|

“Голомт”-ын Д.Баясгалан шимтгэл тутмын зөрүү 4700 төгрөгөөрөө юу хийдэг вэ?

bayaraa 2015/01/09 1424 1

“Голомт”-ын Д.Баясгалан шимтгэл тутмын зөрүү 4700 төгрөгөөрөө юу хийдэг вэ? Факт байна, хаана гэж үү? "Голомт” банкны иргэдэд хүргэдэг үйлчилгээнд. Тэр фактыг ярихаасаа өмнө "голомт” гэдэг үгийг ухаж төнхөж үзмээр санагдав. Гал голомт, голомт залгах үр, голомтоо сахиж үлдэх гээд залгамж чанартай, нэлээд "Бодь” сонстоно.

Аа, бас "өвчний голомт”, "муу муухайн үүр уурхай, голомт” гээд "Бодь бус” сонстох ч тал их бий. "Голомт” банк ч нэрнийхээ "Бодь бус” талыг дагаад "Саар, шулаач үйлчилгээний голомт” болж хувирсныг банк хоорондын шилжүүлэг хийлгэхээр теллерт нь хандаад 5000 төгрөг нэхүүлж байж мэдэж авав. Нэг сая гаруй төгрөг өдөр тутам хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар нь гүйлгээ хийж байдаг банкны хувьд их хэмжээтэй мөнгөн дүнтэй гүйлгээнд тооцогдохоо болиод удаж буй. Үйлчлүүлэгч банк хооронд нэг сая гаруй төгрөгний гүйлгээ хийхэд бусад банк 300 төгрөгний шимтгэл авч байна. Гэвч "Голомт” банк ийм гүйлгээг 5000 төгрөгөөр хийж байна. "Голомт” банкны "Моннис” цамхаг дахь салбарын теллер үйлчилгээний шимтгэлд 5000 төгрөг нэхсэн шалтгаанаа "Манай дотоод дүрэмд ингэдэг” гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй байна. Энэ цамхаг дотор хоёр банк бий.

Тавхан алхмын зайтай ХХБ-нд яг ижил үйлчилгээг 300 төгрөгөөр үзүүлж байхад яагаад заавал 4700 төгрөг илүү төлж "Голомт”-ыг сонгох ёстой гэж. Монгол хүн элдэв өвчин эмгэгтэй газраар явдаггүй, голомтот газраас дайжиж холуур тойрдог. Тийм газарт хүн ч ойртуулдаггүй, голомтыг ариутгаж цэвэрлэж, эрүүлжүүлж байж оруулж гаргадаг хууль журамтай улс. Ийм ард түмэн "шулах үйлчилгээний голомт”-оос ч тойрохыг хүснэ. Тэгж байж халаасан дахиа хэмнэж чадна.

Харин "Шулаач голомт”-ын голд суугаа Д.Баясгалан захирал энэ хачин дүрэм журмаа эргэж харахгүй бол хэцүү еэ. Та ер нь шимтгэл тутмын зөрүү 4700 төгрөгөөрөө юу хийдгээ сонирхуулбал яасийм. Тэгээд нөгөө чихэнд чинь "шивнэж” хов дуулгахад танай теллерүүдийн арваад жилийн өмнө үйлчилгээндээ нэвтрүүлж рекламдаад байсан "смайл” хаачсан бэ?

"Бодь интернэшнл” удирдлагуудынхаа нэр хүндийг сэвтэх нь хэмээн сандарч, сар гаруйн өмнө хэвлэлийнхэнд "Албан захидал” нэртэй цаас барин гүйцгээсэн. Түүнийгээ гардуулж гар хөлийн үсэг ч зуруулж сүржигнэсэн. Доодох "но”-гоо засч чадахгүй байж дээдэх "но”-гоо хичнээн далдлаад нэмэргүй. Суурь муутай дээдэх нэг л өдөр нурж унана.

Танай 2013 оны 2 сарын 6-ны өдрийн 02/52 тоот албан захидал тэр чигээрээ сэтгүүлчдэд ажлыг нь заасан нот бичиг болсон байсан. Түүний хамгийн сүүлчийн өгүүлбэрт дурдагдсан "Та бүхнийг хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээ мэдээллээр хангах үүргийнхээ хүрээнд сэтгүүлчдийн ёс зүйг баримтлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсний дагуу бид "шулаач голомт”-ын талаар иргэдэд бодит үнэнийг мэдээлэх үүргээ биелүүлж ийнхүү мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MASS.MN   Б.Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top