Орхон аймагт цус харвалтын дараах нөхөн сэргээлтийн эмч нар дутагдалтай байна
Өнгөрсөн хавар орон даяар өрнөсөн "Хавдрын эсрэг хамтдаа” аянд Орхон аймгийн 3000 гаруй иргэн хамрагджээ. Үүнээс 120 нь сэжигтэй, 15 нь хорт хавдар байсан нь нотлогджээ. Хавдрыг анхан шатанд нь илрүүлэх зорилготой уг аяны ач холбогдол их байгааг БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагва хэллээ.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 600 гаруй иргэн хавдартай бөгөөд үүний тавин хувь нь хортой хавдраар өвчилжээ. Хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байгаа нь эмнэлгийн байгууллагынхны сэтгэл түгшээсэн асуудал болж байгаа ажээ. Иймд БОЭТ-ийн Дотрын тасагт хоёр, Дотор, уламжлалтын эмнэлэгт дөрвөн ор нээж хавдартай иргэдийг хэвтүүлэх болсон байна. Манай улсад элэг, ходоод, улаан хоолойн хавдар зонхилдог. Энэ нь амьдралын хэв маягтай нь холбоотой байдаг ажээ.
Мөн цус харвалт залуужиж 21 настай хүн уг өвчнөөр өвчлөх болсон байна. Харвалтыг эмчлэх 25 ортой тасаг байгаа ч энэ нь хангалтгүй гэнэ. Жишээ нь Улаанбааатар хотын гуравдугаар эмнэлэгт харвалтын дараах 24 цагийн дотор яаралтай тусламж үзүүлдэг баг ажилладаг байна. Энэ нь мэдээгүй болсон эрхтэнг нөхөн сэргээх, мэдрэлийн эд эсийг нь сэргээж богино хугацаанд хөдөлмөрийн чадвар нь бүрэн сэргэдэг байна. Харин Орхон аймагт харвалтын дараах нөхөн сэргээх эмч нарын баг, харвалтын үед яаралтай тусламж үзүүлэх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон машин байдаггүй ажээ. Үүнийг шийдэхгүй бол харвалт залуужиж нэмэгдэхийн хэрээр тахир дутуу хүний тоо өсч магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм.