|

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт ганц шийдвэр асар их дэвшил авчирдаг

saikhnaa 2017/01/16 851 0

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт ганц шийдвэр асар их дэвшил авчирдаг

 

 

 

Салбар бүрийн асуудал, гарц шийдлийг тухайн салбарын тэргүүлэгчдээр  тодорхойлуулдаг "Leaderships forum” буланд энэ удаа Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор, профессор /Ph.D/ Ж.Чинбүрэнг урилаа. Түүнтэй эрүүл мэндийн салбар, тэр дундаа хавдрын өвчлөлийн талаар ярилцлаа.

 

ХСҮТ-ЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЧИХВОЛ...

 Хавдар судлалын үндэсний төвийн гол үүрэг үндэсний хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх, хавдартай тэмцэх үндэсний бодлогыг тодорхойлох, чиглүүлэх үүрэгтэй. Тусламж үйлчилгээ буюу эмчилгээний асуудал одоогоор хэвийн байна. Хүлээгдэлтэй нэлээд хэдэн зүйл байгаа. Түүний нэг нь эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил. Гэтэл барилгыг хараахан дуусгаж чадаагүй байна.

Тухайлбал, олон гүйцэтгэгчтэй байснаас тэдний уялдаа холбоо алдагдаж, санхүүгийн зөрчил, түүнийг шийдэх гээд олон асуудал тулгарч байгаа. Өргөтгөлийг ашиглалтад оруулчихвал манай төвийн ачаалал 30 хувиар буурчих боломж харагдаад байдаг.

Хамгийн гол нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөөд байрны өргөтгөлийг ашиглалтад орохыг хүлээж байна. Хоёрдугаарт, туяа эмчилгээний цоо шинэ технологи Монголд нэвтрүүлэх гэж байгаа. Энэ эмчилгээний төхөөрөмжийг суурилуулахад гурван сарын хугацаа шаардана. Бас л шинэ байрыг хүлээж байна.

Тоног төхөөрөмжийг зүгээр цахилгаанд залгаад ажиллуулчихдаг аппарат биш. Одоо бидний хэрэглэж байгаа туяа эмчилгээг ердийн байдлаар жишвэл, аксент машинтай байсан бол энэ тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар бид том жийп машин хөлөглөнө гэсэн үг. Энэ бол тэнгэр, газар шиг ялгаатай, эмчилгээний том дэвшил гарч ирнэ. Дээрээс нь энд ачаалал буурна.

Түүнээс гадна Хавдар судлалын үндэсний төвд зайлшгүй шийдэх ёстой асуудал бол Яаралтай түргэн тусламжийн хэсгийн шинэчлэл юм. Долоо хоногт гэхэд 30 орчим түргэний дуудлагаар хүнд хүмүүс манайхыг зорьж ирж байна. Гэтэл бид хүмүүсээ бүрэн авч чадахгүй, тав тухгүй хонгилд хэвтүүлж, ар гэрийнхэн нь ч сэтгэл санааны бухимдалтай байдаг. Бид шинэ байшин барьж чадах биш. Байгаа нөхцөл байдалдаа тохируулж санхүүгийн бага ачаалалтай шийдэхийг оролдож байна.

Архитектурын багтай хамтарч ажиллахаар болж, зураг төслөө боловсруулж, гарцаа олчихсон.Аливаа зүйлд гарц заавал олдох ёстой. Би мэс заслын эмч. Хагалгааны үед гарцгүй гээд сууж болдоггүй. Гарцыг хамгийн бага санхүүжилтээр, дарамт багатай хийх нь чухал.

ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ МАШ ТОМ ДЭВШИЛ ГАРНА

Бүхэл бүтэн салбарын хэмжээнд энэ онд гурван тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Тэгэхээр бид Эрүүл мэндийн сайдаас "Мөнгө өгөөч” гээд нэхээд байх боломжгүй. Гэхдээ ийм хязгаарлагдсан орчинд байгаа ч А.Цогцэцэг сайд манай төвийн үйлчилгээ, чадамжийг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтыг боломжийн хүрээнд шийдэж өгсөнд баяртай байгаа.

Тусламж үйлчилгээний чанарын хувьд тулгамдаж байгаа асуудал, шийдлийн хувьд бол ийм. Үүнийг том зургаар харвал, Монгол Улсад туяа эмчилгээний том дэвшил гарах нь, хими эмчилгээний тасгийг ч шинэ өргөтгөлийн байранд шилжүүлнэ. Ингэхээр ачаалал шийдэгдэж хүлээгдэл багасна. Хамгийн чухал нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлнэ.

Элэг шилжүүлэн суулгах асуудал бол Хавдар судлалын үндэсний төвийн тусламж, үйлчилгээний чадамж юм. Нөгөө л машинаар төсөөлбөл аксентаас жийп рүү шилжиж байгаа гэсэн үг. Амь тэмцсэн хүнд өвчтөнд маш хүнд хагалгааг хийж сэргээж босгоно гэдэг бүхэл бүтэн эмнэлгийн ажил байдаг. Энэ тогтолцоог бий болгохын тулд олон хүн байнга суралцдаг. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах манай багийнхан гэхэд 60 орчим хүн давтан сургалтуудад хамрагдаад эхэлчихсэн.

Үүнд боловсон хүчнийг чадавхжуулах маш том хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Зөвхөн элэг солино гээд яриад байгаа боловч цаанаа эмнэлгийн тусламж үйлчилгээг маш өндөр хэмжээнд аваачих юм. Ингэснээр хүнд хүмүүст хагалгаа хийх, эсвэл хагалгааны дараах хүнд хүмүүсийг эрчимт эмчилгээний чадамжаар сайжруулна гэсэн үг.

Тиймээс элэг шилжүүлэн суулгадаг эмнэлэг бусад эмнэлгээс хэд дахин илүү хүчин чадлаар ажиллах чадамжтай баг бүрдсэн байх ёстой.

БИД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХЫН ТӨЛӨӨ "ӨВЧИЛСӨН”

Бид 2011 оноос хойш элэг шилжүүлэн суулгахын төлөө ажиллаж, мэргэжлээр бол "өвчилсөн”. Гэхдээ энэ маань хагалгаа хийснээрээ хүмүүст гайхуулна гэсэн ойлголт биш. Маш олон хүн элэг солиулчихвал амьдрах гээд байна. Эмч хүн аврал эрээд ирсэн хүнд "Би тусалж чадахгүй” гэж хэлэх маш харамсалтай.

Дэлхийн анагаах ухааны ололт аврах хэмжээнд оччихоод байхад бид "Чадахгүй” гээд суухад мэргэжилтний хувьд ичмээр, шившигтэй асуудал. Сэтгэлзүйн хувьд ч дорой байдал үүсдэг. Энэ байдлаас гарахын тулд бид "өвчлөөд” байгаа юм.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж байгаа ч ачаалал маш их байна. Бид 2011 оноос хойш БНСУ-ын "Самсунг” эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлж хүмүүсээ сургаж эхэлсэн. Жил бүр сургалтаа хийгээд яваад байсан. Харин одоо хувьсгалын тохироо бүрдээд байгаа.

Тодруулбал, 2015 оноос эхлэн Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах баг бүрдүүлээд хэн нь юу хийх тухай ажил үүргийн хуваарилалтаа хийж, эмч нараа жил бүр хоёроос доошгүй удаа сургалтад хамруулсан. Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой онол болон эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хяналтыг хамтарч хийдэг.

Нөгөөтэйгүүр хийж чадаж байгаа газруудтай хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй элэг шилжүүлэн суулгах хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Үүний хүрээнд манай эмнэлгийн сувилагч нар нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байна. Элэг шилжүүлэн суулгасан хүмүүсийн хагалгааны үеийн болон дараах үеийн сувилгааны асуудлаар сургалтад яваад эхэлчихсэн. Мөн Нэгдүгээр төв эмнэлэгт энэ сард хийлгэх хагалгаанд манай эмч нар очиж оролцох гэж байна.

Ер нь хагалгаанд ур чадвараас гадна зохион байгуулалтын ажил маш чухал байдаг. Олон багуудын хоорондын уялдаа, холбоо, харилцаа нягт байх ёстой. Аль нэг хэсэгтээ тийм зүйл байхгүй, энэ байхгүй гээд зогсч болдоггүй. Бүх зүйл бэлэн, үйл ажиллагаа жигд уялдаатай байхыг шаарддаг. Тэгэхээр хийж чаддаг болсон газраасаа суралцаж тэр мэдлэгийг бид бие биедээ дамжуулах нь чухал.

Өөр нэгэн сайн мэдээ бол "Самсунг” эмнэлэг "Самсунг” электроник корпорацидаа Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлэх гэж байгаа элэг шилжүүлэн суулгах багт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргаад байгаа. Одоогоор батлагдаагүй ч гэсэн манай эмч нарын зардлыг дааж сургалтад хамруулна гэдэг бидний хувьд маш том боломж юм.

Бид эндээс зардлаа даагаад очихоор болж байгаа. Энэ сарын сүүлчээр эхний баг Солонгосыг зорих гэж байна. Түүнээс гадна Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах үед "Самсунг” эмнэлгийн баг ирж зөвлөх үйлчилгээ өгнө. Бид хүнд төвөгтэй цогц эмчилгээг эрсдэлгүй хийх ёстой. Үүний тулд мэддэг, чаддаг хүмүүсийг дэргэдээ байлгаж хянуулж, жижиг алдаа ч гаргахгүйн тулд хичээх ёстой. Солонгосын тал зардлаа өөрсдөө дааж ирэхээр урьдчилсан тохироо хийсэн.

ЭЛЭГ, УМАЙН ХҮЗҮҮ, ХОДООДНЫ ХАВДАР ГЭХЭД ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙ

Хавдрын өвчлөл гэдэг жилд хэдэн хүн шинээр өвдөж байгаа тухай тоо. Энэ тоо буурахгүй. Энэ тоог бууруулахыг зорих биш харин ч ихэсгэх ёстой юм. Үүнийг буруугаар битгий ойлгоорой. Хавдрын өвчин хэзээ ч алга болдоггүй. Дэлхийн жишгээс харахад хавдар насжилттай холбоотой. Хүн өндөр наслах тусам хавдраар өвдөх магадлалтай. Дэлхий дахинд хоёр эрэгтэй хүний нэг, гурван эмэгтэй нэг нь хавдраар өвддөг. Тэгэхээр бид үүнийг байхгүй болгоно гэж ярьж болохгүй.

Харин Монгол Улсын хувьд нөхцөл байдал өөр. Элбэг тохиолддог гурван хавдар болох элэг, умайн хүзүү, ходоодны хавдар гэхэд шалтгаан нь тодорхой. Энэ бол насжилттай холбоогүй. Элэгний хавдар гэхэд В, С вирусийн шалтгаантай, умайн хүзүүнийх гэхэд HРV вирусийнх, ходоодных хелико бактеритай холбоотой байх жишээтэй. Шалтгааныг бид мэдэж байгаа юм чинь шалтгааныг хянах нь энэ хавдрын өвчлөлийг бууруулах боломжтой.

Сайн мэдээ зөндөө байна. 2015 онд С вирусийн эмчилгээ Монголд нэвтэрлээ. 2017 оноос Монгол Улсын эрүүл мэндийн даатгалаас С вирусийн эмчилгээний нөхөн олговрын 80 хувийг даадаг болсон. Шинэ Засгийн газар "Элэг бүтэн Монгол” мөрийн хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд вирусийн эмчилгээний асуудлыг шийдэж байна.

Хэдий бид С вирусийг устгалаа гэсэн ч элэгний хавдаргүй болчихгүй. Энэ өвчин 15-20 жилийн турш хүний биед байж удаан хугацаанд элгийг гэмтээсээр байдаг. Элэг нь гэмтчихсэн маш олон хүн байгаа. Гэмтсэн элэгтэй хүмүүст хавдар үүсэх нь тодорхой. Тиймээс бид шалтгааныг устгаад зогсохгүй хавдрыг эрт илрүүлэх нь чухал.

ШАЛТГААНЫГ УСТГАЖ, ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ БАЙЖ "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” БОЛНО

Хавдрын тусламж үйлчилгээний чанар хэр байна вэ. Чанарын асуудлыг тодорхойлохын тулд хавдрын эмчилгээ хийлгээд тав болон түүнээс дээш жил хэчнээн хүн амьдарсан бэ гэдгийг харж болдог. Чинбүрэн 100 хүнийг эмчилсэн бол тэдний тав болон түүнээс дээш жил амьдарсан хувийг хэлээч гэхэд өнөөгийн нөхцөл байдлаар дөнгөж 18 хувь байна. 100 хүн эмчлүүлэхэд 18 нь тэсч үлдсэн гэсэн үг. Хавдрыг хожуу оношлох нь ямар ч мундаг хагалгаа хийлгээд үр дүн өгөхгүй байгаагийн нэг жишээ.

Тухайлбал, элэгний өвчлөл гэхэд нийт хавдрын 40 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдрыг эрт илрүүлвэл, өөрөөр хэлбэл, гурван см-ээс ихгүй байхад нь оношлочихвол 15 минутад л эмчилчихнэ. Хагалгаа хийх шаардлагагүй. Гэтэл таван см-ээс том хавдартай бол хагалгаанд орно. Бүхэл бүтэн баг ажиллана, асар их зардал гарна. Хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдаж, бүтэн нэг сар хяналтад байна. 3-6 сарын дараа ажил эрхлэх боломжтой болно.

Гурав дахь асуудал бол нэгэнт хүнд шатандаа ороод элэг нь ажиллахаа больсон хүмүүст элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй. Шалтгааныг устгах, эрт илрүүлэх, элэгний эмчилгээн дотроос элэг шилжүүлэн суулгах асуудлыг шийдчихвэл цогц нэг болж "Элэг бүтэн Монгол” хөтөлбөр утга төгөлдөр болох ёстой. Үүний төлөө манай төв чадах чинээгээрээ ажиллаж байна.

2018 ОНД НИЙТ ХАВДРЫН 60 ХУВИЙГ ХЯНАХ БОЛОМЖТОЙ

Дараагийн асуудал бол умайн хүзүүний хавдар. Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог. 2013 оноос Мянганы сорилтын сангаар умайн хүзүүний эрт илрүүлгийн хөтөлбөр улс даяар хэрэгжсэн. Үүний үр дүнд умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож эмчлэгдсэн хүмүүсээс таван жил болон түүнээс дээш жил амьдарч байгаа магадлал нь 40 хувь болсон.

Эрт илрүүлгийн хөтөлбөр байхад ямар их дэвшил авч ирдгийг мэдэрсэн. Энэ туршлага дээр тулгуурлаад элэгний хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мянганы сорилтын сангаас санхүүжсэн хөтөлбөр дууссан. Үүнийг буцаагаад улсын санхүүжилтээр үргэлж­лүүлвэл бага зардлаар бэлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой.

Ингэж чадвал нийт хавдрын 50 хувийг хянаж чадна. Магадгүй 2018 онд ходоодны хорт хавдараар үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлбэл нийт хавдрынхаа 60 хувийг хянана. Ингэж байж бид дэвшил гаргаж, ард түмнийг хорт хавдраас айхгүй болгоно.

САНХҮҮЖИЛТИЙН ЗӨВ ТОГТОЛЦОО БҮРДЭХЭЭР ЭМНЭЛЭГ ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВЧИХ БОЛОМЖТОЙ

Эрүүл мэндийн салбарыг тусламж үйлчил­гээ, нийгмийн эрүүл мэнд гэж хоёр хуваадаг. Би тусламж үйлчилгээг голдуу ярьж байна. Тусламж үйлчилгээний чанарт хамгийн гол нь санхүүжилтийн асуудал байдаг. Санхүүжилтийн зөв тогтолцоо бүрдэхээр эмнэлэг өөрийгөө аваад явчих боломж бүрдэх ёстой. Үүний төлөө зөв алхмууд хийгдсэн.

Ялангуяа, Эрүүл мэндийн шинэ хууль, даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг дэвшлүүд гарсан. Тухайлбал, хагалгаанд орж байгаа хүмүүсийн өндөр өртөгтэй багажуудын төлбөрийг 80 хувийг даатгалаас гаргаж байна. Өвчнөөс болж ард иргэдэд санхүүгийн дарамт ирэх нь бага боллоо.

Өмнө нь хагалгаа хийлгэж байгаа хүн өөрөө 3-4 сая төгрөгийн багаж авдаг байсан бол одоо түүнийхээ 20 хувь буюу 600 мянган төгрөгийг төлөх жишээтэй. Бусдыг нь даатгалаас гаргана.Энэ бол тусламж үйл­чил­гээний чанарыг сайж­руулах, эмч нарын ур чад­варыг сайжруулахад чухал үүрэгтэй. Ганц шийдвэр асар их дэвшил авчирдаг.

Сүүлийн жил хагасын хугацаанд 160 орчим хүн гадаадад элгээ солиулсан байдаг. Үүнд 11 сая ам.доллар зарцуулсан байна. Зөвхөн эмчилгээний дүн. Цуг явсан хүмүүс, тэнд байсан зардлыг оруулаагүй. Монголын зах зээлээс жил хагасын хугацаанд 11 сая ам.доллар гарна гэдэг  санхүүгийн хүнд нөхцөлд байгаа үед асар их дарамт. Тэгэхээр үүнийг Монголд хийдэг болгож, энэ төрлийн хагалгааг улам идэвхжүүлэхэд санхүүгийн дэмжлэг чухал.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top