|

НЭРТ ХЭЛ ШИНЖЛЭГЧ, ЭРДЭМТЭН С.ЛУВСАНВАНДАНГИЙН УУГАН ХҮҮ Л.БОЛД

tonshuul 2017/03/14 667 0
 
 

Монголын бизнесмэнүүдийг өнгөлж олон шинэ салбарт хөрөнгө оруулсан эрхэм бол яахын аргагүй Л. Болд. Ардчилсан хувьсгалд оролцож өдгөө ч төр түшилцэж яваа энэ эрхэм Боловсролын хуулийг өлгийдөн авсан байдаг.

Монголын анхны сэхээтэн гэр бүлд төрж, өсч торнисон түүний хүүхэд нас 40 мянгатад өргөрсөнийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Эрдэмтэн аавынхаа нөлөөгөөр багаасаа номонд хорхойсон шимтэн уншиж сурсан тэрээр ХБНГУ-ын Бернаугийн Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн дээд сургуулийг дүүргэсэн. Эрдэмтний хүү Л.Болд эрдэм номын мөр хөөхөөр төлөвлөж байсан ч зах зээлийн үед арилжаа наймаа руу халтирч орсноор өдгөө Монголын баячуудын тоонд нэлээд дээгүүр эрэмбэлэгддэг. Түүний эхлүүлсэн бизнес нь банк санхүү, даатгал, мэдээллийн технологи, барилга, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр зуучлал зэрэг олон салбарт анхдагч болж чадсан юм.

Түүний бизнесийн түүх оюутан ахуй үеэс нь эхэлсэн. Хоёр Германы хооронд гүц, савхин хүрэм зарж арилжаа наймаа хийх арга барилаа олж авчээ. Угаасаа тухайн үед гадаадад сурч байсан оюутан бүр бага сага наймаа эрхэлж байсан нь өдгөөгийн олон бизнесмэнүүдийн хувьд эхлэл байв. Л.Болдын хувьд наймаа хийж үзээд болмоор санагдаж, Германаас компьютер оруулж ирэх санаа төржээ. Харин тухайн үед томхон хөдлөхөд хүрэлцэхүйц мөнгө байсангүй. Ингээд ойр тойрныхоо хүмүүсээс мөнгө зээлж 2000-5000 доллартой болсон гэж ярьдаг. Харин 1993 онд Германы Siemens компанитай холбоо тогтоож зээлээр компьютер оруулж ирэх боломж нээгджээ. Үнэхээр нүдээ олсон бизнес байлаа. Мэдээж манайд шинэ бизнес байсан учраас хөрөнгө оруулалт татахаас эхлээд хил гаалиар оруулж ирэхэд хүндрэл бэрхшээл бишгүй тохионо. Тэр бүрд шантралгүй зүтгэж байгууллагуудаар явж захиалгаа авдаг байж. Бас болоогүй зээлээр авсан компьютерийнхээ мөнгийг төлөх хооронд бордоо, гүрж ногоон цай зарж мөнгөө 2-3 эргэлдүүлнэ. Зарим үед цөм шатаж, орж ирэх үедээ мөнгө бөөн бөөнөөрөө орж ирдэг байсан гэдэг. Амжилт олохын хэрээр шинэ салбарт орохыг хүснэ. Ингээд аав, ээж хоёрынхоо 1989 онд байгуулсан "Бодь” хоршоод түшиглэн найз нарынхаа хамт "Бодь интернэшнл” компаниа байгуулж. Тэрээр цаашид өөр салбарт хүч үзэх ёстойг ойлгож байв. Хэдийгээр эрсдэл ихтэй ч ирээдүйд үр ашигтай байхыг нь харж санхүүгийн салбарт орохоор шийдэн хувийн банк байгуулахаар зориг шулуудав. Мэдээж ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс тухайн үед Германд сурч байсан бага дүү Л.Болдхуягтаа хөрөнгө оруулагч олох хүндхэн даалгавар өгчээ. Ахынхаа даалгаврыг биелүүлэхээр уйгагүй хөөцөлдсөний эцэст Коммерц банкны захиралтай уулзаж, зээл авсан байна. Ийнхүү 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр анхны хувийн Голомт банк дөрвөн ажилтан, 436 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдлаа. Олон улсын банк санхүүгийн салбарт хэдийнэ хэрэгжсэн ч монголчуудын мэддэггүй байсан олон үйлчилгээг Голомт банк анх удаа нэвтрүүлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.

Түүний дараа 1996 онд Бодь даатгал ХХК-аа байгуулсан нь энэ салбарт мөн л шинэлэг зүйл байлаа. Тус компани нийт 50 гаруй төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг бгөөд даатгалын зах зээлийн 25 хувийг эзэлдэг аж. Дараа жил нь буюу 1997 онд Автомашины худалдаа, үйлчилгээний Бодь Автомотив ХХК-наа байгуулж Toyota, Isuzu, Skoda брэндийн албан ёсны дистрибьютер болжээ. Жил бүр шахам өөр өөр салбарт хөрөнгө оруулалт хийсээр байв. 2003-2005 онд Монголд анх удаа intelligent building ангиллын Бодь цамхагаа солонгосоос хөрөнгө оруулалт татаж сүндүүрлэсэн нь мөн л иж бүрэн компьютержсэн орчин үеийн барилга байлаа. Уг цамхагаа аавынхаа 70 насны ойд зориулсан аж. Үүнээс өмнө 1997 онд Барилгын гүйцэтгэл хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх Бодь Пропертийз ХХК-аа байгуулж 50 сая долларын өртгөөр босох 25 давхар цамхаг байгуулахаар хөрөнгө оруулагчидтай тохролцсон байсан ч тухайн үеийн хотын удирдлагуудын шахаанд орж бодит биелэл болгож чадаагүй юм.

Түүний дараа орчин үеийн шийдэлтэй Голомт, Шинэ төгөл хотхоноо сүндэрлүүлсэн нь одоогийн тансаг зэрэглэлийн орчин үеийн барилгын эхлэл болсон гэхэд дэгсдүүлсэн хэрэг лав болохгүй. Мөн 2001 онд "Сар Шинэ интернэшнл” ББСБ, 2003 онд "Мөнгөн гүүр”, ББСБ -уудыг байгуулсан. Түүнчлэн 2006 онд үл хөдлөх хөрөнгийн менежментийн "Просетрийл Эстейт” ХХК, Бодь Электроникс ХХК, "Евро-Хан” ХХК, барилгын салбарын Мон Си Кон ХХК, "Инкон” ХХК зэргийг дурдаж болохоор байна. 2011 онд Монголын агаарын тээврийн дөрөв дэх компани болон байгуулагдсан "Монголиан Эйрлайнес” группийн 100 хувийн хувьцааг Л.Болдын "Бодь интернэйшнл” ХХК шилжүүлж авсан гэдэг.

"Гэнэтийн их бэлэн мөнгөнөөс хөндий байх дуртай. Нэг ч өмч хувьчлалд оролцоогүй” хэмээн өөрийгөө тодорхойлох Л.Болд архи, тамхи, уул уурхайн салбарт хэзээ ч орохгүй гэсэн бизнесийн зарчим баримталдгаа нэгэнтээ хэлсэн удаатай. Өнөөг хүртэл олонд сайн муу хэлүүлж, бартаа нугачааг туулан явахдаа , Баабарыг сангийн сайд, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед Сэргээн босголт банкийг Голомт банктай нэгтгэж багагүй хэл ам дагуулж байсан. Харин тэрээр энэ үеийг

"Тийм шударга бус, ухвар мөчид явдлыг гаднаас нь харж, өмнөөс нь шаналж явсан минь үнэн. Хоёр банкыг нэгтгэхэд миний оролцоо байгаагүй. Хэрэв хоёр банкыг нэгтгээгүй бол СББ-нд ажиллаж байсан 800 гаруй хүний ажлын байр хэвээр үлдэж улс 6 тэрбус төгрөг алдахгүй байсан. Шууд бус хохирлоор тухайн үед Голомт банк 2 тэрбум төгрөг алдсан”- Л.БОЛД
 гэж хариулсан байдаг.

 

Хэдийгээр бизнесээ хөндийрч улстөрд хүчин зүтгэж яваа түүний бизнесийн оргилд хүрсэн амжилтын түүх нь зориг хатуужил, чин хүсэл, хөдөлмөрт орших биз ээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top