугамыг улсын хил хэмээн Монголд хүчээр тулган хүлээлгэж, Тагна Туваг Орос дээрэмдэж, Алтайн нурууны өмнөд бэл, Хар эрчис, Чингил, Булган, Өрөнгө голууд, Өрөнгө нуурын сав дагуух Монголын нутгийг Хятад дээрэмджээ.

1921 оны Ардын хувьсгал нь дэлхийн тавцанд Монгол улсыг дахин тунхаглах, улсын хил хязгаарыг авч үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн. 
1962 оны 12-р сарын 26-ны өдөр "БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ” байгуулагдаж, 1962-1964, 1982-1984, 2001-2005 онд хамтарсан хилийн шалгалтууд явуулсан. Энэхүү гэрээ нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10-р сарын 9-нд бүртгэгдсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна.

Монгол, Оросын хил нь 1958, 1976 онд БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд байгуулсан хилийн гэрээнүүдээр шинэчлэгдэн, 1977-1979 онд, 1987-1996 онд хамтарсан шалгалтууд хийгдсэн.

Ийнхүү Монгол улсын хил олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар ХХ зууны дунд үеэс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, газар нутагтай болсон билээ.

Шихи Билгээ
фейсбүүк хуудас

Санал болгох

Сэтгэгдэл

top