Улсын тодотголтой их сургуулиуд жилээс жилд уруудан доройтож, хувийн жижиг сургуудиас ялгарч илүү гарахгүй болсныг суралцагчид нь бэлхнээ гэрчлэх боллоо.
Сургалт үйлчилгээний чанар нь муудсаар газарт унаж байхад, харин эсрэгээрээ сургалтын төлбөр нь өсч тэнгэрт хадаж байгааг гайхаж, харамсан халаглавч, аргагүйн эрхэнд халаасаа тэмтэрч хамаг байдгаа шавхан байж их сургуулиа төгсөж буй оюутнууд, эцэг эхчүүд олон байна.
Манай улсын ууган бөгөөд урдаа барьдаг Монгол Улсын Их Сургууль ч бас эгээ адил элдэв асуудал хэл ам тасардаггүй.
Саяхан болсон МУИС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар 2015-2016 оны хичээлийн жилд 1 дүгээрангийн оюутнуудын сургалтын төлбөр 40%, хоёр гуравдугаар курсын төлбөр 25-30% нэмэх шийдвэрийг гаргасан нь улс орноороо хямралын шуурганд өртсөн энэ үед суралцагч, эцэг эхчүүдийн толгой дээр нилээд том дараас болж ирсэн.
Тэгвэл энэ мэтчилэн төлбөрөө нэмээд сууж байдаг олон дарга нартай сургуулийн оюутнууд төлсөн төлбөрийнхээ үнэлгээнд хүрсэн чанартай боловсрол, соёлтой үйлчилгээг авч чадаж байгаа юу гэвэл бас үгүй гэнэ.
Тухайлбал санхүүгээсээ эхлээд сургалтын алба, салбар сургуулийн захирал нь хүртэл оюутнуудтай зүй бусаар харьцдаг, дүнгийн асуудал шударга бус, хэдэн багш нар нь хэрэгтэй хэрэггүй ном шахаж дүнгээ гаргадаг гэхчлэн олон асуудлууд, гомдол санал тасардаггүй.
Харин энэ удаа "МУИС-ийн санхүүгээс шинжлэх ухааны сургуулийн төгсөх ангийн оюутнуудаас төлбөрийн зөрүү гэж хууль бусаар мөнгө нэхэж, өгөхгүй бол дипломыг нь өгөхгүй, төгсгөхгүй” гэж дарамтлаад байгаа тул оюутнууд удаа дараалан эсэргүүцсэний эцэст өнөөдөр эцэг эхчүүдтэйгээ МУИС-ын захиралтай уулзаж эцсийн удаа шаардлага тавихаар болоод байгаа аж.
Үүний дагуу МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн төгсөх ангийн оюутнуудын төлөөлөл Х.Анандын өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Х.Ананд: ” -Манай сургуулийн төгсөгчдийн дунд "Кредитийн зөрүүний” гэх асуудал өнгөрсөн жил үүссэн юм. Энэ нь шинээр нэвтрүүлсэн "СС систем” буюу хичээл сонголтын шинэ системийг нэвтрүүлсэн, уг систем нь бүрэн гүйцэд ажиллаагүй доголдолтой байснаас алдаа гарч олон оюутнуудад кредитийн зөрүү гарсан. Тэр системийн доголдлоос үүссэн алдааг оюутнуудад тохож нэмэлт төлбөр шаардсаныг тухайн үеийн төгсөгчид эсэргүүцэн жагсаал цуглаан хийж Боловсролын сайд Гантөмөр, МУИС-ын Ерөнхий захирал болон оюутнуудын төлөөлөл 3 талаас уулзахад энэ асуудлыг ТУЗ шийддэг юмаа гэсэн.
ТУЗ нь хуралдаад энэ асуудлыг оюутнуудад үүрүүлэхгүй гэж хэлсэн байдаг. 2014 оны 7 сард болсон хурлын протоколыг нь хайж олох гээд үзсэн боловч чадаагүй. Тэгээд энэ асуудал намжчихсан байсан. Тэмцэж эсэргүүцэж байсан оюутнууд ч төгсөөд явчихсан.
Гэтэл сая 5-н сард оюутнуудын дипломоо бичих, шалгалт шүүлэг давхцсан хамгийн цаг завгүй үед ахиад кредитийн зөрүүний асуудал үүслээ. Ийм асуудал байна гэж намар бидэнд хэлээгүй төгсөх болчихоод байхад гэнэт гаргаж ирсэн. Оюутнуудад төлөхийг шаардсан үнийн дүн нь янз бүр байна. Жишээ нь 70000, 100, 200 300-н мянга гээд бүр 800 мянган төгрөг төлөх ёстой болсон хүүхэд ч байна.
Би өөрийн дансандаа төлбөрийн илүүдэл 150000 төгрөгтэй байтал тэрийг надад хэлэлгүй суутгаад авчихсан байсан. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр дээрээс тийм тушаал гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь захиралтай орж уулзаад байдлыг хэлтэл "Тэгвэл чи баримтаа аваад ир чиний мөнгийг буцаагаад өгчихөе” гэсэн. Энэ ганц би биш зөндөө олон оюутнууд байна ш дээ гэтэл "чи тэгвэл тэр олон оюутнуудынхаа баримтыг аваад ирэхгүй юу” гэж уурлаад захиргаа удирдлага нь хүртэл ийм харилцаатай.
Зөрүүний мөнгөө өгөхгүй бол дипломоо авахгүй шүү, төгсөхгүй шүү гэж дарамтлаад байгаа асуудал дээр оюутнууд нэгдэж үгээ хэлэх гэж байна. Өнгөрсөн жилийн төгсөгчдийн хувьд тухайн үед шаардлагынх нь дагуу төлчихсөн байсан оюутнууд буцааж авч чадалгүй хохироод харин төлөөгүй байсан нь дараа төлнө гээд тэр чигээрээ төлөөгүй үлдсэн. Бид үүнийг эсэргүүцээд байгаа юм.
Хүүхдүүдээс яаж мөнгө аваад байна вэ гэхээр нэг нэгээр нь дуудаад чамд ийм үлдэгдэл байна танай сургууль ангийнхан чамаас бусад нь бүгд төлчихсөн гэж худал хэлж цохилдуулж аваад байгаа юм. Шинжлэх ухааны сургуулийн хариуцсан захирал нь бидний асуудлыг хүлээж авахгүй "-Та нар явдаг газраараа яв, мөнгөө төл!” гэж бидэнтэй зүй бус муухай харьцаж байсан.
Зарим оюутнууд бол одоохон төгсөхийн хооронд хэдхэн цаасны хойноос хөөцөлдөх гэж яршиг , нэгэнт төлчихсөн юм чинь гэсэн байр суурьтай байна. Харин зарим нь энэ асуудлыг ингээд орхиж болохгүй, сургуулийн захиргаатай хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Улс орны санхүүгийн байдал хүнд, аргагүйдээд төлбөрөө нэмж байгаа бол ядаж сургалт, үйлчилгээгээ яаж сайжруулсан, юунд зарцуулснаа жил бүр оюутнуудад тайлан тавьж баймаар байна.
Төгсөх хаяанд ирсэн энэ үед бидэнд ихээхэн хүндрэл тулгараад байгаад сургуулийн удирдлага хариултыг нь тодорхой өгч, хохирол гомдлыг барагдуулж, төлөх ёсгүй нэмэлт төлбөр нэхэж төгсгөхгүй гэж дарамтлахаа болихыг бид шаардаж байна. Ер нь сургалтын албаны ажилтан нь хүртэл бүдүүлэг, соёлгүй харилцаатайгаас эхлээд сургуультай холбоотой маш олон асуудал байдаг. ” гэлээ.
Мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэх улсын их сургууль нь ийм байхад биднийг ямархан ирээдүй хүлээж байна вэ? Зулын гэрэл тосноосоо, шавийн эрдэм багшаасаа гэдэг. Гэтэл сургуулийн удирдлага ажилтнууд болон суралцагч оюутнуудын харилцаа таагүй, төгсөгчдөдөө хүндлэл, үнэ цэнэгүй мөнгөний машин шиг улайран шунаглаж, сонгон орсон оюутнуудаа төдийгүй тэдний ар гэр эцэг эхчүүдэд дарамт учруулж дарамталдаг УЛСЫН ИХ СУРГУУЛЬ байна гэхэд дэндүү харамсалтай.
Эх сурвалж: www.newsline.mn