|

Ж.Гончигсүрэн: Би тахиаг өндөгтэй нь зурчихсан, ээлтэй, өгөөжтэй жил гарна

saikhnaa 2017/02/13 564 0

Ж.Гончигсүрэн: Би тахиаг өндөгтэй нь зурчихсан, ээлтэй, өгөөжтэй жил гарна

 

"Амьдралын тойрог” буландаа Монгол зурхайн "Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн, хамба лам Ж.Гончигсүрэн гуайг урилаа. Монгол зурхай, зурхайн ухааныг шинжлэх ухаанчаар хөгжүүлж яваа цөөхөн хүний нэг нь манай зочин юм. Цөөхөн ч гэж, ер нь бол Д.Тэрбиш, Ж.Гончигсүрэн гуай хоёрыг л зурхайн ухааныг ном ёсоор нь авч яваа гэж бурхны шашныхан хэлдэг юм билээ.

 

Бид зочинтойгоо уулзахаар цаг товлон өнгөрсөн пүрэв гаригт Гэсэр сүмийн хойдох өндөрлөг дэнж дээрх "Түвдэнпэлжээлин” хийдийг зорьсон юм. Сар шинэ дөхсөнийг ч хэлэх үү, хийдэд хөл хөдөлгөөн ихэсчээ.

Нэг давхрын дуганд лам нар ном хурж, сүсэгтэн олон бужигнана. Ж.Гончигсүрэн хамба хийдийнхээ хоёрдугаар давхарт тухалж, зурхайн номоо эргүүлж сууна. Мэнд мэдэлцэж, хэрэг зоригоо учирлан цай унд болсны дараа бидэнд ирэх жилийн цаг улирлын бичгийг бэлэг болгон барив. Тэгээд "Миний ярих юм наана чинь л голдуу бий дээ” гээд тухлав.

Өдийд жирийн олон ч, үзмэрч зурхайчид ч өнгөрч буй жил ямар байсан, ирж буй тахиа жил ямар байх тухай заавал харьцуулан харж, хэлэлцэж байдаг. Муу нүүрт хэмээх бичин жилд хур бороо нь цагтаа буусан, өвс ногоо дэлгэрсэн сайхан жил байсныг Ж.Гончигсүрэн гуай тэмдэглэв. Тэгээд "Сайн, муу жил болох нь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалдаг.

-Тухайлбал, хувь хүн аливаа зүйлдээ хянамгай, анхааралтай байх ёстой. Бие, хэл, сэтгэлээрээ хийсэн бүхнээ хянаж, учир шалтгаан шүтэн барилдлагыг олбол сайхан үр дэлгэрдэг. Эсрэгээр нь муу юм ярих тусам буян барагдана” гэж айлдаж байна.

Монгол түмэн хэдхэн хоногийн дараа XVII жарны гал тахиа жилийг угтана.

"Тахиа жил цагийн байдлыг илтгэсэн үхрийн зургийг шинжвээс биеийн ихэнх хэсэг цагаан буусан. Үүнийг тайлбаас, залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшдөд тааруу. Нийт олны үйлс бүхэн дэвжих боловч, үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт боом өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэнд хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс, ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг болох магадлалтай тул анхаарууштай” хэмээн тэрбээр ирэх жилийн өнгийг айлдлаа.

Мөн энэ нь "Яг ийм муу, сайн үйл болно гэсэн баттай зүйл биш, анхааруулга юм шүү” гэдгийг давхар сануулав. Жил болгон өөрийн гэсэн онцлог нэршилтэй байдаг. Ирж буй гал тахиа жил гэхэд л "Алтан унжлагат” хэмээх гоёхон хийгээд сүрлэг нэртэй. Нэрийн учрыг лавлахад "60 жил өөрийн гэсэн ёгт нэртэй.

Энэ жил алтан унжлагат гэсэн сайхан нэр тохиож байна. Муу жил биш. Үр хөврөл сайтай.Тиймээс бэлгэдлийг бодож цаг улирлын бичигтээ би өндөг зурчихсан байгаа биз /инээв/. Алтан гахай жил гарахад хүн бүр бэлгэшээж, үр сад олонтой болсон. Энэ жил ч мөн адил, үр хүүхэдтэй болоход ээлтэй жил” гэлээ.

Харин нийгэм, улс орны амьдрал, ялангуяа улс төр энэ жил хэрхэхийг сонирхоход "Аль ч зүйл эзнээсээ л шалтгаалдаг. Ямар гариг, од эрхэс эрхшээж байгаагаас шалтгаалдаг. Гэрийн эзэн ямар байхаас тэр айлын өөдтэй өнгөтэй байх нь хамаарна гэсэн үг. Үүнтэй л адил төр, засгийн удирдагчаас улс орон хамаарна” хэмээн хариуллаа.
 
Тэрбээр Cap шинийн утга учир, уламжлалын тухайд "Гол утга нь монголчуудын нас нэмсний баяр юм шүү дээ. Хоёрдугаарт, ах дүүсийн баяр. Хэн нь хэдэн нас хүрч, ам бүл нэмэгдэж байгааг энэ өдрөөр хамгийн ахмад настныдаа цуглаж мэдэцгээдэг. Түүнчлэн уламжлалт зан заншлаа сургах ач холбогдолтой юм. Идээгээ яаж засах, ууцаа яаж тавих, цайгаа яаж чанах вэ гэсэн уламжлалт зан заншлыг суулгаж өгдөг баяр” хэмээн өгүүлэв.

ДААГА СУРГАЖ БЭЛГЭНД НЬ ДААГА АВДАГ ЖААЛ

Ж.Гончигсүрэн гуай Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Завхан аймаг Монгол орны хамгийн олон хутагт, хувилгаадын өлгий  нутаг. Тэр ч үүднээс Ж.Гончигсүрэн хамбын удамд олон нэртэй лам нар байжээ. Аав, ээж нь ч бага залуудаа нутгийнхаа алдарт Яруугийн хийдэд шавилан сууж шашны боловсрол эзэмшсэн гэнэ. Гэсэн ч цаг үеийнхээ байдлаас улбаалж аав Жамъяншарав нь хийдээ орхин малчин болжээ. Тэднийх ам бүл арвуул. Ж.Гончигсүрэн хамба дөрвөн дүүтэй.

Гэр бүлээрээ нэгдлийн мал маллаж, 1965 онд "Энх сүрэгтэн” болж халзтай гэрээр шагнуулж байж. "Аав, ээж минь ажилсаг хүмүүс байлаа. 500 гаруй бог мал маллаж нэгдлийн даалгаврыг ягштал сайн биелүүлэхийн зэрэгцээ, найман хүүхдээ өсгөх амаргүй. Манайх 13 холбоо хонио өдөрт хоёр удаа саана. Би дүү нартайгаа даага сургана. Тэр үед 30 даага сургавал хариуд нь нэг даага авдаг байсан юм. Бэлэг болгож авсан даагаа өсгөж томруулан малаа малладаг байсан.

Хөдөөний хүүхэд ямар орчинд яаж өсдөг вэ тэр л маягаар өссөн дөө. Цагаан cap болох бүрт ээжийгээ дурсдаг юм. Шинэ сарыг шинэ хувцастай угтана гээд бидний найман ах дүүд жил бүр шинэ дээл хийж өгдөг байж билээ. Тэр үед хөх, ногоон даалимбуу л байсан. Өдөр, шөнөгүй л үйл хатгаж оёж суудаг байлаа” хэмээн тэрбээр хүүхэд насаа дурсав.

ГЕОЛОГИЧООС ЗУРХАЙЧ БОЛСОН ТҮҮХ

Ж.Гончигсүрэн гуай анхны мэргэжил геологич юм байна. Тэрбээр 1972 нд Дархан-Уул аймгийн Политехникийн коллежид элсэн суралцах хуваарь авч нутгаасаа гарчээ. Сургуулиа дүүргээд тухайн үеийн геологийн яамны хуваариар гурван жил гаруй Олон улсын геологийн багт ажилласан байна.

Ирээдүйн ажил, амьдралаа ч геологиор төсөөлдөг байж. Ингээд мэргэжил дээшлүүлж Москвагийн Ломоносовын их сургуульд суралцахаар жил гаруй бэлтгэжээ. Гэвч нэг хичээл дээрээ унаж орхисноос Ломоносовын их сургууль мөрөөдөл болжээ. Багагүй хугацаа зарцуулсан бэлтгэл нь бүтэлгүйтсэн хархүү элдэв зүйл бодож, бүр цэрэгт явахаар хүртэл шийдэж. Xарин Геологийн яамны зүгээс ажлаа үргэлжлүүл гэжээ.

1979 оны хавар түүний хувьд олон ажил, шийдвэр давхацсан үе болж. Ардчиллын Д.Баасан лам Ж.Гончигсүрэн гуайн ойрын хамаатны хүн юм санж. Тэрбээр "Шашны дээд сургууль энэ жил элсэлт авах юм гэнэ лээ” гэж дуулгаснаар бурхан номын үйлд зүтгэх эхлэл тавигджээ. Гэхдээ Шашны дээд сургуульд тийм ч амар суралцсангүй.

Шашны сургуульд тэнцсэн хэдий ч Олон улсын багт ажиллаж буй геологичийг "Улсын ажил цалгардууллаа” хэмээн салбарын яамнаас буруушааж, тухайн үеийн Шашны хэрэг эрхлэх газар руу бичиг цаас шидээд болиулчихаж. Наагуур, цаагуур явж, удаан хөөцөлдсөний эцэст хичээл эхлээд нэг cap болсны дараа Шашны дээд сургуульдаа орж чаджээ.

Тэр тухайгаа "Хичээл эхлээд нэг cap болсны дараа Д.Нацагдоржтойгоо /хамба/ айлын дөрвөн ханатай гэр барьж суугаад нөгөө хэдээ гүйцэж авсан. Бид хоёр Гандангийн тогооч Балдан гэдэг айлын дэргэд буусан юм. Их ч тус хүргэсэн дээ, бидэнд. Бид хоёрыг ном уншихаар хүмүүс их гайхдаг байсан гэдэг.

Хичээлээ гүйцэхийн тулд шөнө номоо уншина. Би 22:00 цагт унтаад 4:00 цагт сэрээд номоо уншина. Д.Нацагдорж дөрвөн цаг хүртэл уншина. Сайн багш нарын ачаар сургуулиа төгссөн. Д.Нацагдорж маань эмийн чиглэл хөөгөөд явсан. Би бодож, бодож багшийнхаа үйлийг залгуулъя гээд зурхайч болохоор шийдсэн.

Монгол зурхайн уламжлалт ухааныг судалсан үед байсан хэдхэн хөгшин үлдсэн дээ. Багш, шавийн барилдлага тасрахад ойрхон байсан. Ганданд гэхэд л миний ганц багш, Булган, Завханд бас ганц ганц хүн л үлдсэн. Тэгээд багшийг дагаж зурхайн ухааныг судалж, өвлөж, цааш дамжуулан үлдээх юмсан, сайн багш нарын сургаалыг таслахгүй авч явах юмсан гэсэн зорилгоор 2008 онд Түвдэнпэлжээлин хийдээ байгуулсан юм” гэв.

Ж.Гончигсүрэн гуай Шашны дээд сургуулийг дүүргээд Гандантэгчинлэн хийдэд 10 гаруй жил суусан хүн. Түүний дараагаар Энэтхэгт Далай багшийн Дүйнхэрийн ванд суралцаж эрдэм мэдлэгээ зузаатгасан эрхэм. Одоо бол монгол зурхай судалсан гарын шавь нартай. Энэтхэгт гэхэд 500 гаруй монгол оюутан суралцдагаас 200 гаруй нь Завхан нутгийн уугуул юм байна. Тиймээс түүний багшаасаа өвлөн, хойч үеийнхэнд дамжуулсан зурхайн ухaаныг залгуулаад явах эрдэм чадалтай хүмүүс баттай гарна нь гэдэгт тэрбээр сэтгэл тэнэгэр байгаагаа хуучилж сууна.

ӨГЛӨГ СЭТГЭЛИЙН, НОМЫН, АЙМШИГГҮЙ ГЭЖ ГУРВАН ЯНЗ БАЙДАГ 

Түвдэнпэлжээлин хийдэд бурхны ном, өглөг буян тэр чигээрээ цогцолсон гэж харж болохоор юм. Жил бүрийн цаг улирлын бичгийг эрхлэн гаргахаас гадна сүсэгтэн олонд ном хурж буян үйлдэнэ. Сүсэгтэн олны хувь тооргийн зурхайг ч давхар зурна. Бас тэрбээр монгол зурхайн төв болсон хийдийнхээ үйл ажиллагааг тал бүрт өгөөжтэй, буяны ажлыг хүртээмжтэй, орчин үеийн хүмүүсийн аж амьдралд ойр байлгахад ихэд анхаарсан нь анзаарагдана.

Тухайлбал, хийдийн доод давхарт "Зээ маа” хүүхдийн цэцэрлэг ажилладаг юм байна. 100 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгтээ энэ жилээс үнэ төлбөргүй элсэлт авдаг болжээ. Бас дэргэд нь хүүхдийн болон харшлын эмнэлэг ажилладаг аж. Мөн хийдийн дотор шинэ төрсөн хүүхдийн угаалга, даахь үргээх ёслол үйлддэг "Билэг дэмбэрэл өргөө”-тэй юм билээ. Түвдэнпэлжээлин хийд буян ном хуруулсан хэн бүрийн сэтгэлд нийцэхүйц сайхан тохижилттой юм.

Хийдийн ард бичил цэцэрлэгт хүрээлэн барихаар ажил эхлүүлсэн нь өвлийн улирал учраас түр зогсчээ. Ж.Гончигсүрэн гуай иймэрхүү сүм хийдээс сүсэгтэн олон авч, харж, баясаж болох бүхий л зүйлийг цогцлоохоор хичээж байгаа нь илт.

Хамгийн сайхан сэтгэлийн илэрхийлэл бол өглөг. Өглөг гурван янз байдаг. Сэтгэлийн, номын, аймшиггүй гэж. Бурхан номын үйлд зүтгэж эхэлснээс хойш бусдад өглөг өгөхийг ихэд хичээдэг болсон гэж тэрбээр өгүүлэв. Энэ зүтгэлдээ хүрч олон сайхан бүтээн байгуулалт, үйл хэргийг эхлүүлснийг нь сүсэгтэн олон мэдэх биз ээ. Дээр түүнээс өчүүхэн хэсгийг өгүүлсэн.

Түүнээс гадна зочин маань таван жилийн өмнөөс хаврын дунд сарын  шинийн 15-ныг "Өглөгийн өдөр” хэмээн зарлаж буян үйлддэг болжээ. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооноос тус бүр 10 хүн сонгож цомын өглөг болгож "Ганжуур” хурдаг юм байна. Мөн Түвдэнпэлжээлин хийдэд бүтэн жил хураасан сүсэгтэн олны өглөг болох эд таваар, идээ будааг ядарсан хүмүүст өгдөг. Бусдыг ч ингэж уриалдаг юм байна.

Шинийн 6-нд гэхэд дүүргийнхээ жил нь орж буй настнуудад ном хурдаг. Ахмадууд энэ арга хэмжээг нь уламжлал болгон хүлээдэг болжээ. Ер нь жилийн дөрвөн улиралд нийтэд зориулсан буян номын өглөг хийхийг хичээдэг гэж байна. Энэ нь нэг ёсондоо түүний мөрөөдөл нь ч гэж хэлж болохоор юм.

Хоёр жилийн өмнө Түвдийн Балбад газар хөдлөлт болж хүн ардад нь гамшиг тохиолдсоныг манай уншигчид, нийт монголчууд мартаагүй байх. Энэ үеэр Түвдэнпэлжээлин хийдийнхэн гамшигт нэрвэгдсэн хүүхдэд туслах гэж байгаагаа зарлаж, бусдыг уриалж байв. Энэ ажил нь хэр бүтэмжтэй байсныг лавлахад " Балбаас хүүхэд авчрах тийм ч амар ажил биш юм билээ. Хоёр улсын хооронд яригдах асуудал.

Тиймээс Балбад монгол хүүхдэд, ард түмэнд туслах боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохыг хичээж байна, Түүнээс гадна саяхан би Энэтхэгт нэгэн сайхан арга хэмжээнд оролцоод ирлээ. Тэртээ 2001 онд Ерөнхийлөгч Н.Багабандитай хамт айлчлал хийх үеэр Энэтхэгт монгол хийдийн шав тавьж байсан юм.

Харин энэ жил тэр хийд маань ашиглалтад орж, нээлтэд нь оролцоод ирлээ. Бурхны гэгээрсэн газар Монгол Улс өөрийн гэсэн сүм дуганаа барьж ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Энэтхэг Монголын харилцаа батжихаас гадна бурхны шашны хөгжил, түүнийг дагаад аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломжтой юм.

Ер нь сүүлийн үед өвгөн надад аливаа улс орны аялал жуулчлал шашин, уламжлалт зан үйл дээр ихээхэн тулгуурлаж байгаа нь ажиглагдаж байна. Манай улсын хувьд ч бурхны шашны сүм хийд, туурин дээрээ тулгуурдан аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Энэ тухай аялал жуулчлалын салбарын сайдад дуулгах санаатай байна” хэмээн тэрбээр онцгойлон дурдав.

Дээр өгүүлснээс өгсүүлээд Ж.Гончигсүрэн хамбын бурхан шашны үйлд оруулсан гавьяа зүтгэл, монгол түмнээ зөв амьдралын дадал хэвшилд сургаж, уламжлалт төв соёлоо дээдлэн үр хойчдоо өвлүүлэх, сурталчлахад оруулсан хувь нэмрийг төр, засгаас үнэлж Алган гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Ж.Гончигсүрэн хамбатай хамт Шашны дээд сургуулийг дүүргэсэн нэг төгсөлтийн, нэг ангийн 14 хүнээс өдгөө олонх нь хамба болсон байна. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэгчээр тэдний хэн нь ч эрдэм чадлаа ил гайхуулан ярьсан нь ер үгүй. Манай нийтлэлийн баатар ч гэсэн "Бид нарын сайных биш, багш нарын минь сайных. Бид Шашны дээдийн дөрөв дэх төгсөлт. Мэдээж хамт олны эв нэгдэл, багш нарынхаа үг сургаалыг дагасны ач.

Манай төгсөлтөөс Соёлын гавьяат зүтгэлтэн гэхэд хоёр хүн төрлөө. Би сая Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. Алтан гадас одон авсан. Энэ нь бид зөв замаар явж байгаагийн илрэл. Буяны мөр маань зөв байгаагийн илэрхийлэл болов уу гэж” гэж байна.

Өнөө үед шашны олон урсгал нэвтэрч, монголчуудын уламжлалт бурхны шашны нэр, сүр буураад буй. Энэ тухайд Ж.Гончигсүрэн гуайн санаа бодлыг сонирхоход тэрийг энийг шүтэх ёстой, ийм байх учиртай гэж онцгойлж хэлсэнгүй. Хэрэв тэгэх юм бол бусдад тулгасан болчихно.

Шашин шүтэх нь хүний эрхийн, тухайн хүний итгэл бишрэлийн асуудал. Тиймээс "XXI зууны сүсэгтэн бол шинжлэх ухаантай ямар шашин дүйцэж байгааг харах ёстой гэж Далай багш айлдсан байдаг юм. Жаргалыг эрэлхийлдэг нь бүх шашинд бий. Гагцхүү хүн судлал, шинжлэх ухаан, астрономи, байгаль дэлхийтэйгээ тэрхүү сургаал номлол нь хэрхэн дүйж байгаа мөн чанарыг нь л олж шүтээрэй” хэмээн айлдав. Өөрөөр хэлбэл, түүний үг харьцуулж судлаарай, үүний дараа өөрийн тань итгэл бишрэл заагаад өгнө гэж ойлгогдож байна.

"Амьдралын тойрог” маань энэ хүрээд өндөрлөв. Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн, хамба лам Ж.Гончигсүрэн сүсэгтэн олон, монголчууддаа хандаж "XVII жарны алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ монгол түмэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан орох болтугай” хэмээн ерөөл дэвшүүлснийг уламжилъя. Түүний зурснаар алтан унжлагат гал тахиа жил аз жаргал, баяр хөөр, сайн сайхнаар өндөглөсөн өгөөжтэй жил байх болтугай.

Эх сурвалж: Зууны мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

top