|

Ном ба нойр

saikhnaa 2017/02/06 481 0

Ном ба нойр

 

Тэрээр нойр нь хүрэхгүй байсан тул орондоо ном уншив. Ганц хуудас дуусгаагүй байтал нүд нь анилдаад эхэллээ. Бушуухан чийдэнгээ унтраагаад хөнжлөө лавхан татаад нүдээ анилаа. Гэтэл юун унтах, тэр дороо нойр нь сэргэчихэв. Хэсэгтээ унтах санаатай баахан хөрвөөв. Нойр бүрэн хульжижээ.

Чийдэнгээ асаагаад мөнөөх номоо ахиад барьж авав. Дахин нэг хуудас уншчихлаа. Номын үг үсэг улам бүдэгрэн фокус алдарч байна. Чийдэнгээ унтрааж нүдээ анив. Тэр дороо л нойр сэргэчих нь тэр. Дороо хөрвөөтөл хөнжил дээр тавьсан ном нь шалан дээр унаж нойрыг нь бүр ч сэргээчихлээ.Ном уншиж нойроо хүргээд, номоо болингуут нойр хульжих энэ явдал бараг арав дахин давтагдав. Чийдэнгээ унтрааж ч үзэв, асаалттай нь үлдээж ч туршлаа. Ахиухан зүүрмэглэхийн тулд уншиж байхдаа нүдээ тэвхдсэн ч нэмэр болсонгүй. Сэрүүн хөрвөөхдөө тоо тоолж үзсэн боловч хэдийнээ мянга гарч будилаад алдсан тоогоо эргэж олох гэсээр бүр ч сэргэх нь тэр. Цаг харсан чинь шөнийн гурав болж байна. Ингээд мань хүн ерөөсөө энэ шөнөдөө унтахаа болихоор шийдлээ. Нойр хүргэдэг номоо хандсан зүг рүүгээ шидчихээд, босч хувцаслав. Гадаа гарлаа. Баахан алхав. Алхах тусам нойр нь хүрнэ. Сүүлдээ бүр гудамжинд босоогоороо унтах шахав. Бушуухан гэртээ эргэж ороод уухайн тас хөнжил рүүгээ шургалаа. Гэтэл гайтай нойр тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг ор сураггүй зугтан алга болжээ. Удтал хөрвөөж байснаа гэнэт өнөө нойр хүргэдэг номоо авахаар бослоо. Эрээд олсонгүй, хааш нь шидчихснээ санадаггүй. Тэгэхээр нь номын сан руугаа очин хамгийн түрүүнд гарт таарсан нэг номын сугалж аваад ор руугаа чиглэв.Хэдхэн мөр уншсаны дараа нүд нь анилдаад эхэллээ. Чийдэнгээ ч унтрааж ч чадсангүй, уншиж буй номоо ч цааш тавьж дөнгөлгүй гараас мултран унав. "Ямар ном уншиж эхэлсэн бэ?” гэсэн бодол толгойд нь орж ирсэн боловч үүнийг сэрж нягтлах тэнхэл хүрсэнгүй. Мань хүн гүн нойронд автан таг унтжээ. "Ямар ном хамгийн сүүлд уншив?” гэсэн асуулт түүний зүүдэнд янз бүрийн сюжэтээр холилдон найрагдан тэнүүчлэнэ. Ямар ном уншсанаа тэрээр хэзээ ч мэдэж чадаагүй. Яагаад гэвэл тэр дахиж сэрээгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top