Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэдний өдөр болох нь маргаантай байгаа. Энэ тал дээр тодорхой хариулт авах үүднээс
- Шар зурхай, Төгс Баясгалант гэсэн хоёр зурхай энэ жил зөрж байна. Яагаад ингэж зөрдөг болон Монголчууд аль тооллыг нь дагах нь зохистойг хэлж өгөхгүй юу?
- Үүнийг ойлгоход одон орон болон цаг тооллын тухай анхан шатны мэдлэг, бага ангийн хүүхдийн арифметик ойлголт байхад болно.
Энэ жил сарын зөрүү гарч буйн шалтгаан бол "Төгс Баясгалант" зурхайд энэ жил илүү нэмж тооцсон бол "Шар зурхай"-д илүү сар нэмж тооцоогүй юм.
"Нийтийн тоолол" нь нарны тоолол буюу сарны байрлалыг үл харгалздаг бол дорно дахинд түгээмэл хэрэглэдэг цагалбарууд ихэнхдээ нар сарны хосолсон тоолол буюу нар, сар, дэлхий гурвын хөдөлгөөн, байрлалаас харгалзан тооцоолдог.
Нар сарны хосолсон тоололд олон бутархайнууд, тухайлбал жилд бутархай сар, сард бутархай хоногууд гарах тул нэлээн олон зохицуулалт хийх шаардлага гардаг.
Тиймээс "Төгс баясгалант" зурхайгаар мичин жил илүү сартай бол өөр цагалбарт тухайлбал "Шар зурхай"-д ирэх жил нэмж буй нь тийм ч гайхмаар зүйл биш.
Харин Монголчууд аль зурхайг дагах ёстой вэ гэдэг нь астрономын шинжлэх ухааны асуудал гэхээсээ илүү нийгэм соёлын асуудал юм.
Тусгаар улсаа тунхагласнаас хойш "Төгс баясгалант" зурхайгаар тэмдэглэж ирсэн.
Сүүлийн үед зарим хүн "Шар зурхай"-аар хийх ёстой, энэ нь Хубилай хааны тоолол юм гэх болж.
Хятадын "Шар зурхай" нь үнэндээ Хубилай хаантай огт хамаагүй, XVII зуунд Манж чин улсад анх хэрэглэсэн "Shíxiàn calendar" гэдэг цагалбар бөгөөд Хятадын Католик шашны долоон баганы нэг гэгддэг эрдэмтэн Xu Guangqi өөрийн Герман нөхдийн хамт зохиосон гэдэг. Гол тооцооллыг нь Johann Adam Schall von Bell гэж католик миссионер хийсэн.
Тэгвэл "Төгс баясгалант"-ыг Төвдийн тоолол гэж эндүүрдэг. Үнэндээ Монгол юм шүү дээ. Энэ тооллыг Сүмбэ хамба Ишбалжир гэх хүн зохиосон бөгөөд өнөөдөр дэлхий дээр зөвхөн Монголчууд л энэ цагалбарыг ашигладаг.
Дорно дахинд алив улсын цаг тооллыг хэрэглэнэ гэдэг тэр улсын харьяанд буйг давхар илэрхийдэг тул ингэдэг байсан болов уу. Иймээс ч Хятадууд Монголд автаномитыг тулгахдаа эргээд өөрсдийн тооллыг дагахыг тулгасан байдаг.
Тэгэхээр өнөөдөр Монголчууд эргээд "Шар зурхай"-г дагах ёстой гээд байгаагийн учрыг сайн ойлгохгүй л байна. Гэхдээ айхтар муу санаа гэхээсээ илүү олон хүнийг бужигнуулж, анхаарлын төвд орох, шар зурхайг шууд хуулсан цагалбараа борлуулах л сонирхол биз.
- Төгс баясгалант зурхайд өдөр давхцах, хасах тохиолдол байдаг тухай тайлбарлаж өгөхгүй юу?
- Дээр хэлсэнчлэн нар сарны хосолсон тоололд нэг сар гэдэг нь нэг битүүнээс нөгөө битүүн хүрэх хугацааг хэлдэг. Энэ хугацаа хоногоор бүтэн тоологддогүй буюу 29.5 орчим өдөртэй тэнцдэг.
Тиймээс нар сарны хосолсон тоолол л бол зайлшгүй сарын өдрөөс хасах болон нэмэх шаардлага гарч ирдэг.
"Төгс баясгалант" зурхай нь энэ тохиргоог сарын голоор ч хамаагүй хийдэг л онцлогтой. Энэ нь цаашлаад сарны дэлхийг тойрох хурд харилцан адилгүй байдагтай холбоотой юм.
Ер нь зурхайд хэт ач холбогдол өгөхийн оронд, зөв байх, ёс суртахуунд илүү ач холбогдол өгөх, мөн хэт үгүйсгээд байхгүй зан заншлийн төвшинд л аваад явж яагаад болохгүй гэж.
Зүг чиг гаргах дарамттай хэцүү санагдвал битгий л гарга, дэлхий дээр гурван сая хүн л ийм зан үйл хийдэг.
Нөгөө талаар, зөвхөн Монголчууд бидэнд л байдаг заншил байтал энэ бүх заншлаасаа татгалзвал, элэглэн шоолбол хэн болж орхих билээ.
- Тэгвэл энэ хоёрдугаар сарын эхээр төрсөн хүүхэд мичин жилтэй юу тахиа жилтэй юу?
- Энд санаа зовох зүйлгүй. "Шар зурхай"-аар тахиа, "Төгс баясгалант" зурхайгаар мичин жилтэй.
Нэгэнт ийм хоёр өөр тооцоолол буй тул өдөр, сар зөрж л таараа, шинэ зүйл гараад сүйд болж буй хэрэг биш.
Өмнө хоёрдугаар сарын сүүлээр цагаан сар тохиосон олон тохиолдол бий, шар зурхайд ч мөн хоёрдугаар сарын хоринд цагаан сар болох тохиолдол бий.