-АН болон Хөвсгөлд орон зайгүй болсон Л.Гүндалайг Эрдэнэтийнхэн хүлээж авахгүй-
Сонгууль-2016 ойртсон биш УИХ-д суучих санаатнууд олноороо язганалдах боллоо. Тэр дунд шинэ, хуучин янз бүрийн хүмүүс байгаа.
Өчигдөр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнээсээ татгалзаж, улмаар нам байгуулан төрсөн нутаг Хөвсгөлдөө биш Эрдэнэт буюу Орхон аймагт хүч үзэхээ зарлав.
Л.Гүндалай намаасаа гарч байгаагаа мэдэгдэн, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчдээ хүсэлтээ өгчээ.
Л.Гүндалай 2000 оны сонгуулиар Хөвсгөлд бие даан нэр дэвшиж ялалт байгуулан улстөрд орж ирсэн ба удалгүй АН-д дэд даргын суудал аван элсэж байлаа. 2004 оны сонгуулиар тэр АН ба МАШСН-ын "Эх-Орон-Ардчилал” эвслээс нэр дэвшин ахин сонгогдсон.
Тэр жил уг эвсэл бараг л ялсан юм. Үүнд хүүхэд бүрт 10000 төгрөг олгох тухай амлалт томоохон хөшүүрэг болсон. Сонгогчдод хэтэрхий их юм амалдаг популист амлалтын эхийг ийнхүү тавьсан хүн нь Л.Гүндалай.
Ингээд өмнөх дөрвөн жилд болон сонгуулиар АН-ын төлөө гол амлалтыг нь бодож олсон хүний хувьд сайд гэхдээ Эрүүл мэндийн сайд болохоор Ц.Элбэгдоржид өргөдөл бичээд амжилт олоогүй.
Тэгмэгцээ Эвслийг М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарын хамт задлаад өөрөө АН-аас гарч талбай дээр хэд хоног суун гишүүн элсүүлж Ард түмний нам гээчийг байгуулж байлаа.
Л.Гүндалай нарын эвслээ тараасан энэ үйлдлээс болоод АН тэр дөрвөн жилд УИХ дахь хүний намын бүлэгт нэгдэн "бүдүүн бүлэг” гээчийг байгуулж улмаар бүлэг ч үгүй нэг хэсэг хохийгоод нэг юм Зөвлөл гээчийг байгуулж байлаа.
Тэгж байтал МАН-ынхан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын бодийг хөтлөхөд тэр тэргүүн эгнээнд гүйж явсан. Ингээд хүссэн юм хүзүүгээр гэгчээр Эрүүл мэндийн сайдын суудлыг гартаа хийсэн юм.
Гэвч хэтэрхий амбицтай түүнтэй холбоотой асуудлууд олноор гарч ирсэн нь огцроход хүргэсэн. 2008 оны сонгууль эхлэх гэж байтал түүнд сайд байсан үеийнх нь асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д байнга илгээх болов.
Ингээд нэр дэвших эрх ч үгүй хоцрох гэж байсан Л.Гүндалай АТН-аа хаячихаад Ц.Элбэгдорж дээр гүйн очиж буруугаа хүлээн АН-д эргэн элсэж Хөвсгөлд дахин нэг нэр дэвших эрх олж авч билээ.
Хэрвээ тэр үед АН-ын гишүүнчлэлээ сэргээгүй бол мань эр "Нэг худаг” руу илгээгдэх нь зайлшгүй байсан гэлцдэг. Ингээд 2008-2012 онд бас л прокуророос байнгын нэхээтэй дөрвөн жилийг өнгөрүүлж улмаар ахин нэр дэвшсэн ч өнгөрсөн сонгуулиар унасан.
Ингээд Л.Гүндалай гэдэг хүн улстөрөөс арчигдаж байгаа нь тодорхой болсон. 2012 оноос хойш байсгээд л Зайсангийн газрын асуудлаар хэвлэлийн хуудас чимэн гэртээ суусан түүнийг өнгөрсөн жил Н.Алтанхуяг "Боомтын нэгдсэн захиргаа” гээчийг байгуулахдаа даргаар нь томилсон.
Гэвч хэдхэн сарын настай уг алба нь Шийдлийн Засгийн газарт хэрэггүй болж татан буугдсан ба Л.Гүндалай АН-д хэрэггүй болсноо гүн гүнзгий ойлгохоос аргагүйд хүрсэн хэрэг. Иймээс л улстөр яв гээд байхад эргэж буцдаг нөхдийнхөө адилаар тэр шургачих нүх хайж эхэлсэн нь энэ.
Энэ удаа тэрбээр байнга энд тэндхийн зуйгуул нөхдийг сонгож ирсэн Орохоныхны толгойг эргүүлэхээр шийдэж. Тэгвэл Эрдэнэтийнхэн энэ удаа нэг удаа сонгогдож аваад дараа нь сүүлээ хавчаад алга болдог нөхдүүдээс залхчихсан учраас Хөвсгөлд орон зайгүй, дээрээс нь АН-д нүд үзүүрлэгдсэн Л.Гүндалай мэтийг төлөөллөөрөө сонгохгүй гэдэг тодорхой болчихоод байна.
Ийнхүү Гүндалайн "гүнбалайрал” энэ удаа дахилаа. Харин хэр урт
хугацаанд үргэлжилж, нөгөө Л.Балхжавын хэлдэг шиг хаа очиж дуусахыг
таашгүй нь биш тааж ядах юм алга. Ирэх жил Орхонд жаахан мөнгө цацаад
тэгсгээд л дуусах нь тодорхой юм.