|

Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлнэ

bayaraa 2015/01/09 4570 575
Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлнэ Манай аймгийн иргэдийн 50 гаруй хувь нийтийн тээврийн үйлчилгээгээр өдөр тутамдаа үйлчлүүлдэг. Аймгийн хэмжээнд нийтдээ 800 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. 2014 онд том оврын автобус явж эхэлсэн. Гэхдээ энэ үйлчилгээнд иргэд тийм ч таатай бус хандаж ирсэн юм. Тухайлбал Их залуу багийн чиглэлд урдуур, хойгуур гэсэн маршрутаар явж байгаа автобусны үйлчилгээг иргэдийн гомдол саналын дагуу нэг чиглэлийг зогсоож бага оврын автобус явуулж байна. Энэ нь 2-р сар хүртэл үргэлжлэх гэнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа жолооч, кондукторуудын харилцааны соёл, хүлээгдэл чирэгдэл ихтэй, ажил сургуулиас хоцрох нь хэвийн үзэгдэл хэмээн иргэд илэрхийллээ. Аймгийн нийтийн тээврийн үйлчилгээний бодлого чиглэлийг тодорхойлон ажилладаг тээвэр авто замын газраас 1-р сард нийслэл хотын нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлт, шинэчлэлт өөрчлөлтийг хэрхэн хийх вэ? гэсэн агуулгын хүрээнд сургалт зохион байгуулахаар болжээ.

Энэ үйл ажиллагаанд аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нийт ААН-үүдийг хамруулах юм байна.Батлагдсан төлөвлөлтөөр манай аймагт нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэл байдаг. Энэ салбарт төрөөс нөхөн олговор олгохтой холбогдуулан эдгээр 6 чиглэлд буюу Тосгон, Эрдэнэ баг, хорооллын эцэс рүү шинээр дунд, их багтаамжийн автобус явуулахаар төлөвлөжээ.

Орон нутгийн төсөвт нөхөн олговорын 830 сая төгрөг тусгагдсан байна. Энэ нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт гэдгийг хэлсэн юм.Цаашдаа нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох, шинэчлэх ажлын хүрээнд тээврийн хэрэгслийг ухаалаг систем рүү чиглүүлж ажиллах гэнэ. Тодруулбал төлбөрийн ухаалаг систем болох смарт системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
эх сурвалж: erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top