Монгол Улсад хар тамхины хэрэглээ газар авч байна. Хар тамхи хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа нь эмгэнэл болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 21-25 насны 12 залуус хар тамхи хэрэглэж байгаад нэг нь 12 давхараас унаж амиа алдсан хэрэг олныг цочирдуулсан. Гэвч цагаан тахал хэмээн аймшигт хар тамхины хэрэглээ буурахгүй байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
Манай улс НҮБ-ын Мансууруулах эмийн тухай конвенцед 1990 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1999 онд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцед 2001 онд нэгдэн орж байсан. Мөн 2002 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192, 196 дугаар зүйлүүдэд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчилсан юм. Хэдийгээр энэ төрлийн гэмт хэргийг хуульчилж, хэрэглэгч, борлуулагч нарт ял оноож байгаа ч хар тамхи авч борлуулдаг, хэрэглэдэг иргэдийн тоо өсч, аюулын харанга дэлдээд байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус нийлүүлэлт манай улсад БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Азийн орнуудаас гэсэн гурван урсгалаар орж ирдэг байна. Улсын хилээр мансууруулах бодисын нөлөөтэй эмийн ургамлыг хууль бусаар нэвтрүүлж, зарж борлуулан дамжуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад хамгийн том саад болж, мөн манай улсад ургадаг мансууруулах үйлчилгээний зэрлэг ургамлын тархац их байгаа нь залуучууд уг ургамлыг түүж, борлуулж, нийлүүлэх гол эх сурвалж болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Албаны хүний үг:Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ариунжаргал "Манай улсад хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчид бий болохын хэрээр энэ төрлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлж, ашиг олох гэсэн сонирхолтой бүлэг этгээдүүд бий болж байна. Эдгээр хүмүүсийн хууль бусаар хилээр нэвтрүүлэх арга хэрэгсэл улам нарийсч, бусдын бараанд нуух, жирийн иргэдэд хүргүүлэх байдал нь жирийн энгийн нэг иргэнийг хохироож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж байна” гэсэн юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн их эмч Ө.Анхболд "Манай улсад өндөр хор уршигтэй, эрүүл мэндийг хохироодог нь тогтоогдсон бодисууд түлхүү тараагдаж орж ирж байна. Энэ бодисуудыг хэрэглэснээр гаднаас эрч хүч энерги оруулж ирж байна гэсэн үг биш. Таны биед байгаа бүх эрч хүч энергийг нөөц бололцоог богино хугацаанд дайчлан гаргаж байгаа явдал. Улмаар сульдах, туйлдалд орж, тархинд нь цус харвах, зүрхэнд нь шигдээс үүссэнтэй ижлээр таны биед цусан хангамжийн дутагдал, гүнзгий хордлогын шинжүүд илэрдэг. Дараа нь эрхтэн болгонд жижиг үхжлүүд үүсдэг. Энэ үхжлүүд эргэж сэргэхгүй”
ХЗДХЯ-ны албаны дарга Т.Нямгэрэл "Тулгамдаж буй асуудал их байна. Нэн ялангуяа цагдаагийн байгууллагын, эрүүл мэндийн ажилтнуудыг сургах. Хар тамхинд донтсон хэрэглэгчдийг эмчлэх, тэдэнтэй ажиллах арга зүй стандарт шаардлагатай байна”
Судалгаа:Анх манай оронд ургамал буюу мансууруулах бодисын зэрлэг ургамлыг олж авах хадгалах борлуулах, тээвэрлэх гэх гэмт хэрэг зонхилж байжээ. Харин 2011 оноос химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох мөс буюу айс гэх бодисын хэрэглээ газар авч, нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг хамарсан байна.Насны ангиллаар авч үзвэл, 19-25 насны залуучууд зонхилох хувийг эзэлж байгаа бол 0-18 насны насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35 насны холбогдогч 3.6 дахин өсчээ.Харин гэмт хэрэгт холбогдогчдын 40.9 хувь нь эрхэлсэн ажилгүй иргэд багтдаг байна. Гэхдээ эдгээр иргэд нь ажилгүй, амьжиргааны түвшин доогуур иргэд биш. Хувийн бизнестэй, эсвэл эцэг эхийн эд хөрөнгөөр хар тамхи худалдан авдаг этгээдүүд байгаа нь судалгаагаар нотлогджээ. Тэд найз нөхдийн харилцаа холбоогоор олж авдаг. Гэхдээ эдийн засаг, эрүүл мэндэд нөлөөлөх үр дүнг нь огт мэддэггүй байна.
Сэрэмжлүүлэг
Ингээд хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж буй сэжигтэн, хар тамхины эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг яриаг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.
Иргэн 1 "Найзуудтайгаа наргиж цэнгэж явахдаа анх сонирхож хэрэглэж үзсэн. Хүмүүс гоё, сайхан гээд байхаар нь хэрэглээд тэгээд сүүлдээ бүр өөрийгөө хэрэглэгч болчихсон байсан. Гэхдээ хүн өөрийгөө донтож байгааг мэддэггүй юм байна.
Иргэн 2 "Саваагүйтэж юугаа ч мэдэхгүй байхдаа хэрэглээд донтчихсон. 4-5 жилийн турш хэрэглээд бүр зуршил болгочихсон. Одоо хүнтэй ч сууж чадахгүй, найз залуутай ч болж чадахгүй байна. Ийм муухай зуршилтай болсондоо маш их харамсан эмчилгээ хийлгэж байна. Ээж болох ч боломжгүй байдалд байна”
Иргэн 3 "Найз нөхөд олонтой байсан. Гэвч хар тамхи хэрэглэснээр эцсийн дүндээ ганцаараа л болсон байна. Хүмүүс намайг хүн гэдэг үүднээс биш хар тамхичин гэдэг байдлаар хардаг болсон байсан. Тиймээс залуучуудыгаа хар тамхийг хэрэглэлгүй, үзэн ядаж жигшин зэвүүцэж, хол байгаасай гэж хүсч байна. Хүн эрүүлээр амьдарна гэдэг хамгийн аз жаргал байдаг юм байна”
Сэжигтний ээж "Манай хүү их сургуулийн оюутан. 25 настай. Хичээлдээ яваад байна гэж бодож байтал хар тамхины хэрэгт холбогдчихсон байсан. Үр хүүхдээ том боллоо, нас биед хүрлээ гэж бодож болдоггүй юм байна. Байнга л анхаарал халамж хяналт тавьж баймаар юм байна. Мэдээний доогуур хүртэл хар тамхины хэрэглээ 76.1 хувиар өслөө гэх харамсалтай тоо баримт гарч байна лээ. Манай хүү 90 хоногийн турш хорих ангид хоригдож байна. Өдөр болгон л нулимстай амьдарч байна. Тиймээс эцэг эхчүүддээ хүүхдүүдээ эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай, нас биенд хүрсэн ч хамаагүй байнгын анхаарал хяналт тавьж байгаарай гэж захимаар байна”
Хэлбэр:Хар тамхи хууль бусаар тээвэрлэгчдийн арга улам нарийсч байгааг албаны хүмүүс онцолж байна. Тодруулбал, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэн борлуулдаг байна. Мөн товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилан бусдын дансаар хийж хүлээн авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгддэг аж. Иймд иргэдийн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.