|

С.Эрдэнэ: Ардчилсан намын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна

saikhnaa 2017/02/13 893 0

С.Эрдэнэ: Ардчилсан намын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна

 

АН-ын 7-р их хурал хот, хөдөөгийн гишүүдийнхээ хамтаар өргөн бүрэлдэхүүнтэй өрнөж байна. тус намын үдээс өмнөх хуралдаанаар АН-ын шинэ дарга С.Эрдэнэд тамгыг нь гардуулан, намын даргаар албан ёсоор батламжилсан юм. Их хурлын индрээс АН-ын шинэ дарга ингэж хэллээ.  

         Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна

1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй. Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон журмын нөхөд маань өнөөдөр алга. Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна. Монголын ардчиллыг авч явах хариуцлага, шалгуур ирээд байна. Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна. Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа. Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улстөрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг Ардчилсан намд хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна. Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, ажиллана. Ахмад, залуу, дунд гурван үеийн төлөөллийн хэлхээсийг хангаж, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах болно. Ардчилсан нам шинэчлэгдэхийн хэрээр Монгол улс хөгжинө. Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг Ардчилсан нам авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно. Би Ардчилсан намын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж байна.

                        С.Эрдэнэ:Ардчилсан намын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна

-Намын даргын хийх эхний ажил юу байх вэ?

-Ардчилсан намыг нэг цул болгохын төлөө ажиллана. Нам фракц, бүлэглэлд хуваагдсан, хэрүүл талцалтай, хуваагдсан байдлаас салж, улс орны тэргүүлэгч хүчин болгохын төлөө ажиллана.

-Намын дүрмийн төсөлд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Ардчилсан намын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын дүрмийн өөрчлөлт батлах ёстой. Ингэснээр намын анхан дунд, шатны намын үүрийн дарга нар өөрчлөгдөж эхэлнэ. ҮЗХ отгон хуралдаанаа хийж, их хурлаар хэлэлцэх асуудлаа батлаад албан ёсоор тарсан. ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо нэртэйгээр өөрчилж, 380 төлөөлөгч бүхий бодлогын том хороо байгуулагдана. 338 үүрийн дарга нар, аймаг, хороодын тэргүүлэгчид шинэчлэгдэхээс гадна аймаг, дүүргийн намын дарга нарыг шинээр томилох зэрэг намын шинэчлэлийн хоёр дахь том ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнээс гадна АН-ын дараагийн их хурлаар Үндсэн дүрмийг эцэслэн батална. Энэ хугацаанд Үндсэн дүрэмд хийх зохицуулалт, Үндсэн дүрмийг хийх ажлын хэсэг байгуулж, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцүүлэх шаардлагатай байгаа.

-Намын ерөнхий нарийн бичгийн даргыг хэзээ тодруулах вэ?

-Өнөөдөр үдээс хойш дүрэм батлагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг ярилцана. Дүрэм батлагдсаны дараа намын дарга санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг VII их хурлын төлөөлөгчид сонгоно.

-Намын даргыг сунгаагаар тодруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу намаас нэр дэвшигчийг тавдугаар сарын 1-ээс 7-ны хороонд тодруулах ёстой. Бид энэ хугацаанд бүх гишүүдээс санал авах замаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Бүх гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүнийг намын VIII их хурлаар нууц санал хураалтаар тодруулна. Өөрөөр хэлбэл, хоёр үе шаттайгаар нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: http://news.amjilt.com

Санал болгох

Сэтгэгдэл

top