|

Р.Бат-Эрдэнэ захирал та, оюутнуудаас авсан 5.8 тэрбум төгрөгөөр юу хийсэн бэ?

saikhnaa 2017/01/31 886 0

Р.Бат-Эрдэнэ захирал та, оюутнуудаас авсан 5.8 тэрбум төгрөгөөр юу хийсэн бэ?

 

МУИС-ийн оюутнууд  суурь хураамжийн 5.8 тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдсаныг асууж, жагсаал хийлээ. Тэд МУИС-аас улирал тутамд авдаг 224  мянган төгрөгийн суурь хураамжийг зогсоохыг шаардаж байгаа юм. Оюутан бүрээс улирал бүрт сургалтын төлбөрөөс гадна нэмж авдаг энэ мөнгөөр сургууль оюутны сурах орчинг сайжруулах, интернэт орчноор хангах зэрэг үйлчилгээ үзүүлдэг гэж тайлбарладаг ч үнэндээ нам дагасан бүлэглэлүүдийн гадаад дотоодын аялал зугаалганд зарцуулагдаад дуусдаг гэж оюутнууд жагсаалын үеэр хэлж байх юм. Тус сургууль нь улирал бүр бакалаврын түвшний оюутнуудаас 224 мянган төгрөг, магистр болон докторын түвшинд суралцаж буй оюутнуудаас 336 мянган төгрөг авдаг. Улирлаар болон жилээр чөлөө авах, өнжих тохиолдолд ч энэхүү суурь хураамжийг төлөх ёстой гэсэн шинэчилсэн журам гарсан байдаг. Гэтэл ийм төрлийн суурь хураамжийг бусад төрийн гэх тодотголтой сургуулиуд авдаггүй, яагаад зөвхөн МУИС авч байгаа юм бэ гэсэн асуулгыг  оюутнууд тавьж байгаа юм билээ.

Тэгэхээр энэ асуудалд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ тайлбар өгөх хэрэгтэй юм. Өнгөрсөн 2016 онд МУИС-д аудитын шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар тус сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ 5,8 тэрбум төгрөгний зөрчил гаргасаныг илрүүлж,  сургалтын хөтөлбөргүй оюутан элсүүлдэг, тусгай зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт авдаг зэрэг ноцтой зөрчил гаргасныг тогтоосон байдаг.

 Р.Бат-Эрдэнэ захирал нь Төрийн албаны зөвлөлөөс хууль бусаар томилогдсон нь тогтоогдсон боловч өмнөх сайд Л.Гантөмөрийн өмгөөллийн хүчинд МУИС-ийн захирлаар ажилласаар өнөөг хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хамгийн гол нь энэ хүнийг томилогдсоноос хойш түүний санхүүгийн хариуцлагагүй байдал тус сургуульд хэрээс хэтэрчээ. Тиймээс Р.Бат-Эрдэнэ захиралд хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэж үзэх хүмүүс  олон байдаг.

Оюутнууд хэлэхдээ  "Бид сургуульдаа мөнгө өгч болно. Гэхдээ тэр мөнгийг юунд зарцуулж байгааг л асууж, шаардаж байна. Бидний адил улсын их, дээд сургуулиуд барилга байгууламжийн чанар нь сайжирч байна. Гэтэл манай сургууль хэвээрээ л байгаад байгаа. Сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлсэн ч хариугаа авахад номын сангийн ном бүрдүүлэлт, сургалтын орчинд ашигладаг гэсэн цаасан дээрх хэдэн тоо өгсөн. Гэтэл нүдэнд ил хийсэн зүйл юу ч байхгүй байна. Өнгөрсөн жил энэ суурь хураамжийн мөнгө 5.8 тэрбум төгрөг болсон гэсэн” гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ 5.8 тэрбумыг тайлбарлах хүн Р.Бат-Эрдэнэ захирал юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top