|

ДНБ гэх шүтээн

bayaraa 2015/03/31 1044 0

ДНБ гэх шүтээн

 

 -Ганц тооны төлөө хэтэрхий ихийг золиосолжээ, бид-

 

Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх АНУ бусад улсын хувьд үлгэр дуурайл болж байлаа. Тиймээс ч Монголоос эхлээд маш олон орон Америкийн эдийн засгийн загварыг хуулах гэж оролдсон, оролдсоор ч байгаа. Гэхдээ энэ нь зөв үү? АНУ тийм дуурайгаад байх улс мөн үү? Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц бол үгүй гэж боддог аж.

Арван долоон их наяд ам.долларын эдийн засагтай АНУ бусад улсын атаархлыг төрүүлэх нь аргагүй. Гэвч тэр их баялгийг хэрхэн хуваарилсныг нь харвал тэс өөр дүр зураг тодрох вий.

Энэ улсад баячууд нь улам баяжсан байхад нийгмийн дунд ба түүнээс доод давхаргынхны амьдрал, амьжиргаа илүү сайжирсан юмгүй 40 жил улирчээ. Эдийн засаг нь томрохын хэрээр баян, хоосны ялгаа үлэмж нэмэгдсэн хэрэг. Тиймээс ч ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлэх америкчууд Хүний хөгжлийн индексээр тавдугаарт жагсаж байна. Энэ үзүүлэлтийг тэгш бус байдалтай уялдуулж үзвэл АНУ бүр 23 байраар ухарч, Грекийн ард орж байгааг Ж.Стиглиц онцолжээ. ДНБ гэх үзүүлэлтийг хэт шүтэх нь учир дутагдалтайг тэрбээр сануулаад, ингэснээр АНУ хэдийнээ хэтэрхий их золиос гаргасныг бичсэн байна. "ДНБ хэрхэн өсөж байгааг үл харгалзан, түүний үр өгөөжийг ихэнх иргэд нь хүртэхгүй байвал эдийн засгийн тогтолцоо гажиг байгааг илтгэнэ” хэмээн Ж.Стиглиц тайлбарлажээ.

МОНГОЛЫН "ГАЖИГ ТОГТОЛЦОО”

Харин одоо дээрх тайлбарыг эх орныхоо хөрсөнд буулгая. ДНБ-ий өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч рекорд тогтооход Монгол Улс тун ч удахгүй Азийн дараагийн бар, эсвэл чоно эдийн засагтай болно гэж хөөрч байлаа. Энэ үзүүлэлт 2012, 2013 онд ч хоёр оронтой тоогоо хадгалж үлдсэн байхад Монголын иргэд юу хүртэв?

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргадаг Хүний хөгжлийн индексээр Монгол Улс 187 орноос 103 дугаарт жагссан байна. Манайхаас буурай байхдаа гараагаа эхэлсэн Сингапур хэдийнээ есдүгээрт орж, хүний хөгжлөөр "маш өндөр” орнуудын эгнээнд багтжээ. Хойд хөрш маань 57 дугаарт, урд хөрш маань 91 дүгээрт жагссан ч "өндөр” үнэлгээтэй байна. Харин монгол хүний хөгжил "дунд” гэсэн дүн авч байгаа юм. Эдийн засаг маань гурван жил дараалан хоёр оронтой тоогоор өссөн байхад монгол хүний хөгжил дээшилж шальсангүй.

Бас нэг сонирхолтой судалгаа бий. Манайх ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж байх үед буюу 2012 онд NEF (Шинэ эдийн засгийн сан) Дэлхийн аз жаргалын индексийг гаргасан байдаг. Эл үзүүлэлтээр Коста Рика, Вьетнам ба Колумб эхний гурван байрыг эзэлсэн бол Монгол Улс 151 орноос 145 дугаарт жагсаж байв. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өндөр өсөж байх үед ч иргэд маань "аз жаргалтай” болж чадсангүй.

Тэгэхээр ДНБ-ий өсөлт хэнд нь наалдаад, хэнд нь наалдахгүй үлдээд байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ж.Стиглицийн хэлдгээр, эдийн засгийн өсөлтийг зөвхөн нийгмийн оргилд байх цөөн хүн хувааж хүртсэн байх магадлал өндөр байна. Тухайлбал, Монголоос анх удаа ам.долларын тэрбумтан нэг биш, бүр хоёр тодорсныг "Wealth X” болон "UBS” банкнаас гаргасан "Баячуудын бүртгэл-2014” тайлан харуулсан. Тэгвэл "Чинээлэг байдлын үзүүлэлт”-ийг тооцоолдог "Knight Frank” Монгол Улс хэт чинээлэг хүмүүсийн тооны өсөлтөөр дэлхийд эхний тавд орж байгааг тэмдэглэсэн билээ. Энэ бүхнээс үзэхэд ДНБ-ий өсөлт зөвхөн баячуудад наалдаж, бусдад нь хүртэхгүй байх эдийн засгийн "гажиг тогтолцоо” манайд ч яах аргагүй байгаа юм.

ДНБ-ИЙ ӨСӨЛТ ҮҮ, НИЙГМИЙН ХӨГЖИЛ ҮҮ?

Ингэж асуух нь мэдээж утгагүй л дээ. Эдийн засаг өсөж байж л нийгэм хөгжих үндэс, суурь бий болно. Энэ хоёр нь хоорондоо шууд хамааралтай байдаг гэж бид ойлгодог. Харамсалтай нь бодит байдал үүнийг үгүйсгээд байгаа юм.

Монголын ДНБ-ий хэмжээ сүүлийн 20 жилийн хугацаанд 12 дахин, үүнээс сүүлийн таван жилийн дотор бараг гурав дахин тэлсэн. Үүнийг бид ямар үнээр олж авлаа? Алт, нүүрс авахын тулд газар нутгаа сүйтгэж, уул усаа бохирдуулсан. Амьдралын илүү таатай орчин эрсэн иргэд Улаанбаатартаа төвлөрч, нийслэл маань агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх болсон. Хамгийн гунигтай нь, маш ихийг золиосолж байж олсон ДНБ-ий өсөлтөө бид зөв чиг рүү залж чадсангүй. Төсвийн орлого сүүлийн 10 жилд 10 дахин өссөн байтал бид нийслэлдээ ганц ч ширхэг цахилгаан станц, төрөх эмнэлэг, томоохон номын сан, музей, үзвэрийн газар барьсангүй. Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд өдөр, шөнөгүй дугаарлан зогсоод ч үр дүнг нь үзэхгүй өнгөрч байна. Цэцэрлэг, сургуулийн нэг ангид 40-50 хүүхэд сурч байгаа өнөө цагт хүний хөгжил, нийгмийн хөгжил гэж хэлэхэд ч ичмээр.

Тэгвэл ДНБ-ий өсөлт ба нийгмийн хөгжил нь зарим талаар зөрчилддөг тухай Ж.Стиглиц бичжээ. Өнөөдөр манай уул уурхайн салбар эдийн засгийн зүтгүүр болсныг хэн ч хүлээн зөвшөөрнө. Тиймээс ч эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх хамгийн хялбар арга нь ашигт малтмалаа илүү ихээр олборлож, экспортлох болж таарна. Гэтэл энэ нь байгаль орчин, нийгэмд хохирол учруулах хувилбар билээ. Нөгөө талаас, нийгмээ хөгжүүлэхийн тулд төр, засгаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй. Мөн хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах үүднээс агаар, ус, хөрсний бохирдлыг багасгах чиглэлд мөнгө зарцуулж болох юм. Гэвч ингэснээр ДНБ-ий өсөлтийг эрчимжүүлж чадахгүй. Энэ тохиолдолд ДНБ-ий өсөлтийг ч дэмжиж, нийгмийн хөгжилд ч анхаарч чадсан бодлого хэрэгтэй аж. Эдийн засгийн тогтолцоо гажиг биш, зөв байвал ДНБ өсөхийн хэрээр нийгэм хөгжих учиртай.


ДАХИАД Л ДНБ

Гурван жилийн турш хоёр оронтой тоогоор өссөн ДНБ маань өнгөрсөн онд "ердөө” 7.8 хувиар тэлсэн бол энэ жил бүр агших эрсдэлтэй болов. Сонирхолтой нь, эдийн засгийн өндөр өсөлт иргэдэд нөлөөлж гавьдаггүй хэрнээ буурахдаа тулаад ирэхээр харин ч их нөлөөлдөг аж. Хүмүүсийн орлого багасаж, худалдан авах чадвар буурч, зарим нь ажилгүй болж байна. Энэ байдалд цэг тавихын тулд Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэхээр сэтгэл шулуудав. Юуны түрүүнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэллээ. Тэгээд "Урт нэртэй” хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан 400 гаруй алтны компанид "ногоон” гэрлээр алтаа ухах боломж бүрдүүлж өгөв. Эдгээр компанид Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгох тухай ч ярьж байна. Энэ мэтээр илүү их шороо ухаж байж эдийн засгийн өсөлт маань сэргэх юм гэнэ. Харин нийгмийн хөгжил яах болж байна аа? Засгийн газар "бүсээ чангалах” нэрээр зөвхөн урсгал зардлаа үлдээж, хөрөнгө оруулалтын зардлаа байдгаар нь танасан. Өөрөөр хэлбэл, нийгэмд хэрэгтэй дэд бүтцийн санхүүжилтийг багасгасан. Эрх баригчид дахиад л ДНБ гэх үзүүлэлтийг хэт шүтээд, бусдыг хойш тавьж байна. Гэтэл эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ үед алтны компаниудаас илүүтэй нийгэм хохирч байгаа шүү дээ. Энэ үед монголчуудын хэлдгээр "эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй” авч гарах бодлого хэрэгтэй. Тэр нь юу байж болох вэ?

Дэлхийн олон орон бидэнтэй адил зовлон амсаж байгаа. Эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд улс орнуудын Төв банк толгой дараалан мөнгөний бодлогоо зөөллөж байна. Ингэснээр бизнес эрхлэгчид мөнгөтэй болж, ажлын байрыг нэмдэггүй юмаа гэхэд хадгалж үлдэнэ. Гэвч эдийн засгийн бэрхшээлийг ганц мөнгөний бодлогоор давж чадахгүйг "Roubini Global Economics”-ийн тэргүүн, эдийн засагч Нуриэль Рубини онцолжээ. Улс орнуудын Засгийн газар ч зардлаа нэмж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа тэлж байж үр дүнд хүрэхийг тэрбээр онцолсон байна.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг агших эрсдэлтэй болсон үед хувийн хэвшлийнхнийг мөнгөний зөөлөн бодлогоор дэмжиж байх нь. Нөгөө талд, төсвийн ухаалаг бодлогоор нийгэмд хэрэгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай ажээ. Ингэснээр ДНБ ч өсөж, нийгэм ч хөгжих зөв тогтолцоо бий болох юм. Тэгвэл манай урд хөрш яг энэ замаар явж байна. Тус улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа учраас Төв банк нь хоёр ч удаа бодлогын хүүгээ бууруулж, мөн банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг багасгасан. Харин Засгийн газар нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмж байна. Тиймээс энэ онд тус улсын төсвийн алдагдал тэлж, ДНБ-ийхээ 2.3 хувьд хүрэх төлөвтэй.

Харин Монголд яг эсрэг бодлого хэрэгжүүлж байна. Эдийн засаг агших эрсдэлтэй болчхоод байхад Төв банк мөнгөө хумих бодлого барьж байгаа. Харин Засгийн газар хэмнэж байгаа нь энэ гээд хөрөнгө оруулалтын зардлыг үндсэнд нь үгүй хийсэн. Гэтэл төсвийн зардлын 20 хүрэхгүй хувийг л хөрөнгө оруулалт эзэлж байгаа шүү дээ. "Хэмнэлтийн горим”-оо бүр ч чангалах шаардлагатайг Сангийн сайд нь яриад явж байна. Энэ байдлаар бол бид ДНБ-ий өсөлт ч үгүй, нийгмийн хөгжил ч үгүй хоцрох нь.

 Д.Мөнхчимэг

Засгийн газрын мэдээ


Санал болгох

Сэтгэгдэл

top